surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Дайнд өртсөн орнууд хямарч байна

Дайнд өртсөн орнууд хямарч байна

Зүүн Европын зүрхэн тушаа, Ойрхи Дорнодын баруун хаяанд дайн, зэвсэгт мөргөлдөөн үргэлжлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Орос, Украины дайн өнгөрсөн сарын 24-нөөр гурав дахь жилдээ оров. Харин Газын зурвас дахь зэвсэгт мөргөлдөөн тав дахь сардаа үргэлжилж байна.
Улс орны удирдагчид, тэр дундаа Монголын эрх баригчид эдийн засгийн гол үзүүлэлт бүрийн уналтыг дайнтай холбон тайлбарлаж, ойлгох болсон энэ үед дайнд нэрвэгдсэн орнуудын эдийн засаг хэрхэж байгааг тоймлов.
ОХУ-ын харгис довтолгоо олон сая хүнийг ядууруулж, Украины эдийн засгийг сүйрүүлсэн. Нөгөө талд ОХУ өөрөө ч хориг арга хэмжээнд нэрвэгдэж, эдийн засаг нь хүндхэн байна. Үнэндээ Орос, Украины дайн зөвхөн дайтагч талуудаар тогтохгүй бүс нутаг даяар санхүүгийн хямралыг авчраад буй гэх.
УКРАИНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД НӨХЦӨЛ БАЙДАЛ САЙЖИРНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТ АЛГА
Тэгвэл Украины Эдийн засгийн ажиглалтын төв 2022 оны хоёрдугаар сарын 24-нөөс хойших Киевийн эдийн засгийн үр дагаврыг тоймложээ. Ингэхдээ хөдөлмөрийн зах зээл, бизнесийн салбар, гадаад санхүүгийн тусламж, гадаад худалдаа, эрчим хүч, металург, хөдөө аж ахуй, мөнгөний бодлого, инфляци, банк, дотоодын нийт бүтээгдэхүүн, төсвийн бодлого гэсэн чиглэлүүдэд шинжээчдийн дүгнэлтийг нэгтгэсэн байна. Эндээс онцлох үзүүлэлтүүдийг танилцуулъя.
Украин нь Зөвлөлтийн хамгийн ядуу бүгд найрамдах улсын нэг байжээ. 1991 онд Украин тусгаар тогтнолоо олж авсан ч дайны улмаас арай гэж олсон ахиц дэвшил нь талаар болж байна.
Украины эдийн засгийн гарц өдгөө дайны өмнөх үеийнхээс бага байна. Мөргөлдөөний эхний жилд тус улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 30-35 хувийг алдсан. Энэ нь Украины түүхэн дэх хамгийн том уналт байв.
Дайнд нэрвэгдсэн улс учир мэдээж ажил хайгсад тийм олон байхгүй. Бүрэн хэмжээний дайралт эхэлснээс хойш Украины улсын статистикийн алба ажилгүйдлийн мэдээллийг нийтлээгүй. Гэхдээ “Инфо Сапиенс” судалгааны агентлаг дараах тооцооллыг гаргажээ. Тэдний мэдээлснээр, Украин дахь ажилгүйдлийн түвшин 2024 оны нэгдүгээр сард 17 хувьтай байна.
Украины бизнес эрхлэгчдээс судалгаа авахад нөхцөл байдал сайжирна гэсэн тэдний хүлээлтийн индекс буурсан үзүүлэлттэй байжээ. Тодруулбал, бизнесийн хүлээлтийн индекс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 45.7 хувь байсан бол нэгдүгээр сард 41 болж буурсан. Энэ нь төвийг сахисан 50 нэгжээс доогуур буюу муу үзүүлэлт юм. Тэдний хүлээлт буурсан нь дайн идэвхжиж, гадаад тусламжийн хугацаа, хэмжээ тодорхойгүй болсон, мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байгаа зэрэг шалтгаантай холбоотой.
Бизнесийн хүлээлтэд гарсан өөрчлөлт нь эдийн засгийн төлөв байдлын чухал субъектив үзүүлэлт аж.
Украин өнгөрсөн онд зөвхөн Японоос 390 сая ам.долларын гадаад санхүүжилт авчээ. Үүний 90 сая нь буцалтгүй тусламж, үлдсэн нь зээл. Харин энэ он гарсаар Европын холбооны удирдагчид Украинд 50 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээр тохиролцсон. Санхүүжилтийн хөтөлбөрийн нарийн нөхцөлийг дараа нь тогтоох аж. Энэ хүрээнд 2024 онд 18 тэрбум еврогийн төсвийн санхүүжилт, түүний дотор гуравдугаар сард 4.5 тэрбум еврогийн санхүүжилт авна гэж тооцоолж байна.
Украины эрчим хүчний салбар  цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн сард голчлон тогтворгүй байжээ. Харин сүүлийн үед хилийн шугам дагуу ОХУ-ын халдлага идэвхжсэнээр цахилгаан тасалдах болсон. Хоёрдугаар сарын эхний 10 хоногт систем тэнцвэржиж, Украины цахилгаан эрчим хүчийг Молдав, Польш, Румын, Словак руу экспортлох ажлыг сэргээжээ.
Харин хөдөө аж ахуйн салбарын хувьд томоохон асуудал нүүрлээд буй нь Польшийн тариаланчдын эсэргүүцэл. Эсэргүүцлийг үл харгалзан үр тариа, тосны ургамлын экспорт нэгдүгээр сард бага зэрэг буюу 0.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарав. НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн хүрээнд экспортолсон үр тарианы хэмжээ одоогоор 195 мянган тонн даваад байна.
ГАЗЫН ЗУРВАСТ ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХЭД ОЛОН 10 ЖИЛ ШААРДАГДАНА
Газын зурвасын эдийн засаг нь жижиг үйлдвэр, хөдөө аж ахуйгаас хамааралтай. Олон жилийн турш уналтад орсон Газын эдийн засаг 2000-аад оны сүүлээр тодорхой хэмжээний өсөлтийг үзүүлжээ. Энэ нь гадаадын тусламж, санхүүжилттэй салшгүй холбоотой. Тэгвэл дайнтай холбоотойгоор Газын эдийн засаг 2023 онд 24 хувиар агшсан үзүүлэлттэй байна.
НҮБ 2023 оны аравдугаар сарын 7-ноос хойших Газын эдийн засгийн тайлан нэгдүгээр сарын 31-нд нийтэлжээ. Уг тайланд дотоодын нийт бүтээгдэхүүний алдагдал, нөхөн сэргэх хугацаа, ирээдүйд тулгарч буй сорилтууд зэргийг дурдсан.
Газын эдийн засаг 2023 оны эхний гурван улиралд 4.5 хувиар буурсан үзүүлэлттэй байсан. Гэтэл муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр дайны нөлөөгөөр энэ үзүүлэлт улам хурдтай унажээ.
Мөргөлдөөн яг одоо дуусч, сэргээн босголтыг даруйхан эхлүүллээ ч гэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний түвшинг сэргээхэд 2092 он хүртэл хугацаа шаардагдах аж. Хэрвээ эдийн засаг нь 0.4 хувийн өсөлттэй байвал шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 10 хувиар өснө гэсэн өөдрөг хувилбараар бодоод үзвэл 2035 оноос “нар үзэх” магадлалтай.
2014 оны мөргөлдөөний дараа Газын эдийн засгийг сэргээхийн тулд 3.9 тэрбум ам.доллар зарцуулж байв. Энэ удаад үүнээс хэд дахин илүү хөрөнгө шаардагдана.
Мөргөлдөөнөөс өмнө хүн амын гуравны хоёр нь ядуу амьдарч, ажиллах хүчний 45 хувь нь ажилгүй байсан. Өдгөө Газын хүм амын 85 хувь нь дүрвэсэн бөгөөд эдийн засаг нь бүр зогсонги байдалд орсон гэхэд болно. 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар ажилгүйдэл 79.3 хувьд хүрчээ. Үүний зэрэгцээ, Газын зурвасын нийт барилга байгууламжийн 18 хувьтай тэнцэх 37,379 барилга цэргийн ажиллагааны улмаас эвдэрч, сүйдсэн байна.
Газын зурваст мөргөлдөөнөөс өмнө нь эдийн засаг нь сайнгүй байсан учир 2023 оны аравдугаар сараас өмнөх статус-кво руу буцахыг зорилго болгож болохгүй гэдгийг НҮБ анхааруулж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1