surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хөгжлийн банкны хамгийн хамгийн ... 

Хөгжлийн банкны хамгийн хамгийн ... 

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсгол таван өдөр үргэлжилж, цугларсан нотлох баримтыг үнэлж, гэрч нарыг дуудан асуусан билээ. УИХ шүүх үү, цагдаа юу гэсэн шүүмжлэл гарсан ч үнэн хэрэгтээ бизнес эрхлэгчид, улстөрчид ар, өврийн хаалгаар хэдэн тэрбумын зээл авчихаад өмнөх зээлүүдээ дардаг, тансаг орон сууц, үнэтэй автомашин авч хэрэглээгээ хангадаг, гадаадад мөрийтэй тоглож зугаацдаг гээд жигшим олон үйлдлийг нь нийгэмд ил гаргаад “цацчихсан”. Ялангуяа улс төр, бизнесийнхний ургийн модны сүлжээг л ил гаргачихсан гэж хэлж болно.   

Зарим жишээг тоймолж, дуулиантайг нь дурдвал,  

-”Нью Яармаг Хуасинг Прожект” ХХК Хан-Уул дүүрэгт 100 сая төгрөгөөр газар худалдаж аваад гэрчилгээг нь гаргуулснаас хойш ердөө хоёрхон хоногийн дараа уг газраа Хөгжлийн банкинд барьцаалаад 50 сая ам.доллар гаргуулчихсан байна. Тиймдээ ч Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр “Ийм бяртай хүнийг би амьдралаа хараагүй” хэмээж байх вэ.  

-Хөгжлийн банкнаас 15 тэрбумын зээл авч Яармагт “Буман залуус” 296 айлын орон сууц барьсан “Пирамид орд” компанийн дуусаагүй барилгыг гүйцээхээр “Бесон” компани орж цутгалт хийжээ. Гэтэл “Пирамид орд” компанийн захирал Г.Цолмон Хөгжлийн банкнаас зээл орж ирэхээр гэж өр зээл тавиулан баахан ажил хийлгэчихээд хөөгөөд гаргачихсан аж. “Бесон” компанийн захирал  Д. Батжаргал хийсэн ажлынхаа хөлсийг авахаар дөрвөн жил шүүхдэж байгаа ч ШЕЗ-д ажиллаж байсан гавьяат хуульч Б.Дамдин-Од бүх луйврыг нь шүүх, прокурорт зохицуулдаг. Шүүгч, прокуроруудын ажлын өрөөнд  идэж, уугаад сууж байдаг. Мөн ард нь  УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат байдаг тухай ч баримт дэлгэгдсэн юм. Г.Цолмон, Б.Дамдин-Од нар 40 жил нэг айлын баз яваа аж.  

-Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа “Пирамид орд” компанид Хан-Уул дүүрэгт 10000 м2 газрыг Хөгжлийн банкинд барьцаалах эрх олгож, үүнийхээ хөлсөнд тус газарт босох орон сууцнаас авахаар тохиролцсон байна. Энэхүү гэрээг баталгаажуулж Г.Байгалмаа гарын үсэг зурсан ба уг хэрэгт Г.Цолмон, Г.Байгалмаа нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.  Хамгийн гол нь Хөгжлийн банкнаас авсан зээлийн дийлэнхийг Г.Цолмонгийн охин Ц.Хонгормаа хэдэн тэрбум, саяар нь авч ёстой л нэг тэрбумтан шиг загнаж, үрэн таран хийжээ. 

-Хөгжлийн банкны томоохон дуулиант зээлдэгчид бол “Изинис Эйрвейз” ХХК юм. Тус компани 2019 онд 22,9 тэрбумын зээл авч, ах дүү, хамаатан садан, ураг төрлөөрөө хэрхэн хуваан авсныг харж болно. Тухайлбал, сонсголд Э.Золзаяа гэрчээр оролцсон ба тэрбээр “Изинис Эйрвейз” ХХК-ийн 30 хувийг харин Т.Эрдэнэ гэгч 1991 онд төрсөн залуу 70 хувийг эзэмшдэг байна. Э.Золзаяа УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очирын охин. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын бэр. Т.Эрдэнэ нь Б.Хурцын хамаатан. Т.Эрдэнэ гэхэд л 1,7 тэрбумыг зориулалтын бусаар зарцуулж, хувийн хэрэгцээндээ гэхэд л 325 саяыг бэлнээр, дөрвөн сая ам.долларыг шилжүүлэн авч хэрэглэсэн байх жишээтэй. Мөн 300 саяыг Б.Хурцын эхнэр Ү.Сарнайн “Сарнайх” ХХК-д шилжүүлж, 7,5 тэрбумыг үргүй зарцуулсан гээд тоочвол дуусашгүй.  

-”Голомт”-ын Д.Баясгалангийн 100 хувийн эзэмшлийн “Цэцэнс майнинг” компани Голомт банкаар баталгаа гаргуулж Хөгжлийн банкнаас 135 тэрбум төгрөгтэй тэнцэх евро, иений зээл авангуутаа “Голомт” банкдаа өрөө төлсөн нь сонсголын бас нэгэн анхаарал татсан жишээ болж байна. Энэ мэт зээл аваад жижиг том өрөө төлж, үлдсэнээр нь зугаацсан олон жишээ байсныг энд тодотгоё.  

-”Бэрэн” группийн захирал Б.Мөнхтөр Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ дийлэнхээр мөрийтэй тоглочихсон байх жишээтэй. Үүнийг нь Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр асуухад үгүй хэмээн мэлзэж байсан ч удалгүй баримтууд ил болж, Б.Мөнхтөр Макао, Сингапур, Бээжингийн казинод нийтдээ 1,5 сая ам.долларыг бэлнээр авсан. Нийтдээ казиногоор 44 удаа үйлчлүүлж, нэг тэрбум 209 сая 802 мянга 209 төгрөгийн гүйлгээ хийжээ. Мөн Hotel  казинод 77 удаагийн шилжүүлгээр 114 сая,  Forex  казинод 24 удаагийн шилжүүлгээр 46 сая, Макаогийн казинод 254 удаагийн шилжүүлгээр нийтдээ 436 сая төгрөг түүний нэр дээрх картаар зурагдсан байх жишээтэй. Үүнээс илүү нотолгоо баталгаа гэж юу байх вэ. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайтай ийнхүү казино хэсэн, зээлийн мөнгөөрөө “жаргаж” явжээ. 

Сонсголоор бас нэгэн анхаарал татсан нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хуулиас гадуур дураараа аашилж буй бичлэг. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Бондын зөвлөл, Бодлогын зөвлөлийн хуралдаанд тэрбээр “За тохирсон уу, болсон уу. За тэгвэл 50 сая ам.долларын зээлийг өгий” гэхчлэн амаар урьдчилан тохирч, ард нь гүйцэлдүүлдэг хэд, хэдэн бичлэгийг сонсгож, ил болгосон. Албан ажил ярьж суугаа бус архины ширээний ард наймаалцаж байгаа аятай түүний яриа Ерөнхий сайдын хэмжээнд гэхэд даанч үнэмшимгүй. 

Хөдөлшгүй нотлох баримт, санхүүгийн тооцоон дээр суурилж хийсэн энэ удаагийн сонсгол Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийн хэн нь хэн бэ гэдгийг хэлээд өгчихсөн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудахад өмнөх өдөр нь болоод өнгөрсөн АН-ын хурал давхцсан гэх худал шалтгаанаар ирээгүй бол Ч.Сайханбилэгийг хайгаад олоогүй. Мөн Монгол-Оросын гуравдугаар сургуулийн захирал, Сангийн сайд асан Б.Болор зүв зүгээр утсаар ярьж байснаа сонсголд гэрчээр дуудсаныг хэлэхэд “Энд тийм хүн байхгүй” гээд утсаа тасалчих жишээтэй. Хамгийн харамсалтай нь, хэдэн тэрбумын зээлийг төлөхгүй ширэн нүүрлэж суугаа бизнес эрхлэгчид ичиж, эмээж байгаа зүйл алга. Харин ч эсрэгээрээ бүр цайрчихсан, ярвайж, янцаглаж бүхий л бурууг корона руу, төр, засаг руу рүү чихэж суугааг харахад  гутмаар...

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1