surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Итали улс иргэнийг нь гинжилж, “нохой шиг” хөтөлсөн Унгар улсад эсэргүүцэл илэрхийллээ

Итали улс иргэнийг нь гинжилж, “нохой шиг” хөтөлсөн Унгар улсад эсэргүүцэл илэрхийллээ

Иргэнийг нь шүүх хуралд оролцуулахдаа гинжилсэн Унгарын эрх баригчдад Итали улс эсэргүүцэл илэрхийлжээ.

Гартаа гав зүүж, хөлөө холбуулж, гинжээр хөтлүүлсэн 39 настай Илариа Салис шүүх хуралд оролцож буйг харуулсан гэрэл зураг өчигдөр Италийн гол сонинуудын нүүр хуудсанд нийтлэгдсэн юм.

Миланы ойролцоох Монза хотын оршин суугч, багш мэргэжилтэй тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сард Будапешт хотод нео Нацистуудын жагсаалын эсрэг хариу жагсаалд оролцоод баривчлагдаж байжээ.

Унгарын шүүх түүнийг зүүний экстремист хөдөлгөөнд оролцсон, бусдын биед халдсан зэрэг хэрэгт буруутгасан байна. Хэрвээ буруутай нь тогтоогдвол Салис 11 хүртэл жилийн хорих ял сонсох гэнэ.

Иргэнийг нь гинжилсэн байгааг харсан Италийн гадаад хэргийн сайд Антонио Таяани “Энэ удаа тэд арай хэтрүүлсэн гэж би бодож байна” гэж RAI радиод ярьжээ.

Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони, түүний шадар сайд Маттео Салвини зэрэг барууны үзэлтэй улс төрчдийн хувьд энэ нь ичмээр үйл явдал юм. Учир нь тэд Унгарын үндсэрхэг үзэлтэй ерөнхий сайд Виктор Орбантай найрсаг харилцаатай байдаг.

Италийн тал өчигдөр Ром дахь Унгарын элчин сайдад эсэргүүцэл илэрхийлж, гаргасан үйлдэлдээ тайлбар хийхийг шаарджээ.

Таяани бас Унгарын гадаад хэргийн сайдтай болсон явдлын талаар утсаар ярилцсан байна.

Будапешт дах Итали улсын элчин сайд өчигдөр Унгарын хууль зүйн яаманд очиж, иргэнийхээ асуудлаар уулзжээ.

“Түүнийг нохой шиг хөтөлж явааг хараад цочирдлоо. Энэ бол солиорол. Итали улс энэ асуудлыг дуусгах цаг болсон” гэж Салисын өмгөөлөгч Евгенио Лоско хэвлэлд ярьсан байна.

Италийн барууны үзэл баримтлалтай одоогийн удирдагчид Унгарын ерөнхий сайд Орбантай сайн харилцаатай байдаг.

Гэхдээ сүүлд Украины асуудлаар талууд зөрчилдөөд байгаа.

Италичууд эзлэн түрэмгийллийн эсрэг Украины тэмцлийг дэмждэг бол Европын Холбооноос Украинд үзүүлэх олон тэрбумын тусламжийн багцад Путиний найз гэгддэг Орбан хориг тавиад байгаа юм.

Унгарын эрх баригчид Италийн иргэний шүүх хурлыг тавдугаар сарын 24-нд зохион байгуулахаар товложээ.

 

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1