surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Эрчүүдийн наслалт эмэгтэйчүүдээс 9.5 жилээр бага байгаа нь архи, тамхи, зохисгүй хооллолт, хорт зуршлаас үүдэлтэй гэв

Эрчүүдийн наслалт эмэгтэйчүүдээс 9.5 жилээр бага байгаа нь архи, тамхи, зохисгүй хооллолт, хорт зуршлаас үүдэлтэй гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо манлайлал” үндэсний II чуулганыг өнөөдөр /202403.16/ Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Адъяасүрэн, “Сэтгэл бол эрхтэн” ТББ-ын Тэргүүн, сэтгэл засалч Р.Энхтүвшин, Монголын эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн, хошууч генерал Я.Пүрэвдорж болон албаны бусад хүмүүс оролцлоо. 

Чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож хэлсэн үгэндээ “Хүн амын эрүүл мэнд, эрүүл зан үйлд төлөвшүүлэх, эрүүл ирээдүйг бий болгож соён гэгээрүүлэх чиглэлд Эрүүл монгол үндэсний хөтөлбөрийг эхлүүлсэн” гэдгийг онцолсон юм.  

Чуулганд “Эрүүл Монгол хүн-Эрчүүдийн эрүүл мэнд” сэдвээр Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, Спорт, Нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан илтгэл тавьж оролцлоо. Тэрбээр “Монголчуудын дундаж наслалт 70.7 байна. Эрчүүдийнх эмэгтэйчүүдээс 9.5 жилээр бага байна. Олон улс болон хөрш орнуудтай харьцуулбал 5-7 жилээр бага байна. 1990 оноос дундаж наслалт улсын хэмжээнд нэмэгдсэн ч тухайн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү 5.5 жил байсан. Энэ зөрүү нэмэгдэж байгаа нь эрэгтэйчүүдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарах цаг болсны дохио. Эрчүүдийн дунд зүрх судас, амьсгал, хоол боловсруулах, бэлгийн замын өвчнүүд тэргүүлж байна. Тухайлбал, элэгний хорт хавдар жилдээ 1092, ходоод 659 гэх зэргээр өндөр байна. Үүний суурь шалтгаан нь архи, тамхины хэрэглээ. Осол гэмтэл ч эрчүүдийн дунд өсөж байна. Жишээ нь, хавдар үүсгэж байгаа шалтгаанууд дунд тамхидалт 25-30, дам тамхидалт 4-6 хувь буюу 30 гаруй хувийг тамхи эзэлж байна. Бас 30 хувийг нь зохисгүй хооллолт эзэлж байгаа. Эндээс харвал, хорт зуршилгүй, амьдралын зөв хэвшилтэй байвал хорт хавдраас бараг 60 хувь сэргийлж чадах нь. Энэ бол бидний хийж чадах зүйл. 

No description available.

Эрүүл монгол хүн гэдэг нь эрүүл чийрэг бие бялдартай, эрүүл саруул оюун ухаантай, эрүүл зан үйл, амьдралын хэвшилтэй, эрүүл орчин бүтээгч хүнийг хэлнэ. Нийт хүн амын 3.9 хувьд нь эрүүл амьдрах орчин, бололцоо бүрдсэн байна. Үүнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн чиглэж байгаа. Өвчин тусчихаад эмчлэх бус, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг бодлогыг нас, хүйс, онцлогт нь тохируулан хүргэх бодлого хэрэгжүүлж байгаа юм. Архи, тамхины хэрэглээг хязгаарлах талаар өнгөрсөн хугацаанд томоохон бодлого хэрэгжүүлээгүй учраас “Эрүүл монгол хүн” үүнд чиглэнэ. Өвчний шалтгаан болсон үндсэн таван шалтгаан руугаа чиглэсэн бодлого хэрэгжүүлж байна гэсэн үг. Архидалттай тэмцэх үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд ямар ч төсөлгүй хэрэгжүүлдэг байсан бол бид одоо тодорхой хэмжээний төсөвтэй болсон. Үргэлжлүүлэн бид бодлогын арга хэмжээ авах ёстой. Ер нь архи, согтууруулах ундааны хэрэглээ буурч, нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байгаагийн нэг жишээ нь согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 14.6 хувиар буурсан явдал. Өнгөрсөн 2 жилд эрүүл залуу, шинэ үе бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулж, өндөр үр дүнд хүрсэн. Үүнийгээ улам сайжруулж чадвал ирээдүй болсон хүүхэд, залуучууд архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй, хэрэглэсэн ч соёлтой хэрэглэх боломж бүрдүүлж байна. Дараагийн шатанд архинд донтох эмгэгтэй болох эрсдэлтэй байгаа хүмүүсийг хэрхэн эмчилж, ажлын байраар хангах вэ гэдэг бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд үндэсний хэмжээнд эмчилгээний болон сэтгэл зүйн багийг бэлдсэн. Эхний ээлжид Хан-Уул дүүргийг жишиг дүүрэг болгох ажлыг эхлүүлэн, бүх хорооноос иргэд хамрагдаж байна. Үүнд тухайн хорооны нийгмийн ажилтан, Засаг дарга, цагдаа, өрхийн эмч гээд бүгдийг нь хамруулсан баг бүрдүүлж, “Эрүүл Хан-Уул дүүрэг” төслийг эхлүүлэн, эхнээсээ эмчлүүлэн, үр дүн нь гарч байна. Цаашдаа бүх аймгийн төвд үүнийг хэрэгжүүлнэ” гэлээ.


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1