surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг Хөгжлийн банкны хэргээр шүүнэ

Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг Хөгжлийн банкны хэргээр шүүнэ

Хөгжлийн банкны гэх хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болжээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авсан байна.

Хөгжлийн банкны гэх хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн онд хянан хэлэлцэж, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос долдугаар сарын 7-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тэгвэл прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн юм. Тэдний дотор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын асуудал багтаж, Давж заалдах шатны шүүхээр хэргээ дэнслүүлэхээр болоод байна.

                                   “НИСЛЭГТ ХЭНТЭЙ ХАМТ ЯВЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ”

Х.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын тухай хуулийг санаатайгаар мушгин гүйвуулж  байгаад харамсаж байна

УИХ-ын гишүүн, шүүгдэгч Х.ГАНХУЯГ:
-2021 оны нэгдүгээр сарын 20-ноос энэ асуудал сөхөгдсөн. Тэр үед УИХ-аар банкны тухай шинэ хуулийн төслийг хэлэлцэж байсан.  Хамгийн том хувьцаа эзэмшигч нь 20 хүртэл хувь эзэмшдэг байх, топ таван банк нээлттэй хувьцаат компани болсон байх зохицуулалттай хуулийг УИХ баталсан. Хууль батлах болсон шалтгаан нь “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмэт” үйлдвэр зэрэг дуулиант хэргүүдэд банкны оролцоо их байна гэдэг асуудлыг цаашид гаргуулахгүйн тулд энэ хуулийг баталсан. Банкны шинэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Г.Амартүвшин ахалж, миний бие гишүүнээр нь ажилласан.  Банкны хуулийг батлуулах болоход банкны эзэд том акци явуулсан. Тэр цаг мөчөөс хойш хэвлэлийн баатар болсон.
Хэрэг үүссэн шалтгаан нь ч гэсэн Г.Амартүвшин гишүүн өөрөө шалгуулъя гэдэг хүсэлт гаргаж, АТГ, хууль хяналтын байгууллагыг дуудсан цагт нь очиж, мэдүүлгээ өгч ирсэн. Гэрт нэгжлэг хийсэн, ээж, аав, ах, эгчийн компани, миний охин компаниудыг бүгдийг шалгасан. Хэрэг шүүхэд шилжээд яллах дүгнэлттэй танилцахад юу ч гарч ирээгүй. Би анх шүүх хурал эхлэхэд л прокуророос асууж байсан. “Нотлох баримт чинь юу юм бэ. Юун дээр үндэслэж намайг яллаад байгаа юм бэ” гэдэг асуултыг тавьсан. Зээлийг үхэртэй ч зүйрлэв үү, гар утастай ч зүйрлэв үү тийм л юм ярьсан. Онгоцоор хамт явсан гэдэг асуудлыг тавьдаг. 2018 оны есдүгээр сард би Канадын их сургуульд элсэх эрх аваад тэр цаг мөчөөс ирэн очин байсан.  2019 онд 12 удаа хилээр гарч, 12 удаа орж ирсэн. Нийтдээ дамжин нислэгүүдээ оруулаад 56 удаагийн нислэг хийсэн. 10 мянга гаруй хүнтэй хамт ниссэн. Ний нуугүй хэлэхэд нислэгт хэнтэй хамт явж байгаагаа мэдэхгүй.

"ХАЙЖ, ХАЙЖ ХАМТ НИССЭН МЭДЭЭЛЭЛ ОЛЖ”

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны шүүх хуралд мэдүүлэг өглөө

УИХ-ын гишүүн, шүүгдэгч Г.АМАРТҮВШИН:
-"Вертекс майнинг партнерс" ХХК-ийн зээл Хөгжлийн банкны зээлийн шаардлагад нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй гэж ярьдаг. Гэтэл энэ компани туршлагатай уул уурхайн олборлогч компани. Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнээс нүүрсний экспорт дангаараа 56 хувийг эзэлдэг. Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд нэг тоог баттай хэлье. Улсын төсвийн орлогын 40 хувийг нүүрсний экспорт шууд болон шууд бусаар бүрдүүлдэг. Энэ компани уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байхад яагаад Хөгжлийн банкны зорилгод нийцэхгүй гэж. Хэрэв өнөөдөр ийм төслийн зээлийн хүсэлт орж ирвэл би хоёр гараа өргөөд дэмжихээр байна. Тус компани зээл авахаас өмнө дандаа гаднын операторууд “хийдэг” байсан. Тэр дотроо Хятадын компаниуд. Үндэсний компанийг дэмжих нь зөв. Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёр хамт бизнес хийдэггүй, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Тогтоогдсон зүйл байхгүй. Би өөрөө ашиг сонирхлын үүднээс зээл олгосон асуудал байхгүй, нотлогдоогүй. Цэвэр улс төрийн зорилгоор миний нэрийг сэвтүүлэх, унагаах зорилготой байсан гэж харж байна. Та бүхэн санаж байгаа байх. 2022 оны эхээр Хөгжлийн банкны удирдлагууд тэр дундаа дэд захирал хэвлэлийн бага хурал дээр “Г.Амартүвшин бусдын боломжийг хулгайлсан, найздаа зээл олгосон” гэж гүтгэж, сошиалаар бужигнуулсан.
Энэ захирал нь 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт өрсөлдөж байсан нөхөр. Намайг харлуулах гэж дээрх гүтгэлгийг явуулсан гэж хардаж байгаа.
Энэ компанид зээл олгуулсан гэж итгүүлэхийн тулд мөрөөрөө ажлаа хийж байсан залуусыг энд хамаатуулсан. Эд нарт ямар ч буруу байхгүй. Шахалт, дарамт, эрүүдэн шүүсэн үйл явдал нөхцөл байж болзошгүй дээр таамгийн шинж чанартай мэдүүлэг авагдсан байна лээ. Энэ хурлаар тодорхой боллоо. Х.Ганхуяг бид хоёрыг найз гэж тогтоохоор маш их хүч чармайлт гаргасан байна. Хайж хайж азаар нэг хамт ниссэн нэг мэдээлэл олдсон бололтой. Өөр юм байхгүй.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1