surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Аргентины сөрөг хүчнийхэн парламентын хуралдааныг орхин гарчээ

Аргентины сөрөг хүчнийхэн парламентын хуралдааныг орхин гарчээ

Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милейгийн шинэчлэлийн төслийг хэлэлцэх үеэр парламент дахь сөрөг хүчний зарим депутат цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийг эсэргүүцэн Конгрессын танхимыг орхин гарчээ.

 

Конгрессын байрны гадна жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэний дараа сөрөг хүчний “Зүүний хүчин ба ажилчдын фронт” эвслийн депутатууд хуулийн төслийн хэлэлцүүлгийг зогсоохыг Төлөөлөгчдийн танхимын дарга Мартин Менемээс хүссэн боловч уг санал хангалттай тооны дэмжлэг авч чадаагүй байна. Үүний дараа “Эх орны төлөөх холбоо” эвслийн зарим депутат болон “Зүүний хүчин ба ажилчдын фронт”-ын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлэн танхимыг орхин гарчээ. 

 

Х.Милейгийн эдийн засгийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэж буй Конгрессын байрны гадна засгийн газрыг эсэргүүцэгчдийн жагсаал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид замын хөдөлгөөнийг хааж, цагдаа нар тэдний эсрэг бороохой, нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласан байна.

 

Аргентины Засгийн газар цогц шинэчлэлийн тухай хуулийн төслийн анхны хувилбарыг 2023 оны 12 дугаар сарын 28-нд парламентад өргөн барьжээ. 600 гаруй зүйл заалттай уг төсөлд татварын өршөөл үзүүлэх, сонгуулийн өмнөх сунгаа явуулахыг хориглох, эсэргүүцлийн жагсаалын үеэр замын хөдөлгөөнд саад учруулсан тохиолдолд ногдуулах шийтгэлийг чангатгах, төрийн өмчит компаниудыг хувьчлах, экспортын татварыг нэмэгдүүлэх зэргийг тусгажээ. Шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх явцад Засгийн газар зарим заалтыг, тэдгээрийн дотор эдийн засгийн шинэчлэлтэй холбоотой заалтуудыг эргүүлэн татсан байна.

 

Аргентины шинэ Ерөнхийлөгч Х.Милей 12 дугаар сарын 10-нд үүрэгт ажилдаа орсон бөгөөд төрийн тэргүүний хувиар анх удаа үг хэлэхдээ, улс орныхоо байдлыг нэн эгзэгтэй хэмээн тодорхойлоод эдийн засагт эрс шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг мэдэгдсэн юм. Либертари үзэл баримталдаг Х.Милей төрийн оролцоог багасгаж, инфляцтай тэмцэхийн тулд Аргентины Төв банкийг татан буулгах нь зүйтэй гэж мэдэгдэж байсан бөгөөд төрийн өмчит компаниудыг хувьчилна гэж амлаж байв.

 

Шинэ Засгийн газраас үндэсний валютын ханшийн уналт, үнийн огцом өсөлтийн эсрэг, цалин хөлсийг нэмэгдүүлэхийн тулд арга хэмжээг авахгүй байгаа нь олон хүнийг гудамжинд гарч жагсахад хүргэжээ. Х.Милей засгийн эрхэнд гарснаас хойш үйлдвэрчний эвлэлүүд, зүүний хөдөлгөөнүүд хэд хэдэн томоохон эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт зохион байгуулж, олон мянган хүн оролцсон байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1