surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

United Airlines компани өөрийн Boeing 737 Max 9 онгоцнуудаас суларсан боолтууд илрүүлснээ мэдээлжээ

United Airlines компани өөрийн Boeing 737 Max 9 онгоцнуудаас суларсан боолтууд илрүүлснээ мэдээлжээ

Өнгөрсөн Баасан гарагт Alaska Airlines компанийн Boeing 737 Max 9 нисэх онгоцны эх биеийн нэг хэсэг салж унасны улмаас Портлэнд хотоос хөөрөөд удаагүй байхдаа буцаж газардсан билээ.

Энэхүү осолтой холбоотойгоор АНУ-ын агаарын тээврийн компаниуд ийм загварын нисэх онгоцнуудынхаа аюулгүй байдлыг шалгаж эхэлсэн юм.

Тэгвэл United Airlines компани өөрийн эзэмшлийн зарим Boeing 737 Max 9 загварын нисэх онгоцнуудаас суларсан боолт болон угсралттай холбоотой бусад асуудлууд илрүүлснээ Даваа гарагт мэдээлжээ.

“Бямба гарагаас эхлэн явуулсан шалгалтын үд дүнд бид нэмж чангалах шаардлагатай боолтууд болон хаалганы угсралттай холбоотой зарим доголдлуудыг илрүүллээ” гэж Чикагод төвтэй тус компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

АНУ-ын Холбооны Нислэгийн Удирдах Газар (FAA) өчигдөр Boeing 737 Max 9 загварын нисэх онгоцнуудын ослын хаалганы холболтыг шалгаж, шаардлагатай бол засварлах зааварчилгааг баталсан юм.

Ингэснээр FAA-ийн шийдвэрээр газардаад буй 171 ширхэг ийм загварын нисэх онгоц ойрын үед дахин нислэгт гарах боломж нээгдэж байна.

Alaska Airlines компани 64, United Airlines компани 79 ширхэг ийм онгоцтой юм.

Гарсан осолтой холбоотойгоор өчигдөр Boeing Co компанийн хувьцааны ханш 8 хувиар, тус компанийн нисэх онгоцны угсралтыг гүйцэтгэдэг Spirit AeroSystems компанийн хувьцааны ханш 11 хувиар тус тус унажээ.

Ослын дараахан АНУ-д нислэг үйлдэж буй нийт 218 ширхэг Max 9 онгоцны 171-ийг газардуулах шийдвэрийг FAA гаргасан юм.

Үүний улмаас Даваа гарагийн өглөөний байдлаар Alaska Airlines нийт нислэгийнхээ 20 хувийг, United Airlines компани 8 хувийг цуцалсан байна.

Max 9 бол Boeing компанийн 737 нисэх онгоцны 2017 оны тавдугаар сард ашиглалтад орсон хамгийн сүүлийн загвар юм.

2018, 2019 онуудад Max 8 загварын хоёр нисэх онгоц осолдсоны улмаас нийтдээ 346 хүний амь үрэгдэж байв. Эдгээр ослын дараа дэлхий даяар бүх Max 8, Max 9 загварын онгоцнуудыг газардуулж, Boeing компани бүтэц, дизайныг нь засаж сайжруулснаар бараг хоёр жилийн дараа дахин ашиглагдаж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1