surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ШШГЕГ 2100 гаруй иргэний бүх дансыг нэг л өглөө хаачихжээ

ШШГЕГ 2100 гаруй иргэний бүх дансыг нэг л өглөө хаачихжээ

ШШГЕГ-ынхан сүүлийн өдрүүдэд ширүүн байна. 200 мянга байтугай хэдэн саяын өр зээлтэй иргэдийн бүх дансыг нэг  л өглөө хаачихжээ. Жишээ татахад, “Жи тайм” гэх сүлжээний дуулиант хэргийн оролцогчдын арилжааны банкин дахь гүйлгээний бүх дансыг хааж, өр зээлээ төлөхийг шаарджээ. Энэ нь зургаан жилийн өмнөх хэрэг бөгөөд дээрх иргэдэд данс хаах талаарх ямар нэгэн мэдээлэл, анхааруулга огт өгөөгүйгээр үл барам тэд залилангийн хэргийн гол эзэд биш. Хамсаатан, хамжигч ч биш тухайн үедээ хэдэн төгрөг оруулаад түүнийгээ буцаан авсан. Өөрийгөө ч, өрөөлийг ч хохироогүй иргэд аж. Шүүх хуралдаанд ч тэднийг дуудаагүй, хаа нэгтэйгээс буруутгаагүй, илүү, дутуу авлаа хэмээн хандаагүй байхад ШШГЕГ ямар ч тайлбаргүйгээр гаргасан гэнэтийн энэхүү шийдвэр 2100 гаруй иргэнийг цочирдуулжээ. 
 

Тодруулбал, “Жи тайм” сүлжээний бизнест гурван сая төгрөгөө оруулсан Б өөрийн мөнгөн дээрээ нэмж нэг сая төгрөгийн урамшуулал авчээ. Анхны тохироогоор бол, гурван сая төгрөгийг нэг нугалж буюу зургаан сая төгрөг болгож өгнө хэмээжээ. Эцэстээ өөрийн анх оруулсан  мөнгөө авч, дээр нь сая төгрөгийн урамшуулал авсандаа болоо доо гэж бодоод орхисон байна. Гэтэл бүхэл бүтэн зургаан жилийн дараа нэг л өглөө бүх дансыг нь хаахад сураглабал, та хууль бусаар ашиг болжээ хэмээн өр зээлээ төлөхийг шаарджээ. 
 

Мэдээж, ШШГЕГ шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу иргэдийг өр, зээлээ төлж, барагдуулахыг ч шаардах эрхтэй. Гэвч ямар ч чимээ аниргүй, өөрт нь мэдэгдэлгүй, мэдэгдэл өгөхгүйгээр нэг л өглөө 2100 гаруй иргэний бүх дансыг нь хаачихна гэдэг тухайн хүний амьдралд томоохон цохилт болно. Нэг үгээр, амьдрал нь зогсоно гэсэн үг юм. Дийлэнх нь ахмадуудыг ч хэлэх үү, Цагаан сар дөхөж байгааг ч хэлэх үү. ШШГЕГ-ынхан энэ мэт шийдвэрээ эргэн харж, уян хатан хандах хэрэгтэй болов уу. Тэгээд ч энэ мөнгө хаашаа ордог нь тодорхойгүй, зарцуулалт нь ч ил биш нь нийгэмд хардлага төрүүлдэг нь нууц биш. Үүнийгээ ШШГЕГ тайлагнадаг баймаар байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1