surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хэмхэрхий  Ардчилал

Хэмхэрхий  Ардчилал

Ардчилал бидэнд өрөөл дутуу ирээгүй юм. Хөдсөн дээлтэй хөхөө өвлөөр хувьсгал хийсэн аав ээж, ах эгч нарын минь хүсэл тэмүүллийн ачаар хуультайгаа, эрх, үүрэгтэйгээ бүтэн ирсэн юм. Бид ингэж л 33 жилийн өмнө дарангуйллыг булшилсан юм. Гэвч хэн нэгэн ахиад л дарангуйллыг бий болгож , тэр дарангуйллын жимээр нийгмээрээ алхдаг ийм замыг хүн төрөлхтөн өөрсдөө бүтээжээ.  Яагаад?  Бид зовлонд тийм дуртай гэж үү? 

ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЭНГИЙН ИРГЭН ЯЛ СОНСДОГ БОЛЛОО. Би ардчилалд итгэдэг. Гэхдээ ийм ардчилалд биш. Эсвэл төрийн өндөр хэргэмд хүрэхээр ингэтлээ эмзэг дорой болчихдог юм уу? Өдөр тутам Монгол хүн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө Цагдаагийн газарт дуудагдаж байна. 

НИЙТЛЭХ ЭРХЭЭ ХАСУУЛЖ СЭТГҮҮЛЧ ЯЛ СОНСДОГ БОЛЛОО. Хэн ч ардчилалаас ингэтлээ ухарна гэж зүүдлээгүй. Хэвлэл нь хагас эрх чөлөөтэй, түүнийгээ хамгаалахад ч бэрх гал дунд гүйж явна. Ойрын жишээ гэвэл  Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой хуулийн заалт орж ирсэн нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг хазаарлан баримжаалах гэсэн овилгогүй үйлдэл. Энэ өөрчлөлтийг хийх аваас хэвлэл нэгэн эрхээ алдаж, хатуу хэлэхэд эрх баригчдын амнаас унах үгийг ямар ч цензургүй, ямар ч гарцгүйгээр сонсгох болно.  Өөрөөр хэлбэл бүх Монголчуудын нүд чихийг таглах тийм хуулийг тэд батлахаар зүтгүүлж байна. Хачирлавал хуулиар, эрх мэдлээр хэвлэлийн эрх чөлөөг хүчиндэн булаах оролдлого юм.

Энэ мэтээр үгээ хэлснийхээ төлөө шалгуулж, цагдуулна. Бүр жагсаал хийхэд хүртэл зөвшөөрөл авч, зөвшөөрөлгүй бол ачигддаг. Ардчилал “ардчилал” гэдэг үгнээс өөр үнэ цэнэгүй болж буйг улсаараа харж байна. Долоо хоног тутам шинэ хууль баталж, түүгээрээ татвар төлөгчдөө дарамталж байна.

Чин үнэндээ хууль батлуулж байгаа хүн 250 сая төгрөг авах эрхтэй. Энэ талаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа 2016 оны Эдийн засгийн форумын индрээс “Улстөрчдөд хариуцлага тооцох механизм алга байна. УИХ-ын гишүүд хууль санаачилж батлуулсныхаа төлөө хэдэн арван сая төгрөг авч байгаа. Хуулийн төслийн доор хууль санаачилсан гэж нэрээ бичихэд л 20 сая төгрөг авдаг. Гэтэл эргээд ямар ч хариуцлага тооцдоггүй” гэж хэлсэн нь худал зүйл биш байлаа. Учир нь 2021 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын гишүүд цалин, хангамжаасаа гадна 250 сая төгрөг зарцуулах эрхтэй. Үүнд тойрогт ажиллах, хуулийн төсөл боловсруулах, ном сэтгүүл хэвлүүлэх, сургалт сурталчилгаа явуулах зардлууд багтдаг” гэж ам алдсан. 

Тиймээс өдөр тутам шинэ хууль яриад гүйж байгаа дарга сайд нарын хувьд ажилтай мундаг байгаадаа биш тэнд хэчнээн их хэмжээний мөнгө урсаж буйг батлаад буй үйлдэл юм. Өөрөөр хэлбэл тэдний хүний эрхийн мэдрэмжгүй хууль батлуулдаг халдвараас болж ардчилал булшлагдаж байна. Ядаж л хүний эрхийг дээдэлдэг байя.

Өнөөдрийн чимээгүй орхигдсон зүйлс хожмын харуусал болох вий !!!  


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1