“Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт эхлээд байна. Энэ уулзалтаар Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах гэсэн зорилготой юм.
УИХ-ын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу зохион байгуулж байгаа "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх уулзалтыг УИХ-ын гишүүн, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн даргалж байна.
Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийг Үндэсний статистикийн хороо статистикийн шинжлэх ухаанд өргөнөөр ашигладаг санамсаргүй түүврийн аргаар сонгож, нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулсан байна. Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан. Хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад санал асуулгад оролцсон дээрх иргэдээс дахин санамсаргүй түүврийн аргаар 50-иас доошгүй хувийг сонгосон бөгөөд 800 гаруй иргэн Төрийн ордонд болж буй зөвлөлдөх уулзалтад оролцож байна.
Санал асуугын асуултуудын анхны хувилбарыг “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: “Гарц шийдэл” эрдэм шинжилгээний хурал, “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалтын хэлэлцүүлгийн бүрэн хэмжээний тэмдэглэл болон түүнийг нэгтгэсэн УИХ-ын Тамгын газрын суурь мэдээлэл гол хэрэглэгдэхүүн болсон гэв. Дээрх хоёр арга хэмжээнд нийт 800 иргэн оролцож, давхардсан тоогоор 300 гаруй хүн үг хэлж, нийт 600 гаруй санал дэвшүүлсэн байна. Үүний зэрэгцээ мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагаас цахимаар санал авах ажлыг Зөвлөлдөх зөвлөл зохион байгуулжээ.
Дээрх өгөгдөлд тулгуурлан асуултын анхны хувилбарыг боловсруулж, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын гишүүдийн гаргасан саналуудыг тусгаж нэгдүгээр сарын 19-ний өдөр Үндэсний статистикийн хороонд хүлээлгэн өгсөн байна. Тус хороо асуултуудыг туршсан бөгөөд холбогдох санал ирүүлсний дагуу зөвлөл дахин нягтлан, засварлаж 20-ны өдөр эцэслэн баталжээ.
Зөвлөлдөх санал асуулгын 2 дугаар шат буюу зөвлөлдөх уулзалтад 21 аймаг, дүүргээс 800 хүн оролцож байна. Улаанбаатар хотоос 375 хүн, орон нутгаас 426 хүн хүрэлцэн иржээ. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй байна. Насны тархалтын хувьд дундаж нас 37, хамгийн залуу оролцогч 20 настай бол хамгийн ахмад оролцогч 89 настай байна. Хамгийн ахмад эрэгтэй оролцогч 83 настай бол эмэгтэй оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцогчдын 12.5 хувийг бүрдүүлж байна. Боловсролын түвшингээр авч үзвэл 25 хувь нь дээд боловсролтой, 28 хувь нь бүрэн дунд боловсролтой, 8 хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, 7 хувь нь магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байна. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид байна. Хөдөлмөр эрхэлдэг 523 хүн байгаагийн 294 нь цалин хөлстэй байнгын ажиллагч байна.
Өнөөдөр эхэлж буй энэхүү Зөвлөлдөх уулзалтын турш оролцогчид урьдчилан хүргүүлсэн лавлагаа, танилцуулга, мэдээлэлтэй танилцахын зэрэгцээ асуулгын дөрвөн сэдэв тус бүрээр 2 илтгэгчийн тэнцвэртэй мэдээлэл сонсоно. Оролцогчдыг 15, 15-аар нь бүлэг болгон хуваарилж, өөр хоорондоо зөвлөлдсөний дараа судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээчид асуулт тавьж, хариулт авах юм. Хоёр өдрийн турш холбогдох мэдээллийг сонсож, зөвлөлдсөн оролцогч нэг бүрээс өмнө авсан асуулгаар дахин санал асуулга авна. Үндэсний статистикийн хороо эхний болон хоёр дахь шатны санал асуулгын дүн, Зөвлөлдөх уулзалтын дүнг шинжлэх ухааны арга зүй, аргачлалын дагуу нэгтгэн боловсруулж тодорхой дүгнэлт бүхий тайланг зөвлөлдөх зөвлөлд ирүүлэх юм. Зөвлөл түүнийг үндэслэн асуулт тус бүрээр зөвлөмж боловсруулан тогтоосон хугацаанд нь шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу Улсын Их Хуралд хүргүүлэх юм.
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ