surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Зовж барьсан инфляцаа зоргоор нь тавиад сонгуульд МАРШ

Зовж барьсан инфляцаа зоргоор нь тавиад сонгуульд МАРШ

Эрх баригчдын амны уншлага болсон зээлээ тэглэсэн, инфляци нэг оронтой тоо руу орсон зэрэг сүржин яриа зургаан сар гэхэд бутран унаж болзошгүй байна. Тодруулбал энэ жилийн сонгууль угтсан бэлэн мөнгө, төсвийн тэлэлтээс үүдэн төгрөгийн ханш сулрах талаар шинжээчид сануулсаар байгаа юм.  Ёстой л хутганы ирэн дээр улсаараа зогсож байж мэдэх эрсдэлийг үүрүүлчихээд сонгуулиар цусаа сэлбэх харгис байдал мэдрэгдээд эхэллээ. 
ҮСХ: 2023 ОНД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ДОЛООН ХУВИАР ӨСӨВ
Өнгөрсөн жилийн өдийд Европын Сэргээн босголтын банк Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7.2 хувиар өснө гэсэн төсөөлөл гаргаж байв. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд долоон хувиар өссөн болохыг баталлаа.

2023 оны Монголын эдийн засгийн өсөлт нь 2018 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрч байгаа бөгөөд өсөлтөд нүүрсний экспорт өнгөрсөн онд түүхэн дээд түвшиндээ хүрсэн, уул уурхайн биржийн үйл ажиллагаа голлон нөлөөлсөн талаар онцолжээ. Түүнчлэн өнгөрсөн онд уул уурхайн салбар 23.4 хувь, тээврийн салбар 39.3 хувь, аж үйлдвэр, барилгын салбар 4.1 хувь, үйлчилгээний салбар 9.2 хувиар өссөн бол хөдөө, аж ахуйн салбар 8.9 хувиар унасан үзүүлэлттэй байна.


Монгол Улсын 2023 оны эдийн засгийн өсөлтийг Дэлхийн банк 5.8 хувь, Олон улсын валютын сан 5.5 хувь, Азийн хөгжлийн банк 5.7 гэж төсөөлж байсан. Хэдий дэлхийн олон шинжээчийн таамаг, төсөөллийг эвдэж, эдийн засаг эерэг үзүүлэлт гаргасан ч сонгуулийн жил угтаж байгаагийн хувьд 2024 он Монголын эдийн засгийн хувьд эрсдэл хүлээх жил болох гэнэ. Тухайлбал, саяхан иргэдийн дансанд олгосон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн мөнгөнөөс эхлээд сонгууль угтаж, бэлэн мөнгө гар дээр их хэмжээгээр тарааснаас төгрөгийн ханшид нөлөөлөх, цаашлаад инфляцид сөрөг үр дагавар авчрах аж.
-АРД ТҮМНЭЭ ТАРХИДАХААР ТӨСВӨӨ ТЭЛСЭН ЯВДАЛ ГАЙ ДАГУУЛАХ НЬ
Жил жилийн төсвийн төслийг хэлэлцүүлэхэд хөрөнгө оруулалтын асуудал гол сэдэв байсан. Өнгөрсөн жилийн төсвийн төсөлд нэг ч шинэ хөрөнгө оруулалт тусгалгүй, он дамнасан хуучин ажлуудаа үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаар хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багассан. Тэгвэл энэ оны төсөвт нийт 1025 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд орон нутгийн хөрөнгө оруулалтын төсвийг задалж үзвэл төсвийн алдагдлыг 2.1 их наядаар тэлж, нийт урсгал зардлыг 21.3 их наяд гэж тооцон өнгөрсөн жилүүдийнхээ эрс нэмсэн. Төсвийн хөрөнгийн дийлэнх хувийг цалин, тэтгэвэр эзэлж байгаа бөгөөд бүрэн эрхийнхээ сүүлийн хугацаанд төсөв баталж байгаа парламентын гишүүд хөрөнгө оруулалтаар тойргоо услах сонирхолтой байгаа талаар яригдаад л өнгөрсөн. Харин төсвийн зардлыг нарийн судалгаа, шинжилгээгүйгээр огцом тэлэх болсон нь стагфляцийн эрсдэлээс гарч, тогтворжих замдаа орж байсан инфляцийг хяналтаас гаргаж, 15 хувь болтол өсгөж болзошгүй талаар “Asia Network”-ийн шинжээчид онцолжээ.


  Тухайлбал, өнгөрсөн 2023 оны хагаст 11 хувьтай гараад байсан улсын инфляц оны сүүлчээр найман хувь хүртлээ буурсан. Сүүлийн хэдэн жилийн турш 10 хувиас буураагүй амьжиргааны зардал тэр хүртэл буурсан нь улс орон төдийгүй иргэдийн хувьд таатай мэдээ байв. Гэтэл хөрөнгө оруулалтаар тойргоо “услах” сонирхолтой парламентын гишүүдийн төсвийн зардлыг тэлэх шийдвэр эсрэгээрээ инфляц энэ онд нэгж нэгжээрээ өсөж, 15 хувь гарч болзошгүй нөхцөл байдал үүсгээд байгаа юм байна. Тухайлбал, инфляцийн бууралт дотоод хяналттай холбоотой. Монгол Улс сүүлийн жилд дотоод хяналтаа сайжруулж, төгрөгийн ам.доллартой харьцах ханш чангарсан нь өнгөрсөн оны сүүлчээр инфляц бага зэрэг буурахад нөлөөлсөн. Гэсэн ч ямар нэгэн туршилтын үр дүнгүйгээр цаасан баримтаар төсвийн зардлыг тэлсэн нь энэ онд инфляц дахин өсөх “суурь” болж байгааг шинжээчид сануулсаар байв.

 Харамсалтай нь нүдээ аниж, чихээ бөглөөд төсвөө тэлсэн. Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс эс шалтгаалж, инфляц өсөх нь тодорхой болоод байгаа юм. 
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1