Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласлотай албан ёсны яриа хэлэлцээр эхэлсэн. Хэлэлцээрийг нээж, Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло үг хэллээ.
Тэрбээр, "Миний бие Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын урилгаар өнгөрсөн жил Монгол Улсад айлчилсан нь манай хоёр улсын харилцааг шинэ төвшинд гаргахад чухал ач холбогдолтой болсон. Тэр цагаас хойш дэлхийн улс орнуудад дайн тулаан өрнөж, нөхцөл байдал амаргүй болж байна. Тиймээс эртний харилцаатай манай хоёр улс харилцаагаа улам батжуулан, эв нэгдэлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх ёстой. Үүний нэг илэрхийлэл бол айлчлалын үеэр Монгол Улсын Баянхонгор аймаг болон Унгар Улсын Веспрем муж хооронд хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохирсонд талархалтай байна. Мөн хоёр улсын харилцааг бүхий л салбарт хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа хамгийн чухал гэж үзэж байна. Эрхэм УИХ-ын дарга Г.Занданшатарын манай улсад хийж буй энэхүү айлчлалаар хамтын ажиллах гэрээ, хэлэлцээрүүд биеллээ олж, эртний түүхт Унгар, Монгол Улсын хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна" гээд эх орондоо тавтай морилохыг хүслээ.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг. Энэ ч утгаараа Унгар Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлж баяжуулах нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг юм хэмээн онцоллоо. Түүнчлэн хоёр орны парламентын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Тамгын газар болон парламентын найрамдлын бүлгийн ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Хууль тогтоох байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг гардан хариуцдаг Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг сэргээн идэвхжүүлж, хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар санал нэгдсэнд баяртай байна. Энэхүү санамж бичигт үндэслэн Тамгын газрын ажилтнуудын туршлага судлах солилцооны хөтөлбөр зохион байгуулах, цаашлаад хууль тогтоох чиглэлээрх хамтарсан судалгаа хийх боломжтой гэж үзэж байна гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатарын тус улсад хийж буй айлчлалын бас нэгэн ач холбогдол нь алтай судлалыг хөгжүүлэхэд оршиж байна. Тэрбээр өнгөрсөн жилийн 6 дугаар сард Монгол Улсын Их Хурлаас Стэнфордын Их сургууль болон Бан Ги Мүн сантай хамтран “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа зохион байгуулсан талаар танилцуулаад ирэх дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион хоёр дахь удаагийн хуралд парламентын төлөөлөл уг арга хэмжээнд хүрэлцэн ирж, оролцоно гэдэгт итгэлтэй байна гэв.
Энэхүү айлчлалын үеэр Алтай судлалын чиглэлээр эрдэмтдийн оролцсон хурал болох агаад УИХ-ын дарга тус хуралд оролцож илтгэл тавих юм. Тэрбээр энэхүү хурлын талаар танилцуулаад Унгар дахь монгол судлал нь Европ дахь монгол судлалын эхлэлийг тавьсан гэж үздэг хэмээн онцолж, Унгарын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн дэргэдэх Монгол судлалын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талын харилцан дэмжлэг чухал юм. Мөн соёлын өвийн судалгаа шинжилгээ тэр дундаа Монголын археологийн дурсгалыг судлах, сурталчлах чиглэлд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Хэлэлцээр эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын чиглэлээрх хамтран ажиллагааны талаар санал солилцсоноор үргэлжилсэн юм.
Монгол Улс эрчим хүчний салбарыг илүү байгальд ээлтэй болгохын тулд эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэгдсэн сүлжээний тогтвортой найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхгүйгээр нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цахилгаан станц байгуулах төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан бөгөөд Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр төслийг хэрэгжүүлэх санал тавьсан талаар хоёр тал ярилцлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцээрийн төгсгөлд хэлэхдээ, Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, хууль тогтоох байгууллагын хүрээнд дэмжлэг үзүүлэх тодорхой асуудлаар харилцан ойлголцолд хүрсэндээ баяртай байна. Албан ёсны яриа хэлэлцээний үеэр яригдсан зүйлсийг ажил хэрэг болгоход Монгол Улсын Их Хурал, Тамгын газрын зүгээс бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотолж байна гэв. Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло хариу талархал илэрхийлээд хоёр улсын хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Үндэсний Ассамблейн зүгээс бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Хоёр улсын хамтын ажиллагааны талаарх хэлэлцээрт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан,Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн гишүүн Г.Мөнхцэцэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Д.Сарангэрэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Даваадаш нар байлцлаа гэж Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Т.Мөнхсайхан : Одоо бүх эмийг цахим жороор олгох боломж бүрдлээ.
2024.11.13 13:43
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ