surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

СӨХ-ны мөнгөө төлөөгүй өрхүүдэд хариуцлага хүлээлгэнэ

СӨХ-ны мөнгөө төлөөгүй өрхүүдэд хариуцлага хүлээлгэнэ

Өнөөдрийн байдлаар нийслэлд 1474 Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018-2022 онд СӨХ-той хамааралтай нийт 5360 нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна. Ихэнх нэхэмжлэл нь СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа, СӨХ-ны ашиглах эрхтэй газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай байсан гэдгийг албаныхан онцолж байна.
Тэгвэл СӨХ-ны эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ.
Уг хуулийн албан ёсны нэршил нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль. Тус хууль 21 зүйлтэй байсан юм. Харин шинэчлэн найруулсан Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эдхөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл нь 15 бүлэг, 84 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд тусгажээ.
Өчигдөр Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийн танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.
ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛСОН ШАЛТГААНУУД 
1. Орон сууцны байшингийн засвар, үйлчилгээтэй холбогдсон маргаан, зөрчил байнга гардаг.
2. СӨХ-ны үйл ажиллагааны төлбөр, хураамжийг цаг хугацаанд нь төлдөггүй сууц өмчлөгчид хүлээлгэх хариуцлага тодорхой бус.
3. Оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, авто машины зогсоолтой байх эрх зөрчигддөг.
4. СӨХ нь оршин суугч, иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах боломж хязгаарлагдмал.
5.Дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалтыг үр ашигтай зохион байгуулах боломжгүй.
6. СӨХ-ны үйл ажиллагааны нэгдсэн стандартгүй, холбооны санхүүгийн болон үйл ажиллагаанд тавих хяналт сул, төлбөрийн зарцуулалт ил тод бус.
7. Их засвар хийх санхүүгийн найдвартай эх үүсвэргүйн улмаас иргэдийн өмч - орон сууцны байшингийн үнэ цэн унах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөх явдал түгээмэл гардаг.
ТУС ХУУЛИЙН ОНЦЛОХ ӨӨРЧЛӨЛТҮҮД 
СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамжийн асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх, хуульд заасан хугацаанд төлөөгүй сууц өмчлөгчид хариуцлага тооцох боломж бүрдэнэ.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, менежменттэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болж, сууц өмчлөгчид эрүүл, аюулгүй орчинд тохь тухтай амьдрах, ажиллах нөхцөл бүрдэнэ.
СӨХ-ны бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах, холбооны үйл ажиллагааны болон санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах, сууц өмчлөгчид, орон нутгийн удирдлага, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас хяналт тавих эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд их засвар хийх, ашиглалт, үйлчилгээг үр ашигтай зохион байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой засвар, арчлалтын сан байгуулагдсанаар орон сууцны байшин буюу оршин суугчдын өмчийн үнэ цэнийг урт хугацаанд тогтвортой хадгалах санхүүгийн найдвартай эх үүсвэртэй болно.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1