surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ

Олон улсын валютын сан /ОУВС/ 2024 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.1 хувьд хүргэж ахиулсныг өчигдөр нийтлэгдсэн Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын тухай шинэ тайланд дурджээ.  

Хятад, АНУ, хөгжиж буй томоохон зах зээлүүд, эдийн засгуудад гарсан нааштай үзүүлэлтүүдийг харгалзан дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өнгөрсөн оны 10 дугаар сард гаргасан таамаглалаас 0.2 пунктээр ахиулсан гэж ОУВС мэдэгджээ. Харин 2025 оны таамаглалыг 3.2 хувьд хэвээр үлдээсэн байна.

Гэхдээ 2024, 2025 оны үзүүлэлтүүд нь мөнгөний хатуу бодлого, төсвийн дэмжлэг зогссон, бүтээмжийн өсөлт сул байгаа зэргээс шалтгаалан олон жилийн дунджаас /3.8 хувь/ доогуур байгааг тайланд дурджээ.

 

Нийлүүлэлтийн тасалдал, мөнгөний хязгаарлалтын бодлого явуулж байгаа энэ үед инфляц төсөөлж байснаас хурдацтай буурч байгааг ОУВС онцлон тэмдэглээд, дэлхийн инфляц 2024 онд 5.8 хувь, 2025 онд 4.4 хувь болж тус тус буурна гэж урьдчилан таамагласан байна.

 

Энэ онд АНУ-ын эдийн засаг 2.1 хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх төсөөллөөс 0.6 пунктээр дээшилсэн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны таамаглалаас илүү хурдацтай өссөнийг харгалзан ийнхүү ахиулжээ. Харин 2025 оны өсөлтийн таамаглалыг 1.8 хувиас 1.7 хувь болгон бууруулсан байна.

Мөн Хятадын эдийн засгийн өсөлтийг 2023 онд төсөөлж байснаас 0.4 пунктээр ахиулж, 4.6 хувьд хүргэсэн байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг 2025 онд 4.1 хувиар өсөх төлөвтэй байгаа нь 10 дугаар сарын таамаглалаас өөрчлөгдсөнгүй.  

Еврогийн бүсийн ДНБ 2024 онд 0.9 хувь, 2025 онд 1.7 хувиар тус тус өсөх төлөвтэй байгаа нь 0.3, 0.1 пунктээр тус тус доошилсон тоонууд юм. Харин Энэтхэгийн эдийн засаг 2024 ба 2025 онд 6.5 хувиар өсөхөөр байгаа нь өмнөх тайланд дурдсанаас нэмэгдсэн үзүүлэлт юм. 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1