Монголчуудын уламжлалт баяр цагаан сар болоход 20 хоног үлдээд буй. Хугацаа дөхөхийн хэрээр иргэд ширээ засах хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд зочин, гийчнийхээ гарыг цайлгах бэлэг бэлдэхээр яаравчилдаг. Тэгвэл энэ жил хэд хэдэн худалдааны төвүүдэд цагаан сарын өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа болж байна.
ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРГҮЙ, ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ХЭРЭГЛЭГЧИД ҮЗЭСГЭЛЭН БИТҮҮН ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй дотоодын үйлдвэрлэгчид нэг сарын хугацаанд түрээсийн төлбөргүйгээр оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулж байна. Үзэсгэлэн худалдаа 2024 оны нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын 9 хүртэл өдөр бүр гарах аж.
Цагийн хувьд 09:00-20:00 цагийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд байрлах “Шинэ зуун айл” худалдааны төвд гарна.
Тус худалдаанаас хэрэглэгчид үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүн, хүнс, цагаан идээг ямар нэгэн нэмэгдэл өртөггүй авах давуу талтайг үзэсгэлэнг зохион байгуулагчид онцолжээ.
ИМПОРТЫН БОЛОН ҮНДЭСНИЙ ХҮНС, БАРААНЫ ТӨРӨЛЖСӨН ҮЗЭСГЭЛЭН
Мишээл Экспод зохион байгуулагдаж буй “Цагаан сар -2024” үзэсгэлэн худалдаа энэ жил төрөлжсөн болж байгаагаар онцлогтой. Тодруулбал, нэгдүгээр сарын 18-25-нд импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүн, нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2 хүртэл үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, хоёрдугаар сарын 3-9 хүртэл үндэсний болон импортын хүнсний бүтээгдэхүүний худалдаа гарч байгаа аж.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаанд зорьж очиж буй хүмүүс долоо, долоо хоногоор гарах хөтөлбөрийн дагуу очсоноор өөрт хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнийг илүү оновчтой, түргэн шуурхай, нэг дороос сонгох боломжтой.
Зохион байгуулагчдын зүгээс мөн хэрэглэгчдийг урамшуулах зорилгоор өдөр бүр үнэ төлбөргүй сугалаа явуулж, гурван азтанг шагнаж байгаа гэсэн юм.
ХОТЫН ТӨВ РҮҮ ТҮГЖРЭХ ШААРДЛАГАГҮЙ "ХҮННҮ"-ГИЙН ЭКСПО
Нисэх, Яармаг бүсэд амьдардаг иргэд хотын төв рүү заавал очиж, түгжрэх шаардлагагүй нэг дороос бүх хэрэгцээт хүнс, бараагаа бэлтгэх боломжийг "Хүннү молл" худалдааны төвийн экспо танхимд болж буй үзэсгэлэн худалдаа олгож байна. Цагаан идээ, хүнс бараанаас эхлээд эрүүл мэндийн бүтээгдэхүүн, эрдсийн шинжилгээг ч үнэ төлбөргүй авч байгаа гэлээ.
Нэгдүгээр сарын 13-нд эхэлсэн тус үзэсгэлэн худалдаа ирэх сарын 8-нд дуусах юм байна.
Зөвхөн хүнснээс гадна бэлэн хувцас, гоо сайхны дотоод болон импортын бараа бүтээгдэхүүнийг тус худалдаанаас авах боломжтой.
Эдгээр төвүүдээс гадна томоохон зах, худалдааны төвүүдэд баярын барааны худалдаа хэдийнэ эхэлсэн. Нарантуул, Дүнжингарав, Бөмбөгөр, Хархорин зэргээс гадна Дэнжийн-1000, Нарантуул-2 зэрэг захуудад ч мах болон цагаан идээний өргөтгөсөн худалдаа гарчээ. Иймд та бүхэн өөрт ойр байршлуудад байгаа үзэсгэлэн худалдаанаас хэрэгцээт хүнс, бараагаа авахыг зөвлөж байна. Учир нь түгжрэлд цаг заваа зарцуулахгүйгээр өргөтгөсөн үзэсгэлэн худалдаанаас нэг дороос хэрэгцээт бүтээгдэхүүнүүдээ бэлтгэх нь эдийн засгийн хувьд болон цагийн хэмнэлттэй байгааг иргэд олон нийтийн хуудаст бичиж байна.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ