surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Солонгос кино үзээд 12 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял авчээ

Солонгос кино үзээд 12 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял авчээ

Өмнөд Солонгосын драма үзсэн Хойд Солонгосын өсвөр насны хөвгүүд 12 жил хүнд хөдөлмөр эрхлэх ял авчээ. Энэ нь 2022 оны явдал боловч саяхан олон нийтийн сүлжээнд ил болсон байна. Бичлэгээс харахад 16 настай хоёр хүү олон зуун оюутны өмнө гартаа гав зүүн зогсжээ. Мөн дүрэмт хувцастай офицерууд хөвгүүдийг “алдаандаа гэмшээгүй” гэж зэмлэж байв. Хойд Солонгосын амьдралыг харуулсан зураг, бичлэг зэргийг гадаад орчинд түгээх хориотой тул иймэрхүү нотлох баримт ховор олддог.

Өмнөд Солонгосын урлаг, уран сайхан, телевиз Хойд Солонгост хориотой байдаг. Гэвч дэлхий дахинд нөлөөгөө тэлсэн солонгос драмаг үзэхийн тулд залуус шийтгэл хүлээхэд ч бэлэн бололтой.

Энэхүү бичлэгийг Өмнөд ба Хойдын хөгжил нэртэй судалгааны хүрээлэнгээс “ВВС” агентлагт өгчээ. Тус байгууллага нь Хойд Солонгосоос дүрвэж ирсэн хүмүүстэй хамтарч ажилладаг. Бусад хойд солонгос залууст сургамж болгох үүднээс дээрх бичлэгийг ил болгосон байжээ.

Бичлэгт төрийн суртал ухуулгыг олон нийтэд уншиж танилцуулж байв. “Ялзарсан утсан хүүхэлдэйн дэглэмийн соёл өсвөр насныхны дунд хүртэл тархжээ. Тэд дөнгөж 16 настай. Гэвч тэд өөрсдийн ирээдүйгээ сүйрүүлсэн” гэжээ.

Өмнө нь ийм байдлаар хууль зөрчсөн насанд хүрээгүй хүүхдүүдийг залуучуудын хөдөлмөрийн лагерьт явуулдаг байсан. Ингэхдээ ихэвчлэн таван жилээс бага хугацаагаар шийтгэдэг байв. Гэвч 2020 онд тус улсад Өмнөд Солонгосын үзвэр үйлчилгээ үзэх, түгээх нь цаазаар авах ялтай болгох хуулийг баталсан. Өмнөд Солонгосын хөгжим сонссоныхоо төлөө 22 настай залуу цаазаар авхуулсан тохиолдол гарч байв.

Өмнөд Солонгос улс 2000-аад онд бодлогын чанартайгаар Умардад эдийн засаг, хүмүүнлэгийн тусламжийг ямар ч болзолгүйгээр үзүүлж байсан. Энэ үед Хойд Солонгосын залуус Өмнөдийн урлаг, уран сайхны амтанд орсон юм. 2010 онд уг бодлогыг дуусгавар болгосон ч Өмнөдийн соёл Хятадаар дамжин Хойд Солонгост хүрсээр байжээ.

Хойд Солонгосын нэгэн дүрвэгч ярихдаа “Хэрвээ та америк кино үзэж байгаад баригдвал хахууль өгөөд мултарч болно. Харин Өмнөд Солонгос кино үзвэл буудуулна. Хойд Солонгосын ард түмний хувьд Өмнөдийн кино нь хүнд хэцүү бодит байдлаа мартахад тусалдаг хар тамхи юм” гэжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1