surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Б.Галаарид: Хавар намраа ялгахтайгаа ч өөрийн, хүнийхийг мэдэхээ байцгааж дээ...

Б.Галаарид: Хавар намраа ялгахтайгаа ч өөрийн, хүнийхийг мэдэхээ байцгааж дээ...

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, доктор Б.Галаарид ийн бичиглэжээ. Тэрбээр, Монголынх гэхээр л үгүйсгэн заавал хятад болгох гэдэг хийрхлийг яалтай билээ. Төгс буянт, Шар зурхай, монгол тооллын аль аль нь монголчуудынх мөн гэсэн бичвэр дор Purevdorj Yura гэдэг хүн “Маш их алдаж төөрч байна даа, монгол тоолол гэж хаана ч байхгүй ээ, Хүннүгийн үеэс эхлээд Чингис хаан, Хубилай хаан нарын үед ч монголчууд эртний хятадын Хан улсын Уди хаан нтө 104 оны хаврын эхэн сард оны тооллоо Тайчугийн гэж өөрчилж, жилийн эх болгосон тэр л он тооллоор явсаар байгаад XX зуунтай золгосон байгаа. Н.Нагаанбуу агсны бичдэг шиг тийм монгол он тоолол нтр хаа ч байхгүй гэдгийг одоо ойлгох цаг нь болсон баймаар. Түүний бичсэн тэр чигтээ алдаатай гэдгийг би номынх нь хуудас бүрээр жишээ баримтаар няцаачихаж чадна” гэжээ. Монголчууд бүр Хүннүгийн үеэс эхлээд хятад тоолол мөрдсөн гэх нь л дээ. 

Монгол тоолол гэж байсан гэдгийг ганц Н.Нагаанбуу гуай хэлээгүйг би бичвэртээ хангалттай тайлбарласан юмсан. Дахиад хэдэн үг нэмж хэлэхгүй бол би худалч болох нь. Баахан хятад сурвалжаар нотлох гэх байх л даа. Би бас хэр чадлаараа эртний хятад сурвалжуудыг уншсаан уншсан. Бодитой чухал сурвалжууд бий. Гэхдээ зарим сурвалжид болгоомжтой хандах ёстой. Монголчуудын соёлыг эсвэл өөртөө хамаатуулж, эсвэл огт байхгүй мэтээр бичдэг, бодит үнэнийг гуйвуулдаг нь тэдний түүх бичлэгт эртнээс нааш байсаар ирснийг монголчууд ч биш, дэлхийн эрдэмтэд анзаарч, сануулсан байдаг. Жишээ нь, Их хаан амьд сэрүүн байсан 1221 онд Монголд ирээд буцсан Хятадын элч Meng Hung монголчууд ногоо хэд ургаснаар насаа тоолдог, хаврыг намраас ч ялгаж мэдэхгүй гэж дорд үзсэн байдаг. Монголын нууц товчооны сүүлийн өгүүлбэрт “Хулгана жил гуран сард их хуралдай хурж” гээд монгол тооллоор сарын нэрээ биччихсэн монголчууд хавар, намраа ялгахгүй л байв гэж. Амныхаа зоргоор бурагсад аль ч цаг үед байх юм даа. 

Мин улсын Hung Wu хааны зарлигаар 1382 онд Ма Ша, И хэ, Хо Юаньзи нар бичиж, 1389 онд барласан нанхиад-монгол хэлний Hua-Yi Yi-Yu толь бичигт монгол тооллын сарны нэрийг Хувь, Хужир, Өөлжин, Хөхүй, Улар, Ужир, Гуран, Буга, Хуц, Хөлөвтөр, Идлэг, Хөхлөр гэж бичээд илүү сарыг “Нуумал сар” гэсэн байна. Манжийн үед Лу Зю-юн зохиосон толь бичигт дундад зууны монгол тооллын сарын нэрийг “”Татарын төрийн бичиг” (T ՚a-ta kuo-sho) гэсэн гарчгийн дор оруулсан. 1907-1909 оны хооронд П.К.Козловын судалгааны анги Хар хотоос олсон гар бичмэлүүд дотор Хувь, Хужир, Хөхлөр гэсэн монгол тооллын сарын нэр бүхий мэргэ төлгийн судар олдсон, Турфаны монгол бичгийн дурсгал дотор монгол тооллын сарын нэрийн жагсаалт байсныг 1959 онд эрдэмтэн Э.Хэниш Германд хэвлүүлсэн. 

Эрдэмтэн Поппе араб эх сурвалжаас олсон монгол тоолын сарны нэрсийг илгээснийг В.Котвич “Монголчуудын цаг тоолол” номондоо ашигласан. 1492 оноос өмнө зохиогдсон байх магадтай Мукадидимат ал –Адабын толинд gujir sara, gubi sara, ara sara зэрэг монгол тооллын нэрс бий. Германы эрдэмтэн Иоганн Готлиб Георги 1799 онд Байгал далайн орчмын буриад монголчуудын дунд судалгаа хийсэн тэмдэглэлдээ “Тэдний шинэ жил намар эхэлдэг ба энэ үеийг тэд цагаан сар гэж нэрлэдэг” гэж бичсэн. Жан Чюлу-гийн дээдсийн гавьяаг тэмдэглэсэн хөшөөний бичигт “Заяат хаан их ор сууваас хөхлөр сарын хорин зургаанаа” гэж; “Чакраварди алтан хааны тууж”-д “хөхлөр сарын гучнаа үхэр өдөрт...” гэж; Лувсанданзаны “Алтан товч”-д “...[Өлзийт хаан] дөчиндөрвөн насандаа хонин жилээ хувь сарын найман шинэд, дайдуд тэнгэр болов”, “могой жилд Хутагт хаан баруун этгээд алдар төгсөж ирж, хувь сарын арван еснөө гучин насандаа их буу тамга Алтөмөр чинсанг алуулж...”, “Монголын арваннэгэн сарын хорин зургаанаа” гэх зэргээр; “Хаадын үндсэн хураангуй Алтан товч”-д “морин жилээ, хувь сарын хорин хоёроо наян нэгэн насандаа Дайду-д тэнгэр болов” гэж; Жамбын “Асрагч нэртийн түүх”-нээ “Монголын арваннэгэн сарын хорин зургаанд Брайбүнгээс нааш өөд болбой...” гэх мэтээр уламжлалт монгол тооллын оноосон нэр, эсвэл тоон дугаараар сарыг тэмдэглэсэн байдаг. Энэ мэтээр түүгээд байвал барагдахгүй олон баримт бий. Гол нь "Монголын төддүгээр сарын төдөн" гэх зэргээр тэнэг хүн ч ойлгохоор тодруулж өгснийг анзаарч байна уу.
 
Монголчуудын энэхүү уламжлалт тооллын талаар В.Котвич, Дорж Банзаров, П.Батаров, Г.Н. Потанин, А.Мостэрт, Т.Кобаяши, Л.Лигети, Э.Хэниш, Г.Франке, Н.Н.Поппе, Н.Л.Жуковская, Ренжин Хара Даван, Н.Нагаанбуу, Ж.Цолоо, Д.Цэрэнсодном, П.Рачневский, Ч.Боуден, И.Рахевильц, Г.Мэнэс гээд гадаад дотоодын олон эрдэмтэн бүтээл туурвилдаа дурдаж, зарим нь дагнасан судалгаа хийсэн байдаг. Монгол тоолол гэж байсныг үгүйсгэе гэвэл энэ олон эрдэмтдийн судалгаа, энэ олон түүхэн сурвалжууд дахь мэдээллийг үгүйсгэх хэрэг гарна. 

Монголчууд намар цагаалж байсан үед жилийн эх буюу хувь сар нь Европын сентябрь сартай тохирдог, нэгдүгээр сар гэж тоологддог байсныг нотлох баримт хангалттай олон бий. Ер нь их энгийн тоолол шүү дээ. Дөрвөн улирлын эхийг өдөр шөнийн тэнцлээр авдаг учраас өвөл гэхэд европ тооллын XII сарын 22-нд, хавар нь европын III сарын 22-нд, зун нь европын VI сарын 22, намар нь IX сарын 22-нд эхэлнэ. Сар бүр 30 хоногтой. Тунаж буй 5 хоног, өндөр жилийн 6 хоногийг Илүү сар, Арвангуравдугаар сар, Нуумал сар, Битүү сар гэж нэрлэнэ. Битүүн гэдгийг уг шаг нь энэхүү Битүү сар юм. Манайхаас гадна Өвөрмонгол, Халимаг, Буриад монголчууд эртний энэхүү монгол тооллыг бусад тоололтой зэрэгцүүлэн хэрэглэж, жилийн эх нь намраас өвөл, хаварт шилжих зэргээр өөрчлөгдөж, бага багаар орхигдсоор XX зуунтай золгосон байдаг. Социализмын үед ч манайхан энэхүү улирлын мөчлөгтэй монгол тооллоор нүүдэлчин ахуйгаа баримжаалж байсныг “Хаврын тэргүүн сард ичигсэд хөдөлнө, өдөр шөнө тэнцэнэ, харз ус гарна” гэж 1987 онд хэвлэгдсэн “Угсаатны зүй” номонд өгүүлснээс харж болно. 

В.Котвич, Г.Н.Потанин нар энэхүү тооллын системийг монголчуудын ардын он тоолол, бөө мөргөлийн зурхай гэдгийг аль эрт биччихсэн болохоор социализмын үед монголчуудын тухайд хаалттай сэдвийн нэг байв. Үзэл суртлын цензур арилсан 1990-ээд оноос хойш ч хэсэгтээ энэ сэдэв анхаарал татсангүй. Харин судлаач Н.Нагаанбуугийн “Монголын он цаг тоолол” нэртэй бүтээл 2005 онд хэвлэснээс хойш жаахан мэдээлэлтэй болсон байх. 

Миний хувьд эртний монгол тооллыг сэргээж хэрэглэе, намар шинэлье, бусад нь худал, энэ л үнэн гэж мугуйдлах сонирхол огт алга. Энэ бол эрүүл бус хандлага. Харин өнөөдөр яригдаад байгаа он тооллын системүүд бүгд түүхэн тодорхой цаг үед монголчуудын оюун ухаан, оролцоотойгоор бүтээгдсэн, боловсронгуй болж сайжирсан юм шүү, хүн төрөлхтний оюуны санд оруулсан хувь нэмэр юм шүү гэж бахархаж чаддаг болоосой гэж л хүснэ. Байлдан дагууллын түүхээрээ бахархаад байдаг атлаа хүн төрөлхтөний оюуны соёл, бусад салбарт оруулсан хувь нэмрээ хөсөр орхиж, бүр харилхан гадуурхаж, бусдын идэш болгох бол бас л “мундаг ухаан” шүү. Япон, Солонгосыг дайлаар мордсон тухай ярихаар Хубилай монгол хаан болчихдог, газар газрын одон орончдыг цуглуулж, одон орон судлалын тухайн үеийн хамгийн шилдэг төв байгуулж, он тооллын системийг сайжруулж мөрдүүлэхээрээ монгол биш болчихдог нь бас л сонин сэтгэлгээ. Монгол ухаан гэж байхгүй, монгол тоолол гэж байхгүй, одоогийн монголчууд жинхэнэ монголчууд биш, монголчууд юу ч сэтгэдэггүй, бүтээдэггүй гээд л өөрсдийгөө доош хийгээд суух уу, яах вэ. 

Монголчууд хавар, намраа ч нэг муу юм ялгаж чадаад байгаа. Харин өөрийнхөө юмыг л таних, үнэлэхдээ маруухан болцгоож дээ. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1