surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Төв Азийн усны хямрал

Төв Азийн усны хямрал

Төв Ази 2023 оны туршид  уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хурцадмал сорилттой тэмцэв. Цаг агаарын таагүй байдал хөдөө аж ахуйн практикт нөлөөлж, мөсөн голууд хайлах зэрэг нь усны нөөцийг басгасан зэргээр бүс нутгийн хувьд онцгой сорилттой жил байлаа.

Тухайлбал, 2023 оны зуны дундуур Туркменистан нийслэл дэх усан оргилууруудыг усгүй гэсэн шалтгаанаар хаажээ. Тус улсын бусад бүс нутагт нутгийн иргэд  цэвэр усны тогтворгүй нөөцтэй байнга тэмцэж, хэдэн долоо хоног цэвэр усгүй амьдарч, багасаж буй санхүүгийн эх үүсвэрээрээ ус худалдаж авахаас өөр аргагүйд хүрчээ.

Каспийн тэнгисийн усны түвшин 2023 оны зургадугаар сард  маш доод түвшинд хүрсэн тул Казахстан Актау хотод онц байдал зарласан. Улмаар өнгөрсөн долдугаар сард Астана хотын оршин суугчид хотын төвд гэнэтийн жагсаал зохион байгуулахдаа "Бидэнд ус өгөөч!" гэж хашгирч байв.

Киргизстан, Узбекистан ч нөхцөл байдалс ялгаагүй байлаа. Зуны улиралд Бишкек хотын оршин суугчид жижиг хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулж, хотын захиргаанаас машин угаалгын газар, усан бассейн, халуун усны газар зэргийг хориглосон. Узбекистанд цэвэр усны үнэ зарим бүс нутагт хоёр дахин нэмэгджээ.

Түүнчлэн Монгол Улсад сүүлийн таван жил усны хэрэглээ  тасралтгүй өссөн гэх судалгаа гарчээ. Усны хомсдол Монгол орны зарим газарт хурцадмал байдалд хүрч эхэлснийг говьд худгийн ус булаацалдсанаас эрүүгийн гэмт хэрэг хүртэл гарснаас харж болно. Мөн говьд нэг литр ус 1000 төгрөг хүрсэн тохиолдол ч байна. Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнуудын нэгд тооцогдож байгаа бөгөөд мал сүргийн хэт олон тоо нь бэлчээрийн талхлалт, цөлжилтөд нөлөөлж байгааг эрдэмтэд анхааруулжээ.

Уур амьсгалын өөрчлөлт, усны үр ашиггүй менежмент, өсөн нэмэгдэж буй усны хэрэглээний үр дүнд бий болсон Төв Азийн усны хямрал нь зүгээр нэг таамаг төдий асуудал биш. Энэ нь бүс нутгийн бүх хэсэгт нөлөөлж байгаа асуудал болоод байна.  Үндсэндээ 2023 он бол уур амьсгалын иж бүрэн бөгөөд тогтвортой арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг онцолж, дасан зохицох стратегийг судалж, экосистем болон орон нутгийн нийгэмд үзүүлэх өргөн хүрээний үр дагаврыг бууруулах хамтын хүчин чармайлтыг дэмжихэд түлхэц өгсөн жил байлаа.

Бүс нутгийн температур дэлхийн дунджаас илүү хурдацтай нэмэгдэж байгаа тул Төв Ази уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөмтгий гэж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл мэдэгджээ.

1990-2020 оны хооронд Төв Азийн зарим бүс нутагт жилийн дундаж температур 1960-1979 оныхтой харьцуулахад цельсийн 5 хэмээс багагүй дулаарч, зун нь хуурайшиж, өвөлдөө хур тунадас ихтэй байв. Төлөвлөсөн уур амьсгалын загварууд нь дулаарлын чиг хандлагыг байнга харуулж байгаа бөгөөд 2080 он гэхэд жилийн дундаж температур 3-5 хэмээр нэмэгдэх төлөвтэй байна.

Температур нэмэгдэхийн хэрээр дулааны ачаалал, бодисын солилцооны эмгэг, исэлдэлтийн стресс, дархлаа дарангуйлагдах зэрэг нь малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, өвчлөл, үхэл өсч байна. Тухайлбал, 2021 онд өргөн цар хүрээтэй ган гачгийн улмаас баруун Казахстанд мал их хэмжээгээр хорогдож, зөвхөн нэг тосгонд 500 гаруй үхэр үхсэн байна. Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт нь бүс нутгийн хэмжээнд хүнсний хүртээмжийг улам бүр бууруулж байгааг онцолжээ.

Хөдөө аж ахуйн салбар нь Төв Азийн эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулдаг. Казахстаны ДНБ-ий 5.2 хувь, Туркменистанд 7.5 хувь, Узбекистанд 18.5 хувь, Киргизэд 20.8 хувь, Тажикстанд 23.3 хувийг хөдаа аж ахуйн салбар бүрдүүлдэг байна. Тиймээс сүүлийн үед хэт халалт, ган гачгаас үүдэлтэй ургацын хомсдол нь бүс нутгийн эдийн засаг, өсөлт, хөгжлийн чадавхид нөлөөлөх нь гарцаагүй.

Төв Азийн эдийн засагт цаг уурын нөлөөгөөр үүсч буй өөр нэг хүндрэл бол шилжилт хөдөлгөөн юм. Дэлхийн банкны 2021 оны тайланд тус бүс нутагт 2050 он гэхэд 5 сая хүн хөдөөнөөс хот руу шилжин суурьших тооцоог гаргасан байна.

ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1