“...Хүүхэд тарах цаг болчихлоо... Харьж хоолоо хийхээс...” гэж орилоод хамаг юмаа хагас дутуу хамаад гарахаас, “...Чи эмэгтэй хүн...Чи ээж болно” гэж загнуулахаас, “Эмэгтэй хүн цагаан зээр хоёр нутаггүй...Эр дагаж гүйлээ” гэж гадуурхагдахаас БҮХ ЗҮЙЛ эхэлдэг. Тиймдээ ч бид энэ өдрийг эрх нь зөрчигдсөн мянга мянган охид бүсгүйчүүлийн өдөр болгон зарласан. Ингээд "эмэгтэйчүүдийн эрх" хэмээх өргөн сэдвийн хүрээнд нийгмийн төрөл бүрийн төлөөллийг сонгон авч, тэдний бодит түүх хийгээд үзэл бодлыг уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.
ЖҮЖИГЧИН Ж.САРУУЛ-ЭРДЭНЭ : ХҮЧИН ХИЙСЭН ХЭРЭГТНИЙГ БИ ЖИГШДЭГ, ХОХИРОГЧ БОЛСОН ЭМЭГТЭЙГ БУРУУТГАДАГ ХАНДЛАГЫГ Ч ИЖИЛ ХЭМЖЭЭНД ЖИГШДЭГ
Ардчилал гэх үгийг хэрхэн ойлгодгоос эрх үүргийн тухай ойлголт эхэлдэг юм шиг санагддаг. Бүхий л цаг үед өөрийгөө хэт дөвийлгөх, өөрийгөө хэт дарах гэсэн хоёр хэвшмэл байдлын даяарчлагдсан циклээс шалтгаалж, хүн ёсны бус үйлдлүүд гаарч ирсэн. Үүнийг Монголын төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний түүхээс харж,уншиж болно. Миний хамгийн их эмзэглэж явдаг зүйл бол хүчингийн хэрэг. Хүчин хийсэн хэрэгтнийг би жигшдэг, хохирогч болсон эмэгтэйг буруутгадаг хандлагыг ч ижил хэмжээнд жигшдэг. "Чи хүчиндүүлж байхдаа юу өмсөж байсан юм?", "Угаасаа л явдалтай охин ш дээ" гэж хэрэгтнийг өмөөрөх тусам "Задгай хувцас өмсдөг бол хүчиндэж болно" гэх сэтгэхүйтэй хүн дүрст араатнууд олширсоор... Тэгэхээр бид ардчиллын хэвшмэл бус нарийн ойлголттой хүний эрхийн мэдрэмжтэй иргэдийг төлөвшүүлэхэд анхаарах шаардлагатай.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ГУУЛИН ТОСГОНЫ ЕБС-ИЙН 10 ДУГААР АНГИЙН СУРАГЧ Э.АНУЖИН : ЗӨВХӨН ХҮНИЙ ЭРХ Л ГЭЖ БИЙ
Бидний амьдарч буй дэлхий маш олон өнгөтэй байдаг шиг хүний эрхийг хэд хэдэн янзаар тайлбарладаг. Гэхдээ гуравдугаар сарын наймны өдөр нэг ч эмэгтэй битгий уйлаасай, эрхийг нь бүү зөрчөөсэй гэж боддог. Дэлхий дээрх бүх зүйлс өнгө үзэмж, хэлбэр агуулгаараа ялгардаг ч эрх үүргийн тухай ойлголт ялгамжтай байх нь тийм ч таатай санагддаггүй. Тухайлбал эмэгтэйчүүдийн, эрчүүдийн, хүүхдийн эрх гэж хуваагаад оноосон өдрийг жил бүр тэмдэглээд байдаг нь хачирхалтай. Миний бодлоор зөвхөн хүний эрх л гэж бий. Гагцхүү хүний эрхийн төлөө бид өдөр бүр дуугарч байх хэрэгтэй.
СЭТГҮҮЛЧ Г.ТЭГШЖАРГАЛ: ЭМЭГТЭЙ ХҮНЭЭС АМЖИЛТ, БҮХНИЙГ АМЖУУЛАХЫГ ШААРДДАГ ЗЭРЛЭГ НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙГАА ЮМ ШИГ
Эмэгтэйчүүдийн эрхийн талаарх ойлголт маань жил ирэх тусам өөрчлөгдөөд байгаа нь сонин. Эхэндээ эмэгтэй хүний эрхийг гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байран дахь дарамт, дуу хоолойгоо илэрхийлэх боломж, улс төрд эзлэх байр суурь гэх мэт нийгмийн томоохон асуудлуудаар хүлээж авдаг байлаа. Харин яг өнөөдрийн тухайд бол эмэгтэйчүүдийн эрхийн талаар арай өөр ойлголттой сууж байна. Тухайлбал :
1. Эмэгтэй хүнээс амжилт, бүхнийг амжуулахыг шаарддаг зэрлэг нийгэмд бид амьдарч байгаа юм шиг. Эмэгтэй хүн тийм ч хүчирхэг байх ёстой, ийм ч ажлын календарийн дагуу ажиллаж амьдрах ёстой, гэрийн ажлаа ч амжуулж, давхар гэр бүлдээ ч туслах ёстой гэсэн хэмжүүр эмэгтэй хүний эрхийн том зөрчил юм шиг харагдах болсон. Эмэгтэй хүн байлаа гээд тийм олон шалгуурыг давж, тэгтлээ их тэвчих ёсгүй гэж боддог. Зүгээр л хүйсээрээ ялгарах биш хүн гэдгээрээ амьдармаар байгаа нь эрхээ эдлэх нэг хувилбар
2. Сошиал орчин дахь эмэгтэйчүүдийн эрхийн асуудал нийгмийн асуудлын хэмжээнд анхаарал татаж байна. Нэг хэсэг нь эмэгтэйчүүдийг сошиалд буллидэж, шүүмжлэл, доромжлол хоёрыг зэрэгцүүлж, бусдын эрхийг зөрчиж байхад тийм орчныг бий болгох шалтгаан нь өөрөө эмэгтэйчүүд болчихоод байна. Хандалтын төлөөх эмэгтэйчүүдийн сошиалд биеэ авч яваа байдал нь бусад эмэгтэйчүүдийн ч гэсэн эрхийг зөрчих маш том сэдэл болж байгаад харамсаж байна. Үүнээс холдохын тулд сошиал хэрэглэгчид өөрсдөө шүүлтүүртэй, олон ургалч үзлээр асуудалд хандах шаардлага бий болж байгаа юм шиг санагддаг.
Жил ирэх тусам нийгмийн хэм хэмжүүр, нөхцөл байдлаас шалтгаалан эрх гэх ойлголт миний хувьд өөр өөр болж байгаа учраас дараа жил магадгүй дахиад эмэгтэйчүүдийн эрхийн тухай өөр ойлголттой, асуудалтай нүүр тулсан байх биз ээ
ШУТИС-ийн БАГШ Д.СЭРДАРАМ : ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ЯРЬЖ ФЕМИНИСТ ХАНДЛАГА ГАРГАХ ТУСАМ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙСАН
Эмэгтэйчүүдийн эрх гэдэг асуудал түүхэн цаг хугацаанд мөнхийн сэдэв байсан. Гэхдээ Эмэгтэйчүүдийн эрх чөлөө их ярьж фенимист хандлага гаргах тусам эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байсан. Өнөөдөр санхүүгийн, улс төрийн, нийгмийн эрх чөлөө эдэлж буй эмэгтэйчүүдтэй Скандинав, Баруун европын улсууд Фенимист тэмцэл хийсний үр дүнд амжилтанд хүрээгүй байх. Эмэгтэйчүүдийн төрөлхийн эрх чөлөөнд БОЛОМЖ олгосон учир амжилтанд хүрсэн гэж дүгнэдэг. Эмэгтэй, эрэгтэй гэсэн ялгаварлалтыг аль болох багасгах нь чухал байтал манайд элдэв эмэгтэйчүүдийн холбоо, эвсэл, нийгэмлэг фенимизмыг өдөөн турхираад байгаа юм шиг санагддаг. Мэргэжлийн, сонирхлын эвсэл холбоо байхаас биш эмэгтэй эрдэмтдийн, эмэгтэй оюутны, эмэгтэй улс төрчдийн, эмэгтэйчүүдийн гэх мэт хүйсээр ялгаварлан гадуурхах нь нийгэмд эсрэгээрээ хүйсийн тэгш бус байдлыг өдөөн турхираад байна.
ЕБС-ИЙН МОНГОЛ ХЭЛ УРАН ЗОХИОЛЫН БАГШ Б.ДАВААЖАРГАЛ : САЛАХ ЭРХ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД БАЙГАА
Харамсах хэмжээний өвдөлт, үхэхгүй байх хэмжээний тэвчээртэй болохоор ядаж ганц удаа баярлах эрх тэдэнд бий… Гэхдээ ганцхан тэр л өдөр дуусдаг нь гунигтай… Ганц бие ээж- нөхрөө тэвчсэн ээж …Тэдэнд эмэгтэй байх, эмгэгтэй байх эрхийг нь ч өгдөггүй, салж л болохгүй хүүхдээ бод, амьдралаа бод гэсэн хүмүүс, ганган сайхан байсан , гундаж байсан ч шүүмжилж байдаг хүмүүсийн харцнаас болоод л тэд эрх чөлөөгүй болсон. Салах эрх эмэгтэйчүүдэд байгаа… ЖҮЖИГЛЭЖ АМЬДАРДАГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨНГӨРСӨНГ ИРЭЭДҮЙД БАЙЛГАМААРГҮЙ БАЙНА
ИРГЭН Б.БАТ-ОЧИР : ХАРИЛЦАА ХАНДЛАГА БАЙХГҮЙГЭЭР ОЛОН АРВАН ХУУЛЬ БАТЛАГДААД БОХИРЫГ НЬ ЦЭВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ
Миний бодлоор эмэгтэйчүүдийн эрх уйлуулах биш инээлгэдэг байхаас эхэлвэл зөв байх. Хүний эрхийн хууль чухал ч манай нийгэмд хандлагаа өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Тухайлбал бүсгүй хүнд зам тавьж, хаалгыг нь нээгээд өгдөг, шинэ санал санаачилгыг нь дэмждэг, үргэлж биш ч хайртайгаа илэрхийлдэг , тэдний төлөө дуугарч чаддаг байх зэргээр хандлагаа өөрчлөх нь чухал. Харилцаа хандлага байхгүйгээр олон арван хууль батлагдаад бохирыг нь цэвэрлэж чадахгүй. Хууль эрх зүйн тогтолцоо хэдий чухал ч хүн бүхэн зөв төлөвшилтэй, эрүүл харилцаатай гэр бүл бүтээхийн төлөө хичээж байвал энэ өдөр утга төгөлдөр болно.
ИРГЭДИЙН ОРОЛЦООНЫ НЭГДЭЛ НАМЫН ДАРГА Ц. ОЮУНГЭРЭЛ : ЭНЭРЭНГҮЙ ХАНДЛАГА ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА
2008 оны Мартын 8-ныг маш бухимдалтай тэмдэглэж эрхийнхээ төлөө тэмцэж байсныг санаж байна. Бүр Англи,Монгол хэлээр нийтлэл бичиж сонинд хэвлүүлж байлаа. Хуулиас л болсон доо. Тодруулбал УИХ 2005 онд эмэгтэйчүүдийн квотыг анх сонгуулийн хуульд оруулж ирээд, 2008 оны сонгуулийн өмнө хэрэгжиж эхлээгүй байхад нь хасч байсан жил. Тэр жилийн энэ өдөр санаанд тод бууж байна.
Манай улсад эмэгтэйчүүдийн эрхийг сайжруулах нэн шаардлагатай байгаа. Товчилбол энэрэнгүй хандлага үгүйлэгдэж байна. Ажлыг төлөвлөх, хууль дүрэм хийх, нэгэнд нь эрх олгож нөгөөгийнх нь эрхийг хасах болоход энэ шийдвэр эмэгтэй хүнд яаж тусах вэ гэдгийг мэддэг байх хэрэгцээ шаардлага одоо ч тулгарч байгаа гэсэн үг. Жишээлбэл миний бичсэн Жаран цагаан хонь гэдэг ном байдаг. Чойбалсангийн үед анхдугаар таван жилийн хатуу төлөвлөгөө гаргахдаа хүнд тэр төлөвлөгөө яаж тусахыг огт тооцоолоогүйгээс гол баатар Сэндмаа хичнээн хүүхдээ айлд өгдөг билээ. Хичнээн хагацал үздэг билээ, тийм ээ. Түүн шиг манай ихэнх шийдвэрүүд хүний амьдралыг хүндрүүлэхэд чиглэж гараад байгаа нь эмэгтэйчүүдэд хүндээр тусдаг.
Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд квот маш чухал сэдэв болоод байна. Үүнийг нэг үеэ бодвол хийж хэрэгжүүлж яваа улс болжээ, манайх. Одоо улс төрийн намууд дотоод соёлоо сайжруулчихмаар байна. Тэгвэл боломж их гарна. Иргэдийн Оролцооны Нэгдэл нам гэхэд зөвхөн өөрийн дотоод соёл, дүрэм журмаараа эмэгтэйчүүдэд ээлтэй орчин бүрдүүлсэн учир нийт гишүүдийнх нь 70 хувь нь эмэгтэйчүүд, шийдвэр гаргах бүх шатандаа эмэгтэйчүүд давамгайлсан нам болсон байна. Энэ мэтээр намууд нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй.
СЭТГҮҮЛЧ Г.ХЭРЛЭН : ЭМЭГТЭЙ ХҮН ОЛОН АЖИЛЛАДАГ ГАЗАР ХҮНИЙ ЭРХ ХАМГИЙН ИХЭЭР ЗӨРЧИГДДӨГ
Эмэгтэй хүн бүр өөр, өөрийн гоо үзэсгэлэнтэй. Хэнийг нь ч өөр нэгэнтэй харьцуулж болохгүй үнэт эрдэнүүд. "Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" гэж тодотгон, ганцхан өдрийг баярлан өнгөрүүлэх бус өдөр тутамдаа эрхийг нь хамгаалах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хүссэн хувцсаа өмсөөд хотын гудамжаар алхахдаа айх аюулгүй явж чадаж байгаа юу, үгүй юү гэдгээс эхлээд л асуудал эхэлнэ. Түүнчлэн, эмэгтэйчүүд эрхийнхээ талаар маш их ярьдаг боловч өөрсдөө нэг нэгнийхээ эрхийг хамгийн их зөрчих гээд байдаг талтай. Тухайлбал, эмэгтэй хүн олон ажилладаг газар хүний эрх хамгийн ихээр зөрчигддөг.
Шинэ жилийн дуугаар хэн, ямар хэмжээний орлого олсон бэ
2024.12.25 22:34
ФОТО : Христийн шашинтай орнууд Зул сарын баяраар
2024.12.25 22:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ