Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсов.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Уг асуудлыг дөрөв дэх удаагаа танилцуулж байна. Дөрвөн үе шаттай хэрэгжиж буй төслийн аймаг, сум дахь явцын дэлгэрэнгүй тайланг Улсын Их Хурлын бүх гишүүнд хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жил бүр боловсролын салбарын 100-гаас доошгүй тооны цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгон шинэчлэх зорилт тавьсан. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 30 дугаар тогтоолоор “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байна.
Төслийг бүрэн дуусгах нэмэлт санхүүжилт болох 60 тэрбум төгрөгийн төсвийг баталж, нийтдээ 160 тэрбумын санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж байгаа. Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн идэвх, санаачлагаар, “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд нийтдээ 820 орчим сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчилнэ. Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 297 суманд төсөл хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван цэцэрлэг тутамд, ерөнхий боловсролын хоёр сургууль тутмын нэгд төсөл хэрэгжинэ. Түлхүүр гардуулах нөхцөлт гэрээтэй нэгдүгээр ээлжинд 172 объектод ажил гүйцэтгүүлэх гэрээлэгдсэнээс 116 нь ашиглалтад орсон. Байнгын объектийг ашиглалтад оруулах Улсын комисс томилсон боловч орон нутагт цас их унасан шалтгаанаар комисс ажиллаж чадаагүй. Үлдсэн 48 объектийн ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Төслийн хоёрдугаар ээлжинд 15 аймгийн 42 сумын 135 объектоос 125 нь ашиглалтад орсон. Гуравдугаар ээлжийн угсралтын ажлын гэрээг байгуулж, хоёр аймгийн таван объект ашиглалтад орж, 10 аймагт ажил эхэлсэн. Эхний санхүүжилтийн тендерүүд зарлагдсан" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Нүхэн жорлонгийн асуудал манай улсын эмгэнэл юм. Үүнийг дагасан гэдэсний халдварт өвчин, хүчирхийлэл, өвлийн хүйтэнд даарах гэх мэт олон хүндрэл бэрхшээл байдаг. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан бид хоёр өнөөдөр энэ асуудлыг улс орны хэмжээнд ажил хэрэг болгуулж, дөрвөн үе шаттай хэрэгжүүлж байгаад баяртай байгаа. Гэхдээ гүйцэтгэлийг яаравчлах, бүрэн дүүрэн ашиглалтад оруулах хугацааг тодорхой болгох шаардлагатай. Сэлэнгэ аймгийн нэг сургуулийг хамруулах боломж байна уу гэсэн хүсэлт ирсэн. Мөн Ерөө сумын сургууль нүхэн жорлонтой, шинэчилнэ гэсэн боловч гүйцэтгэл нь “тэг” үзүүлэлттэй байгаа нь ямар учиртай юм бол" гэв.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Ч.Ундрам, Б.Баярсайхан нар энэ төсөлд ихээхэн үүрэгтэй оролцсоныг онцолж хэлэх ёстой. Эхний ээлжийн тендерийг зураг төсөлгүй зарлачихсан учраас дахиж зурах шаардлагатай болсон. Салбарын сайдын хувьд хар толгойгоороо хариуцна гэдгээ өмнө нь хэлсэн. Одоо ч хэлнэ. Ирэх хавар гэхэд бүх асуудлыг шийднэ" гэв.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Улс оронд томоохон ажил хийж байгааг бид сонслоо. Барилгын, технологийн салбарын мэргэжилтнүүдтэй уулзсаны үндсэн дээр уг ажлыг эхлүүлсэн ч сайдын хэлснээр “Мордохын хазгай” гэгч болж, эхний ээлж удааширч, гүйцэтгэл дутуу үлдсэн. Улсын комисс хүлээж аваад ярилцахаар хариуцах эзний асуудал хөндөгддөг. Цаашид тухайн сургууль арчилж, тордож, хариуцаж явах эсэх тодорхойгүй байгааг анхаараарай" гэлээ.
БЕГ-ын дарга Т.Ням-Очир "Гэрэл цахилгаан тасарсан үед, хүйтний улиралд ажиллах горимтой ариун цэврийн өрөөнүүдийг бариулах шаардлагыг тавьж, цоожлоод явчихдаг, цагийн хуваарьт оруулдаг зэрэг зөрчил гаргахгүй, байнгын ажиллагаатай, урсгал зардлыг хариуцуулахад анхаарч байгаа. Нэг суман дахь сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг цогцоор нь шийдэхийг хичээж, төлөвлөж ажиллаж байна" гэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Өвөрхангай аймгийн цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлын явц муу байна. Жорлонг хүртэл дээгүүрээ хуваагаад авчих" гэлээ.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
ХҮН нам: Ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой
2024.10.28 13:25
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна