surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ангараг гарагт илгээсэн нисдэг тэрэг нь ашиглалтаас гарч буйг NASA зарлалаа

Ангараг гарагт илгээсэн нисдэг тэрэг нь ашиглалтаас гарч буйг NASA зарлалаа

2021 онд дэлхийгээс өөр гарагийн тэнгэрт хүн төрөлхтний анх удаа хөөргөсөн техник болж түүхэнд бичигдсэн “Ingenuity” робот нисдэг тэрэг ашиглалтаас гарч буйг Америкийн үндэсний сансар судлалын байгууллага өчигдөр зарлажээ.

Уг нисдэг тэрэг сүүлчийн удаа Ангарагийн тэнгэрт хөөрөөд буух үедээ осолдсоныг NASA мэдээлсэн байна.

“Ingenuity” нэгдүгээр сарын 18-нд сүүлчийн нислэгээ гүйцэтгэсний дараа газраас 1 метрийн өндөрт бууж явахдаа “Perseverance” станцтай холбоо тасарсан байна.

NASA-гийн мэргэжилтнүүд маргааш нь холбоогоо сэргээж, хэд хоногийн дараа өөрийнх нь камераар авсан зургаас нисдэг тэрэгний сэнс эвдэрснийг харжээ.

“Ingenuity” газарт мөргөж унахдаа сэнсээ эвдсэн байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

2021 оны хоёрдугаар сард “Perseverance” станц “Ingenuity” нисдэг тэргийг хэвлийдээ тээвэрлэн Ангарагт буусан юм.

Гэхдээ бяцхан нисдэг тэрэг үүргээ хэд дахин давуулан биелүүлжээ. Анхны зорилго нь 30 хоногийн хугацаанд таван удаагийн нислэг үйлдэх байсан юм.

Гэтэл бараг гурван жилийн турш ажиллаж, 72 удаагийн нислэг үйлджээ. Ингэхдээ нийт туулсан зай нь анхны төлөвлөснөөс 14 дахин урт болсон байна.

Ангарагийн сийрэг атмосфертэй тэнгэрт техник хөөргөх нь дэлхий дээр хөөргөхөөс илүү хэцүү, илүү их хүч шаарддаг.

“Ingenuity” өнгөрсөн хугацаанд өөрийн жижиг камераар Ангарагийн газрын зургийг дээрээс авч, “Perseverance” станцын ажлын замыг төлөвлөхөд тусалж байсан юм.

Одоо NASA-гийн инженерүүд нисдэг тэрэгний компьютерт хадгалагдаж буй сүүлчийн гэрэл зургуудыг татаж авснаар ашиглалтаас бүрэн гарах ажээ.

“Perseverance” өөрөө явагч станц одоогоор “Ingenuity” нисдэг тэрэгний унасан цэгээс хол байгаа тул зургийг нь авах боломжгүй юм байна.

 

Эх сурвалж: Reuters

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1