ЦУС НЭГТЭЙ АХАН ДҮҮСЭЭРЭЭ ТОНУУЛ ХИЙХ СИСТЕМ
Ах нь дүүгээ, дүү нь ахыгаа татаж, татагдсан нь хүргэн бэрүүдээ татаж, хүргэн бэрүүд нь цаашхи ургийн замаа, бизнесийн мөрөө тэлдэг бурангуй тогтолцоо энэ улсын аль ч давхаргад байдгийг харлаа. Үзлээ. Ханалаа.
Төв банканд тасралтгүй 29 жил ажиллаж, сүүлийн дөрвөн жил толгойлж байгаа Б.Лхагвасүрэн 300 саяын орон сууц, 100 саяын хадгаламжтай гэхээс өөр хөрөнгө ХОМ-тээ мэдүүлдэггүй. Төрсөн хүү, Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирал Л.Тэмүүжин нь ч 20 саяын автомашин, 13 саяын хадгаламжнаас өөр хөрөнгөгүй гэж мэдүүлдэг. Харин түүний төрсөн дүү Б.Лхагвадорж, хүргэн ах П.Дэлгэрнаран нар нь толгой баячуудын тоонд багтдаг. Тухайлбал, Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадорж, эгч Б.Өсөхжаргалынх нь нөхөр, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, түүний хүү Сангийн яамны яамны Санхүүгийн бодлогын газрын Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн мэргэжилтэн Д.Болор нар нь “Сүмт-Өргөө” ХХК, “Булгат мөрөн” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Б.Лхагвадорж “Ньюсил” ХХК, “Өргөө майнинг” ХХК, “Элс партнерс” ХХК, “Ди Би Би” ХХК-иудыг эзэмшдэг.
Энэ мэт нийгмийн аль ч давхаргад өөрийн ургийн холбоогоо тэлж, мөнгөний гараа сунгасан Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг “Бэрэн групп”-т зээл олгуулахад нөлөөлсөн буюу Эрүүгийн хуулийн 22.1 “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” зүйл ангиар яллагдагчаар татсан.
Тодруулбал, Б.Лхагвасүрэн 2012 оны аравдугаар сард буюу Монголбанкны Хяналт, шалгалтын газрын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр давхар ажиллахаар сонгогдсон. Түүнийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн болсноос жилийн дараа буюу 2013 онд “Бэрэн групп” ХХК Хөгжлийн банкнаас 27.2 сая ам.доллар зээлсэн. Улмаар Б.Лхагвасүрэнг Монголбанкны Дэд ерөнхийлөгч болсны дараахан буюу 2017 онд дахиад 18 сая ам.доллар зээлсэн байдаг. “Бэрэн групп” ХХК нь Хөгжлийн банкнаас авсан хоёр удаагийн зээлийн мөнгөнөөсөө 7.2 сая ам.долларыг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон.
Тэгвэл Б.Лхагвадорж, П.Дэлгэрнаран, Д.Болор нарын “Сүмт-Өргөө” ХХК, “Булгат мөрөн” ХХК-иуд нь Б.Лхагвасүрэнг Монголбанкны Хяналт, шалгалтын газрын дарга байх үеэс буюу 2011 оноос эхлэн хотын төв болон ХУД-т оффис, үйлчилгээний өндөр шилэн барилгуудыг “өндөглүүлж” эхэлсэн. Өдгөө тус оффис, үйлчилгээний барилгуудаа аж ахуйн нэгжүүдэд түрээсэлж, ашиг олж буй. Одоогоор “Бэрэн групп” ХХК-ийн дээрх зээлийн хэрэгт 42 хүнийг холбогдуулан яллагчаар татан шалгаж байгаагийн нэг нь Б.Лхагвасүрэн юм.
ХАРДАЛТ 1: ДҮҮГИЙН ЗАССАН ӨРГӨӨ АХЫН ТҮРЭЭСЭЛСЭН ӨРӨӨ
“Сүмт-Өргөө” ХХК нь СБД-ийн 1-р хороо буюу Тээврийн цагдаагийн газрын зүүнд урд талд “Сан роуд” гэх 13 давхар оффисын барилгыг барьж ашиглалтад оруулсан. Тус оффист ихэвчлэн гадаадын хөрөнгө оруулалттай барилга, уул уурхайн компаниуд байрладаг. Мөн Б.Лхагвасүрэн 2016 онд Монголбанкны харьяа “Хадгаламжийн даатгалын корпораци”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ тушаал гаргаж, төрсөн дүү Б.Лхагвадоржийнхоо “Сан роуд” оффисын 2, 3-р давхрын 716 м2 талбайг төсвийн мөнгөөр түрээсэлж байсан баримт бий.
ХАРДАЛТ 2 : ДҮҮ НЬ ХҮРГЭНТЭЙГЭЭ БАРЬСАН ЦАМХАГ
“Сүмт-Өргөө” ХХК нь ХУД-ийн 3-р хороо буюу ХУД-ийн ЗДТГ-ын зүүн хойд уулзварт “Хан-Уул цамхаг” гэх 13 давхар барилгыг барьсан. Энэ барилгыг Б.Лхагвадорж, П.Дэлгэрнаран нарын “Булгат мөрөн” ХХК нь эзэмшдэг, харин газар нь Б.Лхагвадоржийн “Ди Би Би” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Сонирхуулахад, “Хан-уул” цамхгийг 2014 онд барьсан. Өөрөөр бол, Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн болж, “Бэрэн групп” ХХК-ийн 27.1 сая ам.долларын зээлтэй нэр холбогдсоны дараа жил нь барьсан гэсэн үг юм.
ХАРДАЛТ 3 : ЗОЧЛООД ГАРААРАЙ ХӨ
“Булгат мөрөн” ХХК нь ХУД-ийн 3-р хороонд байрлах дөрвөн одтой, 49 өрөө бүхий ”Рояал моунтайн” зочид буудлыг эзэмшдэг. Тус зочид буудлыг “Сүмт өргөө” ХХК нь барьсан. Мөн “Булгат мөрөн” ХХК нь тансаг зэрэглэлийн Европ хоолны “Хан-Уул” ресторан, Ази хоолны “Хот пот” ресторануудыг ажиллуулдаг.
ХАРДАЛТ 4 : БИЗНЕСТ НҮДТЭЙ ДҮҮТЭЙ ЮМ АА
“Сүмт өргөө” ХХК нь ХУД-ийн 15-р хороо, Нарны гүүрний чанх урд уулзварт байрлах “Хоме плаза” төвийг барьсан. Өдгөө Б.Лхагвадоржийн “Элс партнерс” ХХК нь “Хоме плаза” төвийн 2, 4-р давхрыг эзэмшдэг бөгөөд “Оne event hall” нэртэйгээр тоглолт, хурим, найр, хүлээн авалтын үйл ажиллагаа явуулдаг. Мөн “Хоме плаза” төвд байрладаг “Минт” гэх шөнийн цэнгээний газрын Б.Лхагвадорж “Их түмэн трэйвэл” ХХК-иар дамжуулан эзэмшиж ирсэн ба өнгөрсөн онд Э.Хангал гэгчид шилжүүлсэн.
ХАРДАЛТ 5 : ХАРААГҮЙ ТӨРИЙН ГАР БОЛСОН НЬ
“Сүмт өргөө” ХХК нь 2020 онд СХД-ийн 29-р хороо буюу “Москва” хорооллын дунд 1800 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг барьж, улсад 15 тэрбум төгрөгөөр худалдсан. Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 15 тэрбум төгрөгөөр үнэлсэн нь тухайн үедээ маш их хэл ам дагуулсан. Жишээ нь, тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эрс эсэргүүцэж, “Сүмт өргөө” ХХК-ийг барилгаа хэд нугалж үнэлсэн гэж шалгуулахаа мэдэгдэж байлаа. Гэвч удалгүй хэл ам намжсан бөгөөд “Сүмт өргөө” ХХК нь өнгөрөгч 2022 оны дөрөвдүгээр сард нийслэлтэй “Үлдэгдэл санхүүжилтийн гэрээ”-г байгуулж, нэмж 1.9 тэрбум төгрөг авсан байна. Одоо тус цогцолбор нь Нийслэлийн 153-р сургууль, 287-р цэцэрлэг нэртэйгээр үйл ажиллагаа явуулж буй.
Эндээс дүгнэхэд Б.Лхагвасүрэнгийн дүү Б.Лхагвадорж, хүргэн ах П.Дэлгэрнаран гэх хоёр эрхэм барилгаар өндөглөж, өвдөгнийхөө шороог гөвж зогсоно. Барилга өндөрсөж, бизнес нь өргөжсөн эл гэр бүлд сайтар шалгалт хийж, хаанаас хэрхэн хөрөнгөжиж, санхүүжиж буйг ил болгох нь зүйд тохирох буй за.
У.ЭНХБАЯР
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ