surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын нуун дарагдуулж байж болзошгүй хүчирхийллийн хэргийн мөрөөр

Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын нуун дарагдуулж байж болзошгүй хүчирхийллийн хэргийн мөрөөр

Цагдаагийн алба хаагч нар 15 настай охиныг хүчирхийлсэн гэх хэргийг бид уржигдар буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр мэдээлсэн.  Тэгвэл бид өчигдөр Говь-Алтай аймагт ажиллаж, нохой сургагч Т гэх залуу хүчирхийлэл үйлдсэн төдийгүй уг залууг одоогоос хэд хоногийн өмнө ажлаас нь чөлөөлсөн болохыг Цахиур.Мн, Ховд.мн, Surag.mn сайтын хамтарсан сурвалжлах баг Говь-Алтай аймгаас мэдээллээ.


Биднийг очиход Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэг охины үзлэгийн талаарх мэдээллийг бүртгэлд алга гэж мэдээлсэн бол Шүүх шинжилгээний газрын дарга нь мэдээлэл өгөх боломжгүй гэв. 


Түүнчлэн манай сурвалжлах тус аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газартай очиж, Говь-Алтай аймагт гарч буй эл төрлийн гэмт хэргийн талаарх мэдээллийг авах гэсэн боловч хариуцсан дөрвөн ажилтан нь Улаанбаатар хот руу сургалтад явсан гэв. Сургалтад явсан гэх мэдээллийг нягталж үзэхэд Улаанбаатар хотод эл байгууллагатай холбоотой сургалт зохион байгуулагдаагүй бөгөөд хариуцсан дөрвөн ажилтан УБ хотод ирсэн гэх мэдээлэл олдоогүй болно. Энэ бүхнээс харахад төрийн өндөр төсөвтэй байгууллагад ажиллаж буй алба хаагч нар хариуцлагаас зугтааж, хэргийг нуун дарагдуулахад оролцсон болзошгүй байна. 


Ингээд төрийн байгууллагууд нуун дарагдуулсан байж болзошгүй хэргийн мөрөөр орж арга мухардсан манай сурвалжлах баг хохирогчийн ар гэрийг зорин очиж уулзсан юм.  Хохирогчийн ээжид Ганзориг гэх алба хаагч бүх үнэнийг мэдээлсэн байна. Охиныг хамгаалах байранд сар гаруй байлгаж буй бөгөөд охины сэтгэл санаа савлаж, амиа хорлох талаар ярьдаг болсон зэргээр хохирогчийн ээж зүрх шимшрүүлэн өгүүлэв. 

 

Уг хэрэгт нэр холбогдсон Т гэгч нь охиныг хоёр ч удаа дарамталсан байж болзошгүй бөгөөд сүүлийн сар гаруй хугацаанд ар гэрийг дарамталж байна. Түүнчлэн хохирогчид “хэдийг авах уу? Тэрийг чинь өгье” гэх зэргээр 8 сая төгрөгийн ам гарсан гэв. Дашрамд дурдахад сэжигтэн Т нь хохирогчийн холын хамаатан.


Хөндлөнгийн эх сурвалжийн мэдээлж буйгаар тус аймгийн Жаргалан сумын хэлтсийн төлөөлөгч Б гэх хүн уг хэрэгт холбоотой бөгөөд охины ар гэрт өнгөрсөн сарын 29-ний өдөр очиж, мөнгө төгрөг өгье гэх зэргээр ятгахыг оролдсон аж. 


Хэд хэдэн эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг хэргийг гурван цагдаагийн алба удаа дараа үйлдсэн, хохирогчийг сүрдүүлж байсан гэх. Түүнчлэн тус аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мэндбаяр мэдээлэхдээ “2024 оны гуравдугаар сарын  долооны өдөр аймгийн прокурорын газарт бүртгэгдсэн. Энэ хэрэг анхнаасаа манайд шалгагдаагүй тул өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэв. Мөн тэрбээр “Хэрэг үйлдэгдсэн өдрийг хохирогч санахгүй байгаа. Нэг бол хоёрдугаар сарын 18, эсвэл хоёрдугаар сарын 28 гэж хэлж буй бөгөөд эх сурвалжийн мэдээлэлдээ цензуртэй ханд” гэх зэргээр сурвалжлах багт мэдээлэл өгөв. 
Бид эл хэргийг шийдэгдэх хүртэл нэхэн сурвалжлах болно. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1