surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Цунами цаашаа сонсгол болох нь...

Цунами цаашаа сонсгол болох нь...

Б.Энхбаяр: Сонсголын хоёрдахь шат жинхэнэ утгаараа цунами болно доо ...

Нүүрсний сонсголын эхний шат дуулиан, шуугиантайгаар өндөрлөсөн бол  хоёрдахь шат цунами болно гэсэн нь тодорхой байна. Эхний шатанд 175 гэрч дуудаж, 201 нь ирсэн бол энэ удаад 300 орчим гэрчийг дуудаж, тэр дунд МАН, АН-ын лидерүүд багтжээ. Нүүрсний хэрэгт холбоотой гэсэн мэдээллийг эрс эсэргүүцэж байсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбасгалан, Хотын мээр асан Д.Сумъяабазар, Ж.Батбаясгалангаас гадна Л.Оюун-Эрдэнийн танхимын голлох салбарын сайд нар ч багтжээ. Тухайлбал, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нар гэрчээр дуудагдсан бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг энэ удаад ч дуудлаа. Хөгжлийн банкны сонсголд өмнө тэрбээр гэрчээр ирсэн ч сонсгол даргалагчийг зандарч, сургааль айлдаж, сонсгол даргалагч Б.Энхбаяр пялдагдлаа гэх шүүмжлэлд өртсөн.  Энэ удаад хэрхэн аяглахыг харах л үлдлээ. АН-ынхныг “Нүүрсний” сонсголд дуудаж, сөрөг хүчнээ намнах, харлуулах гэлээ хэмээн хэл ам хийж суусан АН-ын нөхдөд Б.Энхбаяр сайд “Хоёрдахь шатны сонсголд манай намынхан олноороо дуудагдана. Жинхэнэ утгаараа цунами болно доо” гэж байсан. Үнэндээ л гэрчээр дуудагдсан нөхдөөс харвал цунами цаашаа сонсгол болох нь ээ. Гэрч нарыг харвал, тэр, энэ нам гэсэнгүй. Том, жижиг гэж ялгаварласангүй. Нүүрстэй нэр нь холбогдсон, хардаж байсан эрхмүүд ч багтжээ. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Нүүрсний хулгайтай тэмцэх  амархан биш. Уул уурхайг тойрсон мананг арилгахаар Засгийн газар тэмцсээр ирсэн. Цаашид ч тэмцсээр болно. Нүүрсний хулгайчдын ятгалагт автахгүй тэмцэж чадна гэдэгт иргэддээ итгэж байна. Эрх ашгаа хөндүүлж байгаа олон эрх мэдэлтний ятгалагт орохгүй гэдэгт Ерөнхий сайдын хувьд би итгэж байна. Тиймээс бид нэг зүйлийн төлөө хамт зүтгэж, нэгдэх хэрэгтэй. Ингэж байж үр дүнд хүрнэ. Монголын ард түмэн хулгай хийж байгаа хүмүүсийн идэш болох ёсгүй. Засгийн газар бүхий л талаар эрх ашигтнуудыг илрүүлэх ажлыг дэмжинэ. Ордон дотор болон ордны гаднаас хүч хавсарч байж асуудлыг шийдвэрлэнэ. Тэгэхээр иргэд та бүхэн асуудлын гол мөн чанарыг харж байгаа гэж найдаж байна. Өнөөдрийг хүртэлх тэмцэл амар байгаагүй. Одоо тогтсон шударга бус тогтолцоог нурааж байж дараагийн шинэ 30 жил бий болно. Засгийн газар асуудлыг шийдэж чадаж байгаа. Хэрэв би нүүрсний хулгайн асуудалтай тэмцээгүй бол өмнөх тэмцлүүдийг ч хийхгүй байсан. Л.Оюун-Эрдэнэ миний бие Засгийн газар, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч нүүрсний хулгайн асуудлыг гаргаж, ард нь гарах болно” гэж байв. Түүний хувьд “Нүүрсний” сонсголд тэр, энэ гэж ялгахгүйгээр дууд. Нүүрстэй холбогдсон албан тушаалтнуудын толгойг илэх хэрэггүй гэдгийг сонсгол даргалагчид анхнаас нь л хэлсэн. Өдгөө ч энэ үгэндээ бат зогсож байгаа гэв. Хоёрдахь шатны сонсголоор үүнээс дутахгүй баримт, нотолгоо гарч ирэх нь лавтай. Хамгийн гол нь Эрдэнэс Тавантолгойн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хэн хэдэн хүрз нүүрс зөөснийг, хэн хэдэн машинаар хилээр нүүрс зөөвөрлөж байсныг, нүүрсний бүлэглэлийн ард хэн байсныг, хэн гэгч үүрэг даалгавар өгч суусныг нэгбүрчлэн тоочно. Гол нь миний гэр бүлийг хамгаалалтад авахыг хүсье хэмээн анхан шатны шүүх хуралдааны явцад хэлж байсан. Хамгаалалт хүснэ гэдэг нийгмийг цочроох хэмжээний, томоохон эрх мэдэлтний талаарх мэдээллийг бүлэглэлийг задална гэсэн үг. Б.Ганхуягийн хувьд дөрвөн өдөр үргэлжлэх нүүрсний хоёрдахь шатны сонсголын гурван өдөрт нь гэрчээр дуудагдаад буй юм. Түүнийг далд нууц, дуулиан шуугиант баримт, нотолгоо задална хэмээн итгэж, “Нүүрсний” соснголыг хоёр үе шаттайгаар олон хоног хийсний томоохон үр дүн, зангилаа  эндээс гарна хэмээн найдаж хүлээгсэд олон байна.

С.НОМИН

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1