surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Өнөөдрийн байдлаар ДӨРВӨН сая мал хорогдсон

Өнөөдрийн байдлаар ДӨРВӨН сая мал хорогдсон

Цаг үе, нөхцөл байдал хүндэрч буйтай холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагт мэдээлэл өгч байгаа билээ. Энэ удаагийн мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн юм. 
ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 4 САЯ МАЛ ХОРОГДСОН
“Нийт 77,394 айл өрхөд 203,000 боодол өвс хүргэсэн. 80 мянган малчин өрхөд тэжээлийн хангалт нийлүүлэгдэж байна. Нийт 110 мянган айл өрхөд 1740 тонн хүнсний бүтээгдэхүүн гурил будаа хүргэлээ.
Улсын хэмжээнд оторлож байгаа айлуудад шуурхай бүлгийн долоон ажлын хэсэг явуулаар эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа. 15 аймгийн нутагт нийтдээ 118,972 км автозамыг аймаг сум, баг малчны хот руу гаргасан. Давхардсан тоогоор 5000 гаруй алба хаагчид ажиллаж байна.
Хорогдсон малын мах аливаа дайвар бүтээгдэхүүн хүнсэнд хэрэглэх боломжгүй. Цагдаа, тагнуулын ажлын хэсгүүд хяналтаа тавиад явж байгаа. Одоогоор хүнсэнд нийлүүлсэн тухай мэдээлэл бидэнд ирээгүй байна.  
Өнөөдрийн байдлаар 4 сая мал хорогдсон. Уг мэдээллийг 10 хоног тутамд шинэчилж байгаа. Сүүлийн 10 жилд ороогүй цас орсон. Тиймээс зудын хүндрэлийн зэрэгцээ шар усны аюул бас байна" гэлээ.
ДЭЛБЭРЭЛТИЙН НЭГДСЭН ДҮГНЭЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1-нд ГАРНА
БЗД-ийн 26 дугаар хороонд болсон дэлбэрэлтийг шалгаж байгаа. Хууль хяналтын ажлын гацалтаас үүдэн ажил зогссон ажил байхгүй. Хэргийн газрын үзлэгийн ажлаа хийж байна. Бид уг хэргийг шахаж ажиллуулж байгаа. Өнөөдрийн байдлаар төрийн байгууллагаас шалтгаалах ажлууд дууссан. Одоо хөндлөнгийн шинжээчийн хэд хэдэн дүгнэлтүүд хүлээгдэж байгаа.
Үүнд: Автомашин зориулалтын шаардлага хангаж байгаа эсэхийг мэргэжлийнхэн шалгаж байна. Байр орон сууцны бөх бат чанар, ан цав гарсан, галд уярсан эсэх болон цаашид ашиглах боломжтой эсэхийг Барилга, хот байгуулалтын яамны мэргэжлийн хяналтын хэсгийнхэн хяналт шалгалтыг хийж дууссан. ШУТИС-ийн лабораторид арматур, бетоны шинжилгээг хийх ажлууд үргэлжилж байна. Бүх нэгдсэн дүгнэлт дөрөвдүгээр сарын 1-нд гарна. Дүгнэлтээр дэлбэрэлтэд өртсөн байрыг засварлах боломжтой гэвэл засварын ажлыг хийнэ.
Хамгийн сүүлийн байдлаар буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өгсөн мэдээллээр 10 хоногийн дотор дүгнэлт гарч бэлэн болно гэсэн. Тэгэхээр дэлбэрэлттэй холбоотой бүх дүгнэлтүүд ирэх сарын 1-ний дотор гарч дуусна. ХНХЯ-аас ажлын байрны аюулгүй ажиллагаа хангагдсан эсэхийг дүгнэх ажлын хэсэг гараад, дүгнэлт бэлэн болсон. Нэгдсэн дүгнэлтийг бид эцэслэн, бэлэн болсон даруйд нь олон нийтэд нэг бүрчлэн нээлттэй мэдээлэх болно. Энэ хугацаанд Засгийн газраас холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Тухайлбал дэлбэрэлтэд өртсөн 207-р байр, 63 айлын орон сууцыг засварлах хөрөнгийг Засгийн газраас төсвөөс гаргах тухай шийдвэрлэсэн. Дүгнэлт гараад засаж болно гэвэл, засварын ажил хийгдээд явна. Болохгүй гэвэл дараагийн шийдэл юу байхыг тухайн цаг үед нь шийдвэрлэнэ" гэлээ.
МАЛЧДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТАЛААР ЗАСГИЙН ГАЗРААС ХЭЛЭЛЦЛЭЭ.
"Манай улс 190 гаруй мянган малчин өрхтэй. үүнээс 141 мянган айл өрх зээлтэй байна. Энэ дүн нийтдээ 1.3 их наядын зээл байна. Дундаж зээлийн хэмжээ 30 сая, дээд хэмжээ 50 сая төгрөг байна. Малаа барьцаалаад авдаг. Үүний дийлэнх хувь нь буюу 52 хувь нь Төрийн банканд 685 тэрбум төгрөг байна. Үлдсэн 42 хувь нь Хаанбанканд байна. 140 мянган малчин өрхийн 10 орчим хувь нь даатгалтай байна. Ихэнх нь даатгалгүй учраас хаа хаанаа хүнд нөхцөл үүсэж, банкууд ч хүнд нөхцөлд очиж болохоор байна.
Мал нь байхгүй айлууд уулын мухарт юу хийх вэ дээ. Тиймээс хот суурин газрыг барааддаг. Дээрээс нь суурин газрын бидний хүнсний хангамжийг бүрдүүлэг малчдад маш том гарз үүссэн тул энэ нь ч хүнд нөхцөлд очиж байна. Тиймээс малчдын зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлэх талаар Засгийн газраас хэлэлцлээ. Нийт зээлийн дундаж хүү 21 хувь байгаа. Үүний 6 хувийг малчин өрх дааж, үлдсэн хүүгийн зөрүү тодорхой зохицуулалтыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцэх судалгаа шинжилгээний ажлыг давхар хийж байна" гэв.


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1