ОХУ-ын ерөнхийлөгч Путиний өөрийн парламент болон бусад төрийн зүтгэлтнүүдийн өмнө жил бүр тавьдаг илтгэл Пүрэв гарагт болж өнгөрлөө.
Энэ үеэр тэр Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайнаа зөвтгөж, Өрнөдийн удирдагчид ямар аюултай зүйлд хутгалдаад байгааг дахин дахин анхааруулсан юм.
Европын орнууд Украинд хуурай замын цэрэг илгээх боломжийг үгүйсгэхгүй байгаагаа Даваа гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон мэдэгдсэн.
Гэхдээ энэ санааг АНУ, Герман, Их Британи зэрэг НАТО-гийн гишүүн орнууд дараа нь няцаасан юм.
Өчигдөр Путин энэ сэдвийг хөндсөн байна.
“Өрнөдийн орнууд бидэнд тэдний нутаг дэвсгэрт цохилт өгөх зэвсэг байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдал хүн төрөлхтнийг устгах цөмийн дайнд хүргэж болзошгүй байна. Тэд үнэхээр үүнийг хүсэж байна гэж үү?” гэж тэр хэлжээ.
Путин бас Оросын цэргүүд Украинд амжилттай тулалдаж байгааг баталсан байна.
“Манай зэвсэгт хүчний тулалдах чадвар олон дахин өссөн. Манай анги нэгтгэлүүд санаачилгыг баттай аваад байна. Тэд хэд хэдэн чиглэлд итгэлтэйгээр урагшилж, шинэ газар нутгийг чөлөөлж байна” гэж Путин мэдэгджээ.
Украинд явуулж буй дайнаа тэр Оросын тусгаар тогтнолыг хамгаалах зорилготой гэж тайлбарласан юм.
“Өнөөдөр эх орон маань тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хамгаалж, Донбасс, Новороссия (өөртөө нэгтгэсэн Украины газар нутаг) дахь элэг нэгтнүүдээ хамгаалж буй энэ үед манай ард иргэд, бидний эв нэгдэл шийдвэрлэх үүрэгтэй” гэж Путин хэлжээ.
Тэрбээр цааш нь ярихдаа “Бид Донбасст дайныг эхлүүлээгүй. Нацизмыг устгахын тулд, энэ дайныг зогсоохын тулд бүхнийг хийхээ би олон удаа хэлж байгаа. Цэргийн тусгай ажиллагааны бүх зорилтыг биелүүлэхийн тулд, ард иргэдийнхээ бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг хамгаалахын тулд бүхнийг хийнэ” гэжээ.
Путин бас Өрнөдийн орнууд Оросыг эзлэх гээд чадаагүй Адольф Хитлер, Наполеон Бонапарт нарын сүйрлийг дахин давтахыг анхааруулсан байна.
“Гэхдээ энэ удаа үр дагавар нь илүү эмгэнэлтэй байх болно. Тэд дайныг хүүхэлдэйн кино шиг төсөөлж байна” гэж тэр энэ үеэр хэлжээ.
Өрнөдийнхөн зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөнд Оросыг турхирч байгааг тэр бас анхааруулсан юм.
“Өрнөдийнхөн биднийг зэвсэглэлийн өрсөлдөөнд татан оруулахыг санаархаж байна. Тэд 1980-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсад амжилттай хэрэглэсэн арга залиа бидэн дээр давтахыг хичээж байна. Тиймээс бид шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн хүчин чадлаа өсгөх замаар батлан хамгаалах салбарын иж бүрэн аж үйлдвэртэй болох шаардлагатай” гэж Путин хэлжээ.
Илтгэлдээ тэр бас Орос улс эдийн засгийн хоригийг амжилттай даван туулж, удахгүй худалдан авах чадвараараа дэлхийд дөрөвт орохоор байгааг зарласан юм.
Байгалийн баялгийн асар их нөөцтэй Орос улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2022 онд унасан ч өнгөрсөн онд буцаад огцом өссөн. Гэхдээ энэ өсөлт Украины дайнд зориулан улсын төсвөөс санхүүжүүлсэн зэр зэвсгийн үйлдвэрлэлээс хамаарч байгаа бөгөөд Оросын ард иргэдийн амьжиргааны түвшин сайжраагүй гэж судлаачид үзэж байгаа юм.
Гуравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болох ба 71 настай Путин энэ сонгуульд ялж, дахин зургаан жил энэ албыг хаших нь тодорхой байна.
Эх сурвалж: Reuters
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Дархан аварга А.Сүхбат хулгайн ан хийхийг завджээ
2024.10.28 14:40
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна