surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хувьцааны ашиг хүн бүрд хоёр сая бус ердөө 60 мянгыг өгвөл их юм болох нь

Хувьцааны ашиг хүн бүрд хоёр сая бус ердөө 60 мянгыг өгвөл их юм болох нь

“Нүүрсний хулгайч”-аар нэрлэгдсэн УИХ-ын нэр бүхий гишүүд бухимдлаа барьж  ядахдаа жинхэнэ хулгайчдыг илрүүлэх ажлын хэсэг байгуулж, Эрдэнэс Тавантолгойн хувьцааг хэрхэн амь оруулах талаар судлаач, эрдэмтэдтэй зөвшилцсөнөөр ийм боломж байгааг олж харжээ. Тиймдээ ч ЭТТ хувьцааны ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрд хүртээнэ. Нэг хүнд жилд хоёр сая, таван ам бүлтэй айл жилд  арван сая төгрөгийн хувьцааны ногдол ашиг авах боломж бий хэмээн мэдэгдсэн билээ. 
Тэдний энэхүү мэдэгдэл нийгмийг сэрээж, хувьцааны ашгаа хүртэх гэсэн иргэдийн санал, хүсэлтээр давалгаалсан юм. Дийлэнх нь ашгүй, тийм байлгүй гэж байхад бага байна, таван саяыг өг гэх иргэд ч байлаа. 


Харамсалтай нь, УИХ-ын гишүүдийн энэ мэдэгдэл Монголын ард иргэдийг хошгируулсан болж таарлаа. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд Ц.Сэргэлэн нарын гишүүдийн сүржин мэдэгдэл ард олныг болоод өөрсдийгөө л хуурсан жүжиг болж таарав. 


УИХ-ын чуулганы хуралдаанд Ш.Раднаасэд гишүүн “Монгол Улсын хэмжээнд 1148 ашиглалтын лиценз бий. Нийт хүн амдаа энэхүү тоог хуваавал, 2800 хүн тутамд уул уурхайн нэг лиценз ашиглаж байна гэсэн тооцоо гарсан. 1072 хувьцааны ногдол ашгийг тооцоход нэг хүнд ойролцоогоор хоёр сая төгрөг олгох боломж Эрдэнэс Тавантолгойд  бий” хэмээсэн юм. Үргэлжлүүлэн 1072 хувьцааны 40 орчим хувийг мөнгөжүүлж, ногдол ашиг өгөх боломж зөвхөн өнөөдрийн ЭТТ-д байгаа гэж тодотгосон билээ. Харин мэргэжлийн шинжээчид, хөрөнгийн зах зээл судлаачид хувьцааг амь оруулах нь зөв ч гэлээ ийм  их хэмжээний мөнгийг ногдол ашиг хэлбэрээр тараах боломж ЭТТ-д байхгүй гэлцэж  байна. Энэ талаар, 
Хөрөнгийн зах зээл шинжээч,  “Ulzii& Co Capital” компанийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр: “Компанийн хувьцаа эзэмшигчдийн зүгээс харвал ногдол ашгаа авах нь зөв. Хэрвээ үнэхээр тийм их ашигтай ажиллаад, ашиг нь байгаа бол зүй ёсны хэрэг. Гэтэл өнөөдөр ЭТТ-н санхүүгийн тайланг харвал, хоёр сая төгрөгийн ногдол ашиг өгөх ямар ч боломжгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, санхүүгийн тайлангаас харахад, хуримтлагдсан ашиг нь  нэг их наяд төгрөг байдаг. Иргэд энэ компанийн 14 хувийг 1072 хувьцаагаар эзэмшдэг. Тиймээс өөрт ноогдох 14  хувийн ногдол ашгаа авна гэвэл нэг их наядаас 140 тэрбум болно.  Үүнийгээ 2,5 сая иргэндээ хуваагаад үзвэл нэг иргэнд ойролцоогоор 60 мянган төгрөгийн ногдол ашиг ногдохоор байгаа юм” хэмээлээ.


Тэгэхээр нэр бүхий гишүүд нүүрсний хулгайн хэргээ замхруулах, сарниулахын тулд ЭТТ хувьцааны ногдол ашиг гэгчийг бодож олсон бололтой. Ингэхдээ ард иргэдийн сэтгэл зүйн дээр тоглож, өнөө маргаашаа арай ядан өнгөрүүлж буй иргэдэд өнөөдөр найдвар төрүүлчихээд, маргааш нь энэ УИХ зөшөөрсөнгүй хэмээн мэлзэж суух нь л дээ. Энэ нь үеийн үед ард түмнээр тохуурхаж, сэтгэл зүйгээр нь тоглож, өөрсдөө түүн дээр нь хүслээ гүйцээж ирсний хамгийн том нотолгоо юм. Ингэж нийгмээрээ “Нүүрсний хулгайч” гэгдэх хэдхэн гишүүнд доромжлуулж, аманд нь багтаж суумааргүй байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1