Нэгдсэн Үндэстний Байгууллага 1991 онд анх “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг санаачлан эхлүүлснээс хойш эдүгээ 187 улс орон энэхүү аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл тэмдэглэн өнгөрүүлдэг.
Монгол Улс 26 дахь жилдээ жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, жендэрт суурилсан аливаа ялгаварлан гадуурхалт, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, энэ төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг “Хүндлэл-Хамгийн тод гэрэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газар нэгдэж, НҮБ-ын Хүн амын сан руу дээрх 16 хоногийн аяныг зохион байгуулах саналаа хүргүүлсэн. Үүнд: Сургуулийн өмнөх нас болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оюуны хөрөнгө оруулалтад анхаарал хандуулж, боловсролын салбарыг энэхүү аян арга хэмжээнд татан оролцуулах, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бага нас, насанд хүрээгүй хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан хичээлийн программд нэмэлт хөгжүүлэлт оруулах талаар 3 санал боловсруулж, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд хүргүүлж, хамтран ажиллах болсон. Мөн охид, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, иргэдэд үйл ажиллагаагаа шуурхай хүргэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах ажлыг хэрэгжүүлж, шинэ инноваци үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэнээрээ өмнөх жилүүдээс онцлог ажил болж байна. Тухайлбал: Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс” төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж, эхний ээлжид Чингэлтэй дүүргийн тодорхой хороодод амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан.
“Хүндлэл-Хамгийн тод гэрэл” аяны хугацаанд Сүхбаатар дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “Партизаны гудамж”-ийг тухай орчинд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэгтэйгээр анхны иргэдийн аюулгүй байдлыг хангасан “Ногоон гудамж” бий болгох дэд төслийг боловсруулж, хэрэгжүүлсэн. Энэ гудамж нь уртаашаа 240, өргөөшөө 80 метр, нийт 4.2 га талбайг хамардаг бөгөөд Авилгатай тэмцэх газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн Прокурорын газар, Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, 1 дүгээр цэцэрлэг зэрэг төрийн байгууллагаас гадна хувийн хэвшлийн 15 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг харьцангуй хөл хөдөлгөөнтэй гудамжид Монгол Улсын стандарт “Теле хяналтын системийн ерөнхий шаардлага MNS 6423:2019”-ыг хангуулж, шинээр 26 ширхэг телехяналтын камер суурилуулж, үйл ажиллагааг жигдрүүлээд байна. Өнөөдөр энэ гудамжинд нийт 44 телехяналтын камер ажиллаж байна. Эдгээр телекамерууд бүрэн ажиллаж эхэлснээр Ерөнхий боловсролын сургуулийн 760, цэцэрлэгийн 640, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжүүдээр өдөрт үйлчлүүлж байгаа 2.0 мянга орчим иргэдийн аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ, тухайн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэх юм.
Мөн Ерөнхий боловсролын сургуулийн орчинд хүүхдийг зам тээврийн осолд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхэд байрлах Ерөнхий боловсролын 102 дугаар сургууль орчмын 50 метр замд “Анхааруулга бүхий шар бүс”-ийг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас санаачлан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр байгуулсан. Гадны орны туршлага буюу Бүгд Найрамдах Солонгос Улсад 2015 онд сургуулийн орчмын уулзвар, гарц дээр зам хөндлөн гарахаар хүлээж байгаа хүүхдүүдийг жолооч нар анзаардаггүй “Сохор цэг"-ийг тодорхойлж, түүний дагуу жолооч нарт эдгээр сохор цэгүүдэд хүүхдүүдийг амархан харагдуулахын тулд "Шар бүс" байгуулах ажлыг эхлүүлж байсан бөгөөд сохор бүсүүдийг тод шар өнгөөр будсанаар гудамж, зам хөндлөн гарахаар зогсож байгаа хүүхдүүдийг жолооч харж зам тавьж өгдөг болсон бөгөөд хүүхэд осолд өртсөн тохиолдол буурсан тул энэ ажлыг тус улсад хэрэгжүүлэн ажиллаж байна. "Шар бүс"-ийг бий болгосноор хүүхдийг зам тээврийн осолд өртөх эрсдэлээс хамгаалах, жолооч нарын сонор сэрэмж дээшлэх зэрэг ач холбогдолтой.
Цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн “ECS” программд шинэчлэлт хийсэн. Цагдаагийн байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн хүрээнд дуудлага, мэдээллийн “ECS” систем болон бусад мэдээллийн санг шинэчлэх ажлыг үе шаттай хийсээр ирсэн. Энэ удаад иргэний регистрийн дугаарыг дуудлага, мэдээлэл дээр газар дээр нь очиж ажилладаг эргүүлийн цагдаагийн алба хаагч, түүнд хяналт тавьдаг дарга, ахлахуудын ашигладаг албаны таблет төхөөрөмж, компьютерт нь шууд холбож өгснөөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн өмнөх түүх, дуудлага, мэдээллийн давтамж, хүчирхийлэл үйлдэгч, хохирогч, тэдний гэр бүлийн боломжит бүхий л хувийн болон хэрэг, зөрчлийн мэдээллийг ганц хоёрхон сонголтоор дарж гаргаж ирэх боломжтой болсноороо онцлог юм. Замын цагдаагийн алба хаагч нар тээврийн хэрэгслийг зогсоож регистрийн дугаарыг нь асууж таблетаар шүүгээд өмнө нь арга хэмжээ авагдаж байсан эсэх, жолооны үнэмлэх нь хүчинтэй эсэхийг газар дээр нь шалгадаг болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн.
Яг үүнтэй ижил Монгол Улсын ямар ч иргэний регистрийн дугаараар тухайн иргэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл, өргөдөл, гомдол, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан эсэх, шүүхээр ял шийтгүүлээгүй ч Цагдаагийн байгууллагад дуудагдаж, шалгагдаж гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй гэж тухайн асуудал нь хаагдаж байсан эсэх тэр байтугай тухайн иргэн галт зэвсэг эзэмшдэг эсэх бүхий л мэдээллийг нэг дор авах боломжтой болж байгаагаараа онцлог. Нөгөө талаар энэхүү программыг хувийн сонирхлоор ашиглаж болзошгүй гэх шүүмжлэл ирж магадгүй. Тэгвэл ЦЕГ-ын кибер аюулгүй байдал, программ хангамжийн хяналт хариуцсан алба хаагчид дуудлага, мэдээллийн “ECS” программын аюулгүй байдалд байнгын хяналт тавих зохион байгуулалтын арга хэмжээ авч чадсан. Энэхүү дуудлага, мэдээллийн “ECS” программд нэвтэрсэн тохиолдол бүрд “Лог” буюу хэн, хэзээ, хаанаас хэрхэн яаж нэвтэрсэн, ямар мэдээллийг шүүсэн гэх мэт бүх мэдээлэл давхар бүртгэгдэж байдаг, энэ нь иргэний мэдээллийг хувийн зорилгод ашиглах ямар нэгэн эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж чадаж байна гэсэн үг юм. Дуудлага, мэдээллийн “ECS” программын шинэчлэлийн хамгийн чухал ач холбогдол нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдийн регистрийн дугаараар шууд мэдээлэл авдаг болсон ба энэ нь Монгол гэр бүл, тухайн гэр бүл дотор байгаа хүүхдийн дахин дахин хүчирхийлэлд өртөх эрсдэлийг бууруулах, цагдаагийн алба хаагчаас богино хугацаанд оновчтой зөв шийдвэр гаргах, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд ямар нэгэн шийтгэлгүй өнгөрөх явдлаас сэргийлэх, хууль зөрчсөн үйлдэл бүрийг мэдээллийн санд бүрэн гүйцэд бүртгэж, хариуцлага заавал байх хуулийн зарчмыг хэрэгжүүлэх, Монгол гэр бүлийн амар тайван аюулгүй байдлын төлөө хийгдсэн ажил юм.
Иргэдийн зүгээс хэрэв таны ойр тойрны тань хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн бол 102, 107, 108 дугаарын утсанд мэдээлээрэй, хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх үйлчилгээний дугаарууд танд 24 цаг нээлттэй. /107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл; 102 Цагдаагийн дуудлага; 108 Хүүхдийн тусламжийн утас/
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг уриалж байна.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ