surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ТАНИЛЦ: Шувуу ажиллагаагаар эрэн сурвалжлагдаж буй 92 хүний мэдээлэл

ТАНИЛЦ:  Шувуу ажиллагаагаар эрэн сурвалжлагдаж буй 92 хүний мэдээлэл

 “Шувуу” ажиллагаагаар эрэн сурвалжлагдаж байгаа онц хүнд гэмт хэрэгт холбогдон шалгагдах явцдаа оргон зайлсан 92 хүний нэрсийг зарласан. Тэгвэл Интерполын сайтад эрэн сурвалжлагдах эдгээр хүмүүсийн мэдээлэл орж эхлээгүй байгаа юм. Түүнчлэн Монголоос залилангийн хэрэгтэй Баянжаргалын Энхмаа, хүн амины хэрэгтэн Цэрэндоржийн Гансүх, санхүүгийн луйврын хэрэгтэн Мазеновын Марат гэсэн гурван хүний мэдээлэл бүрэн байршжээ. 
Эрэн сурвалжлагдах 92 этгээдийн нэрстэй танилцахад, төрийн албанд өндөр албан тушаал хашиж, улмаар албан тушаалаа урвуулан ашигласан нэлээдгүй хүмүүс багтсан байх бөгөөд залилангийн гэмт хэрэгтэй хэд хэдэн хүмүүсийн нэрс дурайжээ. Мөн хэд хэдэн УИХ-ын гишүүд, сайд нарын ураг төрөл, хань хамсаатнуудын нэрс ч багтсан байгаа нь анхаарал татаж байна. 
Ингээд “Шувуу” ажиллагааны цочроог тайлах 92 хүнийг танилцуулж байна.
Сандагдоржийн Төмөрбат
    С.Төмөрбат нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан. Шүүгчээр ажиллаж байхдаа алдарт Салхитын мөнгөний ордын хэрэгт ээж, Гавьяат хуульч Л.Бямбаагийн хамт нэрт холбогдсон. Салхитын мөнгөний ордын энэ дуулианд холбогдсон нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Х.Баттулга зарлиг гаргахад С.Төмөрбат тэдний эгнээнд багтсан. Улмаар Х.Баттулгын тус зарлиг гарсан өдөр буюу 2019 оны зургадугаар сарын 16-нд С.Төмөрбат гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу гарчээ. ОХУ-аар дамжин АНУ-д очсон мэдээлэл байдаг ч өнөөдрийг хүртэл ил тод мэдээлж байсангүй. Эргэн сануулахад, С.Төмөрбатын ээж Гавьяат хуульч Л.Бямбаа нь Салхитын ордын хэрэгт холбогдож, Цагдан хорих 461-р ангид хоригдож байхдаа нас барсан билээ. 


Батчулууны Заяат
Б.Заяат нь “Изи зэт” ХХК, “Зэт маркет” ХХК, “Зэтта” ХХК, “Зэт хорин дөрөв” ХХК, “Ананд капитал” ХХК, “Зэт пэй” ББСБ-уудыг эзэмшдэг. Б.Заяат нь “Зэт хорин дөрөв” ХХК-иараа Олон улсын онгоцны тийзны онлайн захиалгын “Z24” гэх платформыг ажиллуулж байсан. Гэвч 2018 оны арваннэгдүгээр сараас эхлэн иргэдийн захиалсан онгоцны тийзийг өгөхөө больж, хэдэн зуун хүний мөнгийг нь завшсан. Улмаар Баянгол дүүргийн Цагдаагийн газраас Б.Заяатад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Б.Заяат нь одоогоор Турк улсад орогнож байгаа гэх мэдээлэл байна. 
Маженов Марат 
Казастан улсын иргэн М.Марат нь Монголд “Жи Тайм” компанийг үүсгэн байгуулж, энэ компаниараа олон шатлалт пирамид загвараар санхүүгийн луйвар хийсэн. М.Маратын “Жи тайм” сүлжээнд манай улсын 11.734 иргэн элсэж, нийт 26 тэрбум төгрөгөө залилуулсан. М.Маратыг 2017 оны хоёрдугаар сард “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хил давах гэж байхад нь баривчилж байсан. Гэвч мөрдөх байцаалтын явцад дахин хил гарч, оргон зугтсан байдаг. 


Туяагийн Даниел 
 Т.Даниел нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн эхнэр Б.Ойгонжаргалтай “Кевико” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан. Мөн “Майди поон” ХХК-ийг эзэмшдэг. 
Батаагийн Гантүлхүүр
Б.Гантүлхүүр нь “Пи Си Вай” ХХК-ийг эзэмшдэг. “Пи Си Вай” ХХК-иараа 2018 онд Хөгжлийн банкнаас 4.0 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ зээлийг “Шинэ яармаг” хорооллын барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор авсан гэдэг. Гэвч одоог хүртэл зээлээ эргэн төлөөгүй, өрийн үлдэгдэл нь 5.0 тэрбум төгрөг болоод байгаа. Өнгөрөгч нэгдүгээр сард УИХ-ын Түр хорооноос Хөгжлийн банкны нээлттэй сонсголд Б.Гантүлхүүрийг гэрчээр дуудсан ч ирээгүй. Улмаар Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Б.Гантүлхүүр нь Герман улсад орогнож байгаа гэх мэдээлэл байна. 

Дашжамцын Жаргал
     Д.Жаргал нь УИХ-ын гишүүн асан Д.Арвин агсны төрсөн дүү ажээ. Тэрбээр “Баянбумбат констракшн” ХХК, “Осакдөл” ХХК, “Новая заря Монгол” ХХК, “Бонжулай” ХХК болон “Эв нэгдэл шинэчлэл” ТББ-ыг эзэмшдэг. Эргэн сануулахад, 2017 онд АТГ-аас УИХ-ын гишүүн асан Д.Арвин болон түүний дүү нарыг шалгаж эхэлсэн. Тодруулбал, Д.Арвин болон түүний дүү нар “Их өргөө” ХХК-иараа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, хуучин “Сансар” хотхоны 85 айлтай гэрээ хийж, газрыг нь чөлөөлүүлсэн. Улмаар “Сансар” хотхоныг шинээр барих явцдаа иргэдийн ордерыг барьцаалж банкнаас их хэмжээний зээл авсан нь илэрсэн гэдэг. Д.Жаргал нь өдгөө Австралийн Сиднейд амьдарч байгаа гэх мэдээлэл байна. 

Сүржин эхэлж, даржин дарагддаг Засгийн газрын “Ш” ажиллагааны үргэлжлэл “Шувуу” ажиллагаа хаа хүрч зогсохыг таахад бэрх хэдий ч мартаж болохгүй 92 нэрсийг тэд зарласан. Бид эдгээр нэрсийн дагуу тэдний мэдээллийг үргэлжлүүлэн танилцуулах болно.

https://surag.mn/c/13

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1