surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Францын тариаланчид Европын Холбооны “ногоон” төлөвлөгөөг эсэргүүцэн жагсжээ

Францын тариаланчид Европын Холбооны “ногоон” төлөвлөгөөг эсэргүүцэн жагсжээ

Францын тариаланчид инфляцын ба импортын өсөлт, түүнчлэн утааг бууруулах, бордоо ашиглах Европын Холбооны /ЕХ/ төлөвлөгөөнөөс шалтгаалан орлого нь буурч байгааг эсэргүүцэн Парис болон бусад хотуудын замыг трактороор хаажээ. Тариаланчид ЕХ-ны “ногоон бодлогыг” хэрэгжүүлэх боломжгүй, зардал ихтэй гэж үзэж байна. 

“Парисын бүслэлт” гэж зохион байгуулагчдынх нь нэрлэсэн уг эсэргүүцлийн жагсаалд 800 гаруй трактортой 1500 орчим хүн оролцож, хурдны гол замууд, тэр дундаа Лилль, Страсбург чиглэлийн замуудыг хаажээ.

Парист замын хөдөлгөөнд оролцоход маш хүндрэлтэй байсан боловч эсэргүүцлийн жагсаал ерөнхийдөө тайван болж өнгөрчээ. 15 мянга орчим цагдаа дэг журам сахиулж байна гэж Францын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. Ажил хаялтыг зохион байгуулсан үйлдвэрчний эвлэлүүд оролцогчдод хандан өдөөн хатгалгад автахгүй байхыг уриалжээ.

Харин эрх баригчид ажил хаягчдад хандан хүнсний хангамж тасалдахаас сэргийлэхийг уриалж, хөдөө аж ахуйн салбарын асуудлыг нэн тэргүүнд шийдэж эхлэхээ амласан байна.

Хямрал олон жил үргэлжилж байгаа хэдий ч Засгийн газар ямар ч асуудлыг шийдэж чадахгүй, эсвэл шийдэхийг хүсэхгүй байна гэж жагсагчид мэдэгджээ. Тэдний зарим нь "хөдөө аж ахуй, ялангуяа экологийн салбарыг зохицуулах журам нь энэ салбарыг сүйтгэж, улмаар ард иргэдийг амьжиргааны эх үүсвэрээс нь салгана" гэж үзэж байгаа ажээ. 

Даваа гаргийн орой засгийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Приска Тевено тариаланчдад нэмэлт дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөг мягмар гарагт танилцуулна гэж мэдэгдсэн байна. Тариаланчдын санааг зовоож байгаа гол асуудал бол Европыг 2050 он гэхэд "цаг уурын нейтрал бүс" болгох төлөвлөгөө юм.

Энэ зорилгод хүрэхийн тулд хэрэгжүүлэх бодлогуудын нэг нь “Farm to Fork” гэдэг стратеги бөгөөд 2030 он гэхэд пестицидийн хэрэглээг 50 хувиар бууруулах, бордооны хэрэглээг багасгах, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 10-аас доошгүй хувийг хөдөө аж ахуйн бус зориулалтаар (жишээлбэл, ойжуулах төсөлд эсвэл хиймэл цөөрөм байгуулахад) хуваарилах, 2030 он гэхэд ЕХ-ны хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 25 хувийг органик газар тариаланд ашиглах гэх мэт зорилтуудыг тусгажээ. 

Хөдөө аж ахуйн салбар нь ЕХ-ны гишүүн орнуудын хүлэмжийн хийн нийт ялгарлын 11 орчим хувийг эзэлдэг тул үүнийг бууруулах арга хэмжээ нь тариаланчдад хүнд цохилт болно гэж эсэргүүцэгчид үзэж байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1