surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ЭНЭ ӨДӨР: МАРТ-8

ЭНЭ ӨДӨР: МАРТ-8

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн 115 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт өргөн дэлгэр тэмдэглэж иржээ. Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ний сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

  1. Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэх уламжлал Эртний Ромоос эхтэй. Тэр үед эрчүүд нь гэргий нартаа бэлэг өгч, анхаарал халамж тавьдаг байжээ. Боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан гэдэг. Мөн тэд энэ өдөр ажиллахгүй байх боломжтой байжээ.
  2. Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй.  Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.
  3. Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсжээ. Тэд мөн л ажлын нөхцөлөө сайжруулж, хүүхдийн хөдөлмөрийг мөлжихийг зогсоох, сонгуульд эмэгтэйчүүдийг оролцуулахыг шаардсан байна. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ.
  4. Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилжээ. 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.
  5. Армен, Азербайжан, Беларус, Болгар, Вьетнам, Казакстан, Киргизстан, Македон, Молдав, Монгол, Орос, Тажикстан, Украйн, Узбекстан, Хятад зэрэг улс орон энэ өдрийг албан ёсоор тэмдэглэдэг аж.                                                                                                            
  6. Итали улсад 1946 оноос хойш Мимоза цэцэг Мартын 8-ны баярын гол бэлгэдэл болжээ. Мимоса цэцэг нь эмэгтэй хүний хүч чадал болон мэдрэмжийг бэлгэддэг бөгөөд баярын өдрөөр Итали даяарх гудамжнуудад тус цэцгийг худалдаалдаг аж. Тиймээс энэ өдөр хүүхдүүд нь ээждээ, эр нөхөр нь хайрт ханьдаа, залуучууд найз бүсгүйдээ сэтгэлийн бэлэг болгон шар өнгийн мимоза цэцэг бэлэглэдэг байна. Тус улсад “La Festa della Donna”  хэмээн нэрийддэг Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй.
  7. НҮБ 1975 оныг “Олон улсын эмэгтэйчүүдийн жил”-ээр зарлаж байжээ. 
  8. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах анхны уулзалтад нэг сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг.
  9. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөхөн Орос Улсын эмэгтэйчүүд анхны Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 1913 оны хоёрдугаар сарын сүүлийн 7 хоногт тэмдэглэж байжээ.
  10. 1910 онд болсон социалист, коммунистуудын олон улсын чуулга уулзалтаар гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон зарлажээ.
  11. Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг “ЗХУ-ын үеийн цуурай” гэж хэлэх дуртай ба Болгар, Румын, Узбекистанд  “Эхийн өдөр” хэмээн тэмдэглэдэг уламжлалтай.  Их Британид "Ээжийн ням" гараг хэмээн тухайн өдрийг нэрлэдэг аж.
  12. Дэлхийн 20 гаруй орон буюу Афганистан, Ангола, Армени, Азербайжан, Беларус, Буркина Фасо, Камбодиа, Хятад /зөвхөн эмэгтэйчүүд/, Куба, Гүрж, Гвиней-Бисау, Эквадор, Казахстан, Киргизстан, Лаос, Македон /зөвхөн эмэгтэйчүүд/, Мадагаскар /зөвхөн эмэгтэйчүүд/, Молдав, Монгол, Непал /Зөвхөн эмэгтэйчүүд/, Орос, Тажикистан, Туркменстан, Уганда, Украин, Узбекстан, Вьетнам, Замби зэрэг улсуудад энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг аж.
  13. АНУ-д гуравдугаар сарыг бүхэлд нь эмэгтэйчүүдийн сар болгосон байна. Анх 1980 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгч Жимми Картер гуравдугаар сарын найман тохиодог долоон хоногийг Үндэсний эмэгтэйчүүдийн долоо хоног болгон зарлаж байсан юм. Хэдэн жилийн дараа тус улс даяарх мянга мянган сургуулиуд Мартын найман тохиодог долоо хоногоор сургуульд эрх тэгш байдлыг үүсгэх зорилготой арга хэмжээ зохион байгуулдаг байжээ. 1986 он гэхэд АНУ-ын 14 мужууд тус баярыг гуравдугаар сарын сүүл хүртэл сунгасан юм. Харин одоо үед жил болгон АНУ-ын Ерөнхийлөгч албан ёсны мэндчилгээ дэвшүүлж Америк эмэгтэйчүүдэд баяр хүргэдэг ажээ. 
  14. Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийг тэмдэглэдэг байжээ. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байсан гэнэ. Хоёр Герман нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ болсон бөгөөд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард “Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг аж. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна.
  15. Урд хөршид Мартын наймны өдрийг 1949 оноос хойш үндэсний баяр болгон тэмдэглэсээр иржээ. Тус улсын компаниуд эмэгтэй ажилчдадаа Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр эмэгтэй ажилчдадаа хагас өдрийн өдрийн амралт олгодог юм. Гуравдугаар сарын долоонд Охидын өдөр тохиодог аж. Тус баяраар залуу оюутан, сурагч эмэгтэйчүүдийн ололт амжилтыг тэмдэглэдэг гэнэ. Иймээс ч эрчүүд ямар нэгэн бэлэг авахаар дэлгүүр ихээр зорьдог тул  бизнес эрхлэгчдийн хувьд эдгээр өдрүүдэд хамгийн их ашиг орлоготой байдаг гэнэ. 
  16. Тайландад энэхүү баярыг Хатан хаан Sirikit Kitiyakara-н төрсөн өдөр болгон наймдугаар сарын 12-нд тэмдэглэдэг юм байна.
  17. Вьетнамчууд эмэгтэйчүүдийн өдрийг 200 жилийн турш тэмдэглэж иржээ.
  18. Туркменстанд Мартын 8-ны баяр тэмдэглэхийг хориглож байжээ.
  19. Харин Испанид энэхүү өдөр 2018 онд тус улсад таван сая гаруй эмэгтэй ажилчид 24 цагийн турш ажил хаяж цалингийн тэгш бус байдал, ажлын байран дээрх хүчирхийлэл болон хүйсээр ялгаварлах байдлыг зогсоохыг шаардсан байна. Тэр үед Испани даяар 200 гаруй байршилд жагсаал болсон юм. 2019 онд ч гэсэн үүнтэй ижил жагсаалыг феминист бүлгэмүүд зохион байгуулсан аж. 
  20. Жил бүрийн энэ өдөр дэлхийн улс орон хамгийн эрэлттэй байдаг зүйл нь цэцэг, дарс, ил захидал гэнэ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1