surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

"БНАСАУ-ын арми монголчуудаас бүрдсэн бригадтай хамтран Украины дайнд оролцох магадлал өндөр байна" гэв

"БНАСАУ-ын арми монголчуудаас бүрдсэн бригадтай хамтран Украины дайнд оролцох магадлал өндөр байна" гэв

БНСУ-ын долоо хоног тутмын “Чосон” сонин Украины дайны сурвалжлагч Наталья Гуменюктай ярилцлага хийжээ.

Наталья Гуменюк нь CNN зэрэг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонд танигдсан сэтгүүлч бөгөөд Украины дайны аймшигт байдлын талаар олон улсад мэдээлдэг PIJL (Олон нийтийн эрх ашгийн сэтгүүл зүйн лаборатори) иргэний бүлгийн гүйцэтгэх захирал юм.

Тэгвэл Наталья Гуменюкын “Чосон” сонинд өгсөн аравдугаар сарын 21-ны өдрийн 1 цаг 5 минут орчмын ярилцлагад Монгол Улс, монгол цэргүүдийн талаар дурдагджээ. Тус ярилцлагыг “БНАСАУ-ын арми монголчуудаас бүрдсэн Оросын Агаарын десантын 11-р бригадтай хамт хөдлөх магадлал өндөр байна” гэж гарчигласан байна. Дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.

Иймд бид тус ярилцлагаас Монгол Улсын талаар хөндсөн хэсгийг орчуулан хүргэж байна.

Хойд солонгосоос илгээсэн цэргүүд Оросын цөөнхүүд болон Монгол руу иргэншлээ угааж байна гэсэн яриа байна. Иргэншлээ солиулсан цэргүүд БНАСАУ-ын цэргүүд ОХУ-ын Агаарын десантын 11-р бригадтай холбогдоно гэж сонссон гэх Өмнөд солонгос сэтгүүлчийн асуултад, Украины сэтгүүлч дараах хариултыг өгчээ.

Тэрбээр “ОХУ-ын Агаарын десантын 11-р бригад нь Төв Сибирийн Улаан-Үд хотод байрладаг оросын олон угсаатны тусгай хүчний анги юм. Бүс нутгийн хувьд 11-р ангид голчлон монголчууд багтдаг. Хойд Солонгосын эхний ээлжийн 2600 цэрэг аравдугаар сарын эцэс гэхэд Украинтай зэргэлдээх Оросын баруун хилийн Курск хотод нүүж ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл оросын баруун хэсэг рүү шилжин орж ирж буй уг бэлтгэгдсэн цэргүүд “Бид цөөнхүүд Украины төлөө тулалдаж байна” гэж халхавчлан монгол хүний дүрд хувиран фронтод орох магадлал өндөр байна. Одоогоор эдгээр Хойд Солонгосын цэргүүд Оросын нутаг дэвсгэрт үлдэх үү эсвэл Украины нутаг дэвсгэрт орж байлдах уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.

Хэдийгээр Оросын Засгийн газар нууж байгаа ч дайны үеэр орос бус монгол үндэстний цөөнхийн амь нас эрсдэх тохиолдол асар их байгаа. Үүнээс гадна Улаан-Үд хот болон түүний ойр орчмууд Оросын хамгийн ядуу бүс нутагт багтдаг. Зүүн Сибирь бол туйлын ядуу бүс нутаг. Гэсэн хэдий ч хэрэв та Оросын цэрэгт элссэн бол тодорхой цалинтай ажиллах боломжтой бөгөөд энэ нь цөөнхийн оршин тогтнох цорын ганц арга зам болоод байна” гэжээ.

Эндээс харахад, Орос, Украины дайнд оролцож буй Хойд солонгосын цэргүүд Монгол угсаатны иргэншил авч, Монголчуудын өмнөөс дайны голомт руу орох өндөр магадлалтай байгаа аж. Эл мэдээллийг сэтгүүлч Украины цэргийн тагнуулын мэдээллээс эш татан дурджээ.

Түүнчлэн энэ мэт Монгол Улсын хил, иргэдийн иргэншилтэй холбоотой мэдээллүүд сүүлийн үед олон улсын хэвлэлүүдээр хөврөх болоод байна. Энэ нь Путинийг баривчлаагүй шалтгаанаар манай улсад арга хэмжээ авах эсэхийг Оролцогч Орнуудын Ассамблей хэлэлцэж магадгүй болоод буй энэ үед зарим улс монголыг таагүй байдлаар харах нөхцөлийг бүрдүүлээд байна.

-Орос, Украины мөргөлдөөний талаарх цаг үеийн мэдээлэл-

Өнөөдрийн байдлаар Украины дайн олон улсын дайн болон хувирч байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Ерөнхийлөгч Зеленский "Украин “дэлхийн дайны оршил” руу явж байна. Үүний гол шалтгаан нь Хойд Солонгосын цэргүүдийг дайнд илгээсэн явдал" гэв.

Учир нь Хятад, Беларусь, Иран улсууд Орост тусалж байгаа ч тэдний дэмжлэг зөвхөн цэргийн хангамжаар хязгаарлагддаг. Цэргээ фронтод илгээж дайнд шууд оролцоогүй. Хойд Солонгос бол өөр. 10-р сарын сүүлчээр Хойд Солонгосын цэргүүд дайнд оролцож, оролцсон тухай нотлох баримтууд дэлхий даяар аль хэдийн танилцуулагдсан. Аравдугаар сарын 23-ны байдлаар Хойд солонгос, ОХУ-д 12 мянган цэргээ илгээсэн нь батлагдсан. Мөн цаашид илгээх цэргийн тоо нэмэгдэх магадлал өндөр байгаа аж. Оросыг сүүлийн нэг жилийн хугацаанд Хойд Солонгост үйлдвэрлэсэн асар их хэмжээний зэвсгээр хангасан. Өнгөрсөн өвлийн байдлаар Умард Солонгосын зэвсгийг ашиглан Украинд нийт 21 удаа халдлага үйлдсэн. Энэ үеэр 24 хүн амиа алдаж, 100 орчим хүн шархадсан байна.

Харин Хойд Солонгос Орост тусалж байгаа олон арван шалтгаан бий гэх. Үүний нэг түлхүүр нь Оросын хиймэл дагуулыг ашиглах явдал. Ким Чен Ун өөрсдийн бүтээсэн ойрын тусгалын пуужингаа туршихын тулд ОХУ-ыг ашиглах шаардлагатай. Тус пуужин нь тив хоорондын баллистик пуужин бөгөөд АНУ руу тив алгасан довтлох боломжтой пуужин гэсэн үг. Эл зэвсгээ туршиж Хойд солонгос Оросын хамгийн сүүлийн үеийн цэргийн хиймэл дагуулуудыг ашиглах магадлалтай байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1