surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Гурван компани 115 автобус ашиглах гэрээ байгуулжээ

Гурван компани 115 автобус ашиглах гэрээ байгуулжээ

Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд энэ онд шинээр 600 автобус худалдан авч буй. Эдгээр автобусыг орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад өгөхдөө “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулахаар болсон. 

 

Төлбөрийн эргэн төлөлтийг Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрч, цаашид хийх парк шинэчлэлд зарцуулах юм. Энэ хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн 16 байгууллагатай гэрээ байгуулахаар техник, санхүүгийн хүчин чадлыг тодорхойлжээ. Улмаар эхний ээлжид гурван компанид 115 автобус ашиглуулахаар гэрээ байгуулсан байна. Тодруулбал, “Эмсид” компанитай 45, “Сутайн буянт”-тай 50, “Мяралзаа”-тай 20 автобус төлбөртэй ашиглах гэрээ хийжээ.

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Баярчимэг “Парк шинэчлэлийн хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч буй автобуснуудыг хувийн хэвшлийн компаниудтай хэлэлцээр хийсний үндсэн дээр төлбөртэй ашиглуулах гэрээг байгуулж эхэллээ. Автобуснуудыг яаралтай үйлчилгээнд гаргах шаардлагатай тул эхний ээлжид шаардлага хангасан гурван байгууллагатай гэрээ байгуулсан. Дараагийн компаниудтай гэрээ байгуулахаар бэлтгэж байна. Гэрээнд заасны дагуу эргэн төлөлтийг хувийн хэвшил өөрөө төлж, Нийтийн тээвэр хөгжүүлэх санд төвлөрүүлэн, уг санг хөрөнгөжүүлэх замаар дараагийн парк шинэчлэлийг хийх боломжийг бүрдүүлэх юм. Гэрээний хугацаа долоон жил бөгөөд эргэн төлөлт бүрэн дуусахад автобусны өмчлөлийг хувийн хэвшилд шилжүүлэх зохицуулалттай” гэв.

 

 

Тэгвэл “Эмсид” компанийн захирал Д.Энхбат “Манай байгууллага 2005 оны зургадугаар сард гурван тээврийн хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо 42 автобусаа үйлчилж байна. Өнгөрсөн хугацаанд БНСУ-аас хуучин тээврийн хэрэгсэл импортлон оруулж ирж байсан. Энэ удаад “Улаанбаатар хөгжлийн корпорац”-тай 3-4 удаагийн уулзалт хийж, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгууллаа. Уг гэрээгээр долоон жилийн хугацаанд 12.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 45 автобусыг эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авч байна” хэмээн ярилаа.  

 

Хувийн хэвшлийн байгууллагууд Нийтийн тээврийн газартай байгуулах маршрут, чиглэлийн гэрээг цаашид илүү тогтвортой байлгах саналыг гарган, гэрээнд тусгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 535 автобусыг нь оруулж ирээд байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1