surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Казахстан улс тэнгисийн 2 боомт, 22 нисэх буудлынхаа удирдлагыг Европын хөрөнгө оруулагчдад санал болгов

Казахстан улс тэнгисийн 2 боомт, 22 нисэх буудлынхаа удирдлагыг Европын хөрөнгө оруулагчдад санал болгов

Казахстан улсын засгийн газар өчигдөр Каспийн тэнгисийн Актау, Курык боомтууд болон 22 нисэх буудлынхаа менежмэнтийг хариуцуулах саналыг Европын хөрөнгө оруулагчдад тавьжээ.

Казахстаны зам тээврийн сайд Марат Карабаев өчигдөр Брюссель хотод эхэлсэн Европын Холбоо-Төв Азийн зам тээврийн чуулганы нээлт дээр уг саналыг зарласан байна.

“Бид Казахстаны 22 нисэх буудлын менежмэнтийг Европын хөрөнгө оруулагчдад шилжүүлэхэд бэлэн байна. Ингэснээр эдгээр нь Ази, Европын дамжин өнгөрөх тээврийн төв болох ирээдүйтэй” гэж Карабаев хэлжээ.

Тэр бас Каспийн тэнгисийн Актау, Курык боомтуудад ижил төстэй түншлэлийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа энэ үеэр дуулгасан байна.

Хоёр өдөр үргэлжлэх чуулганд Төв Азийн орнууд болон Европын Холбооны засгийн газрын төлөөлөгчид, бизнесийн төлөөлөгчид оролцож байгаа юм.

Казахстаны авто болон төмөр замын ачаалал хурдтай нэмэгдэж байгаагаас гадна агаарын тээврийн урсгал сүүлийн хоёр жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэнийг Карабаев онцолжээ. Энэ нь Европын зах зээл болон Хятадыг холбосон худалдаа нэмэгдэж байгаатай нэг талаар холбоотой гэнэ.

Бас Украины дайнтай холбоотой Өрнөдийн хориг арга хэмжээний улмаас олон улсын ачаа тээвэр Казахстаны нутгаар дамждаг болсон нь үүнд давхар нөлөөлсөн юм байна.

Каспийн тэнгисийн Актау боомтыг хариуцах хөрөнгө оруулагчид ачааны терминалын зориулалтаар 171 гектар газар ашиглуулахаа Карабаев энэ үеэр амлажээ.

Казахстаны тэнгисийн хоёр боомтоор дамжих карго тээврийн хэмжээ 2022 оны 1.5 сая тонноос 2023 онд 2.8 сая тонн болж, 86 хувиар нэмэгдсэнийг сайд мэдээлсэн байна.

“Энэ онд бид ачааны хэмжээг 4.5 сая тонн, 2025 онд 6 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна” гэж Карабаев хэлжээ.

 

Эх сурвалж: EurActiv
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1