surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцлоо

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлт болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөллүүд дэлхийн болон бүс нутгийн түвшинд тулгарч буй асуудлыг хамтран хэлэлцэж, олон улсын эдийн засгийн ойрын болон хэтийн ерөнхий дүр төрхийг тодорхойлдог энэхүү арга хэмжээнд Аргентин, Бельги, Болгар, Израиль, Ирак, Ирланд, Йордан, Канад, Кени, Колумби, Латви, Литва, Нидерланд, Польш, Серби, Украин, Унгар, Франц, Швед, Шри Ланка, Эквадор зэрэг 30 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Дэлхийн эдийн засгийн чуулганыг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулдаг бөгөөд 54 дэх удаагийн чуулган “Итгэх итгэлийг сэргээх нь” сэдвийн дор болж байна.


Монгол Улсын Ерөнхий сайд тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана. Мөн олон улсын үндэстэн дамнасан корпорациудын тэргүүн нартай уулзаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хамтран ажиллах санал солилцоно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцох үеэрээ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт төлөвлөөд байна.

“Өвлийн Давос” хэмээх энэ арга хэмжээ энэ сарын 19 хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1