surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

УОК : Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 17 аймгийн 74 суманд 6444 айлд хүрч 4.3 мянган тонн өвс, тэжээл хүргэх ажлыг хийсэн

УОК : Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 17 аймгийн 74 суманд 6444 айлд хүрч 4.3 мянган тонн өвс, тэжээл хүргэх ажлыг хийсэн

Улсын онцгой комиссоос өдөр бүр зудын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байгаа. Өнөөдөр /2024.03.05/ хандиваар цугласан бараа, материалыг хэрхэн тараах талаар мэдээлэл өглөө.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:
-Гуравдугаар сарын урьдчилсан мэдээгээр энэ сард олон жилийн дунджаас илүү хүйтрэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 251 сум болон нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн байдалтай байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд гурван сая 89 мянган мал хорогдсон. Ам бүл цөөтэй, алслагдмал газруудаар Зэвсэгт хүчний 210 орчим алба хаагчдыг тусламжаар явуулсан. Алба хаагчид 142 айлыг цаснаас гаргаж, нэмэлт тусламж үзүүлж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Сүхбаатар болон Төв аймгийн 15 сумын онцгой комиссоос 4097 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 6261 өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлж, 1733 малчин өрхөд хоол хүнсний тусламж үзүүлсэн.
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 17 аймгийн 74 суманд 6444 айлд хүрч 4.3 мянган тонн өвс, тэжээл хүргэх ажлыг хийсэн байна. Өнөөдрийн байдлаар 89150 км замын цасыг цэвэрлэж дуусчээ.
УОК-т 773,1 сая төгрөгийн бараа материал хандив тусламжаар цугласан. Үүнийг 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн малчдад хүргэж ажиллана. Одоо Засгийн газрын хоёр дахь хангамж болгож тэжээлийн улаанбуудайн гэрээ байгуулах ажил явагдаж байна. Малчдад туслах хандивын аяны хүрээнд хоёрдугаар сарын 20-ны өдрөөс энэ сарын 4-нийг хүртэл:
41 иргэн, 94 аж ахуйн нэгж, байгууллагын 2.951.661.237 төгрөг,
Таван иргэн, 21 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.706.900 төгрөгийн 69.829 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3.725.368.137 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст ирүүлсэн.
Ирүүлсэн хандив тусламжийг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын дагуу  хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна.
Хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон нутагт ажлын хэсгүүд ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн хувьд ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан баг баруун чиглэлд, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн сайдаар ахлуулсан баг хойд чиглэлд ажиллаж байна.
Эдгээр ажлын хэсгүүдтэй хамт эмнэлгийн баг үүрэг гүйцэтгэж байна. Үүрэг гүйцэтгэж буй долоо хоногийн хугацаанд 410 орчим иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 318 резидент эмчийг томилон ажиллуулж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1