surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хэмнэлтийн хууль гэж дээгүүрээ цуурч байгаа ч өртөж буй нь ядуу, дунд орлоготой иргэд 

Хэмнэлтийн хууль гэж дээгүүрээ цуурч байгаа ч өртөж буй нь ядуу, дунд орлоготой иргэд 

Сүхбаатар дүүргийн Засаг дарга одонтой эхчүүдэд өгөх бэлгийн багцын 900 сая, ахмадуудын бэлгийн багцын 1,3 тэрбум төгрөгийн тендер зарласан нь ихээхэн хэл ам дагуулж, эцэстээ цуцлахад хүрсэн билээ. Үүнд, иргэд ч хоёр хуваагдаад байна. 

Ахмадуудын амьдрал ямар байгаа билээ. Сар шинэ болох гээд тэтгэврийнх нь хэдэн төгрөг хаанаа ч хүрэхгүй. Харин бэлэг болгон өгдөг нэг шуудай гурил ч болов амьдралд нь нэмэр болдог. Авлигачид дээгүүрээ хэдэн тэрбум, наядаар идэж уугаад байхад Сар шинийн баяраар ахмадууддаа ганц шуудай гурил, хэдэн боов, еэвэн өгчихөд ер нь яах вэ дээ гэцгээж байна. 

Энэ талаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Сүхбаатар дүүрэг ИТХ-аараа “Ахмадыг дэмжих хөтөлбөр”-ийг батлуулсан. Иргэдийн  ялангуяа ахмадуудын амьдрал хүнд, хэцүү байна. Дүүргийн хэмжээнд 18 мянган ахмад настан байдаг. Бид Сар шинийн баярынх нь ачааллыг бага ч болов хөнгөлөх гэж таван кг будаа,  10 кг гурил, тавгийн еэвэн өгөхөөр шийдсэн. Нийтээрээ энэхүү шийдвэрийг гаргаж, Засаг дарга хэрэгжүүлж байгаагаараа ийнхүү шүүмжлэлд өртөөд байна. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш. Манай дүүрэг гэхэд л нийслэлийн төсвийн 30 хувийг бүрдүүлчихээд нэг тэрбум төгрөгийг жилд ганц удаа болдог Сар шинийн баяраар ахмадуудаа баярлуулж, тэдэнд зориулж яагаад болдоггүй юм” хэмээн ярьсан юм. 

Үнэхээр л хоёр талтай юм. Төсвөө хэтрүүлэн бүрдүүлчихээд түүнээсээ хишиг болгон ахмадууддаа өгч, жилд ганц болдог баяраар нь яагаад баярлуулж болохгүй гэж. Төсвийн мөнгө уйлдаггүй, хэмнэлтийн хууль хэмээн дээгүүрээ цуурч байгаа ч үнэн чанартаа үүнд өртөж буй нь ядуу, дунд орлоготой иргэд. Тэднийг дэмжиж, дэмнэх үүргээ төр биелүүлэхгүй хөсөр хаясан байхад харьяа дүүрэг, хороо, баг боломжийнхоо хэрээр туслахыг хичээж байна. Энэ нь хүн ёсны л хэрэг байлтай. 

Өдгөө залгуулаад Чингэлтэй дүүрэг ахмадуудаа баярлуулахаар 900 саяыг төсөвлөсөн нь мөн л шүүмжлэл дагуулаад эхэлсэн. Төсвийн мөнгийг үрэн таран хийлээ хэмээн энэ мөнгийг татлаа гэхэд хэн нэгний халаасыг зузаатгах авлига болж хувирахыг хэн эс мэдлээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1