surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Чехийн нэг эмнэлэг Ази өвчтөнүүдээ хольж сольсны улмаас хүсээгүй үр хөндөлт гүйцэтгэжээ

Чехийн нэг эмнэлэг Ази өвчтөнүүдээ хольж сольсны улмаас хүсээгүй үр хөндөлт гүйцэтгэжээ

Чех улсын нийслэл Прага хотын нэг эмнэлэг хариуцлага алдаж, өвчтөндөө хүсээгүй үр хөндөлт гүйцэтгэснийхээ төлөө өчигдөр уучлал гуйжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус эмнэлгийн хяналтад байдаг хөл хүнд эмэгтэй ээлжит үзлэгтээ орохоор ирж байсан гэнэ. Энэ үед бас нэг өвчтөн эмэгтэй жирэмслэлтээс сэргийлэх зорилгоор хийгддэг мэс ажилбарт орохоор ирээд байжээ.

Хоёр өвчтөн хоёул Чех улсад оршин суудаг Ази гаралтай хүмүүс байсан байна.

Гэтэл эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдийг ялгаж таньж чадаагүйн улмаас жирэмсэн эмэгтэйг буруу хагалгаанд оруулж, үүний улмаас ураг нь эндсэн байна.

“Хүний алдааны улмаас ийм харамсалтай хэрэг гарлаа” гэж Прага хотын Буловка эмнэлгийн захирал Ян Квачек өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр хохирогч эмэгтэйд сэтгэл зүйн болон хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна эмнэлгээс нөхөн олговор олгох болсныг энэ үеэр хэлсэн байна.

Өвчтөнүүдтэй харилцахад хэлний бэрхшээл гарч байсан нь алдаа гаргахад хүргэснийг бас тайлбарлажээ.

Энэхүү хэрэг явдалтай холбогдуулан Буловка эмнэлэг нэг ажилтнаа халж, нэг ажилтныг тусгай мэргэжилтний хараа хяналт дор ажиллуулах шийдвэр гаргасан байна.

Европын орнуудад Ази хүмүүсийг ялгаж салгаж чадаагүйгээс иймэрхүү эмгэнэлт явдал тохиолдож байсан түүх бий.

1991 онд Франц улсын Лион хотод вьетнам гаралтай эмэгтэй мөн өөр өвчтөнтэй солигдсоны улмаас хүүхдээ алдаж байжээ.

Тухайн үед уг эмэгтэй Европын Хүний Эрхийн Шүүхэд гомдол гаргаж, эмнэлгийг хүн амины хэрэгт буруутгаж байсан юм.

Гэвч маргаан олон жил үргэлжилсний эцэст 2003 онд шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, үр хөндөлтийг хүн амины хэрэгт тооцох боломжгүй гэсэн шийдвэр гаргаж байжээ.

 

Эх сурвалж: AFP

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1