surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

С.Энхболд, Ж.Чинбүрэн нарын хэн нь үнэн ярьж байна вэ

С.Энхболд,  Ж.Чинбүрэн нарын хэн нь үнэн ярьж байна вэ

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах УИХ-ын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор өчигдөр /2024.04.16/ Эрүүл мэндийн яамны эрх бүхий албан тушаалтнууд эмийн бизнес эрхэлдэг компаниудтай хамаарал бүхий байгааг зарласан. Нийт 117 албан тушаалтнаас 97 нь хамаарал бүхий байгааг тодотгосон бөгөөд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Мөнхийн тун” компанитай нэгдмэл ашиг сонирхолтой болж таараад буй. Гэвч Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд энэхүү мэдээллийг няцааж байгаа бол дээрх Түр хорооны сонсголыг даргалж буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Шинжээчийн мэдээлэл үнэн” гэж мэдэгдэж байгаа.

Эрүүл мэндийн сайд асан С.ЭНХБОЛД :  “Мөнхийн тун” компанитай хамааралтай гэдгээ сая телевизээр зарлахад л мэдлээ.  Өөр бусад хүмүүсийн тухай мэдээлэхдээ ч буруу л мэдээлж байна лээ.  Би өөрөө эмийн компанитай гэдгээ мэдэхгүй байна.  Хэрвээ эмийн компанитай холбогдсон юм бол хэдэн оноос хэдэн оны хооронд байсан юм гэдгийг шинжээч бодитойгоор танилцуулах ёстой.  Ийм мэдээлэл байхгүй. Эцэст нь би муу нэртэй хар сэвтэй л хүн болж үлдэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн : Эмийн бизнестэй холбоо хамааралгүй хүмүүсийг энд гаргаж ирээд зарлаад байгаа юм биш. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн та бүгдийн ажилтай нэгдмэл ашиг сонирхолтой байна гэдгийг хоёр үзүүлэлтээр гаргаж ирж байгаа. Энэ асуудлыг цааш нь хууль хүчний байгууллагад өгч шалгуулна. Эрүүл мэндийн салбарын эмийн өсөлт өндөр байгаагийн үндсэн углуурга нь хамаарал бүхий компанитай этгээдүүдтэй холбоотой байна. Энэ сонсголын үеэр “Хүн гүжирдлээ, чи яасан том юм” гэсэн сүрдүүлсэн мессэж гар утсанд ирж байна. Албан тушаалтны харилцан хамаарал аалзны тор шиг шигдсэн байна.

С.Энхболд нь  сайдаар ажиллаж байх үедээ Эрүүл мэндийн яамны "Цахим эрүүл мэнд" төслийг Дэлхийн банк 19.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болж, 2016 онд эхлүүлж байжээ. Улмаар 9.5 сая ам.долларыг нь өгсөн ч, ердөө 29-хөн хувийн гүйцэтгэлтэй байсан тул 2022 онд арга буюу төслөө зогсоосон байна. “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд хэрэгжих байсан HIEP, PACS төслүүдээр иргэдийн мэдээлэл бүх шатлалын эмнэлгүүдээр үйлчлүүлэхэд холбогдон нэгтгэгдчихсэн хэмжээний дэвшилт гарах учиртай байв.

  • HIEP (Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны флатформ) -ийн тендерт “Bit computer” болон “Taihan Cable Solution” гэсэн БНСУ-ын компаниудын нэгдэл шалгарчээ.
  • PACS (Дүрс архивлах, хадгалах, солилцох систем) -ийн тендерт “Arima Japan” болон “Amin Inn” гэсэн Япон компаниудын нэгдэл шалгарчээ.

Хачирхалтай нь, дээрх Япон, Солонгосын хөрөнгө оруулалтай гэх хоёр компанийн туслан гүйцэтгэгчээр “Аксис системс” гэх Монгол компанийг шалгаруулан оруулж ирсэн байна. “Аксис системс” ХХК-ийг Жамбалсүрэнгийн Мөнгөнсүх, Ядамсүрэнгийн Энхчулуун нар хамтран эзэмшдэг. Гүйцэтгэх захирлаар Тулгын Асралт гэх нэр бүртгэлтэй байдаг. Гэтэл PACS-ийн төсөл хариуцсан менежер нь Ж.Мөнгөнсүх, HIEP-ийн төсөл хариуцсан менежер нь Ө.Эсболд болж таарав. Тэднийг яамнаас оруулж ирсэн гэсэн үг. Ж.Мөнгөнсүх, Ө.Эсболд нар найзууд бөгөөд Ө.Эсболд нь Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын үеэл дүү юм. Хамгийн ноцтой нь “Цахим эрүүл мэнд” төслийн хөрөнгөөс албан тушаалаа урвуулан завшиж, бусдад давуу байдал олгосон гэх асуудлаар АТГ мөрдөн шалгах ажиллагаа явуулж Ө.Эсболд, Ж.Мөнхжаргал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэг нарыг яллагдагчаар татжээ. 2023.12.28-нд энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлж байв. Энэ мэт хуулиас бултаж ирсэн С.Энхболд, УИХ-ын Ж.Чинбүрэнгийн ахалж буй нээлттэй сонсголыг буруутгах акцыг хүчтэй өрнүүлээд зогсохгүй өөрөө ч сонсголын үеэр мэдэн будилав. Тэгвэл тэрбээр Мөнхийн тун ХХК-тай дараах байдлаар нэр холбогддог. 

 

  • Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг ажиллаж байх үеийн удирдлагын баг, хамт олны 110 хүний 97 нь буюу 88,1 хувь нь эм, эмнэлгийн хэрэгслийн бизнестэй хамаарал бүхий байна.
  • Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Эрдэмбилэгийг Эмийн зөвлөлийн даргаар ажиллаж байх үед 321 хүний 241 нь мөн эм, эмнэлгийн хэрэгслийн бизнестэй хамаарал бүхий байна.
  • Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга асан Б.Бямбадоржийн үед нийт ажиллагсдынх нь 30 гаруй хувь нь эмийн бизнестэй холбоо хамааралтай байна.
  • Эм эмнэлгийн хэрэгсэл, хяналт зохицуулалтын газрын 42 хүнээс 41 нь бас л эм, эмнэлгийн хэрэгслийн бизнестэй ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай байна гэж танилцуулагдлаа.

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ч өөрөө хамаарал бүхий компанитай байгааг шинжээч онцолсон. Тодруулбал тэрбээр “Мөнхийн тун” ХХК-тай хамаарал бүхий этгээд гэдгийг танилцуулсан. Тэгвэл түүний хамаарал бүхий гэгдэх “Мөнхийн тун” ХХК-аас ковидын үед 4 тэрбум 300 гаруй сая төгрөгөөр нэг удаагийн бээлий, халад, амны хаалт зэргийг шууд худалдан авч байсан байдаг. Энэ нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгааг аудит илрүүлж байсан.
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1