surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хүргэн ах Д.Буянтогтох. Түүний өрийн сүлжээ, улс төрийн хамгаалалт, нөлөөллийн жигтэй схемчлэл

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хүргэн ах Д.Буянтогтох. Түүний өрийн сүлжээ, улс төрийн хамгаалалт, нөлөөллийн жигтэй схемчлэл

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Солонгос гараад сураг тасарлаа. Улс төрийн өндөр нөлөөлөл, хамгаалалт, лоббин дор санхүүгийн нарийн схемчлэл үүсгэж, хөрөнгө оруулагчдаа залилж,олон улсын интерполын сүлжээнд эрэн сурвалжлагдаж буй “Засагчандмань майнз” компанийн захирал Д.Буянтогтохын төрсөн дүү нь эрхэм гишүүн асан Ж.Мөнхбатын эхнэр. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд Ж.Мөнхбатын хадам ах Д.Буянтогтохыг интерполоор эрэн сурвалжилж байна.  Магадгүй “Шувуу” ажиллагааны дараагийн өгөөш Ж.Мөнхбат гишүүн болох юм биш биз. Учир нь Ж.Мөнхбат “Нүүрсний хулгайн” гэмт хэрэгт нэр холбогдож, АТГ-т байцаагдаж байх үедээ УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзсанаас ердөө ганцхан хоногийн дараа БНСУ-ыг зорьсноор сураг тасраад байна. Ингээд эрхэм гишүүний хадам ах Д.Буянтогтохын интерполоор эрэн сурвалжлагдах болсон ноцтой баримтыг дэлгэж байна.
Д.Буянтогтохын  Засагчандмань Майнз компани 2013-2028 оны хооронд “Нобель ресурс”, Хонгконгийн “GRF” компаниас нийтдээ 55 сая ам долларын хөрөнгө босгож байжээ.
АНГЛИЙН ЕРӨНХИЙ САЙД БОРИС ЖОНСОНЫ ДҮҮГ МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХАД ХҮРГЭЖ, ХУЛХИДСАН Д.БУЯНТОГТОХЫН ӨРИЙН СҮЛЖЭЭ
Эдгээрээс хамгийн их хохирол амссан гэх Хонгконгийн GRF хөрөнгө оруулалтын сан. Тус санд транзит тээвэр, гар утас, газрын тосны, тусгайлсан хөрөнгө оруулалтын чиглэлээр алдарт Саймен Мюррей, Английн Ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсон нарын компани юм.  Тэгвэл 2015 онд Монголд анхны төслөө  19 сая ам доллараар санхүүжүүлсэн нь Д.Буянтогтохын “Засагчандмань Майнз” компани юм. Тухайн Д.Буянтогтохын зуучлагч компани нь “Нобль Ресурс”. Уг компани 2013 онд “Засагчандмань Майнз” компанид 15 сая ам.долларын зээлийг лицензийг нь барьцаалах хэлбэрээр олгосон байдаг. Ерөнхийдөө төлөлт дээр асуудал үүссэн тул “Нобль ресурс” хуулийн байгууллагад хандаж, ид маргаантай байх үедээ  “GRF”-ыг хөрвөх гэрээгээр татан оролцуулсан нь анхаарал татаж байх юм. Нэг үгээр хэлбэл  байдал хүндрэнгүүт тэднийх эрсдэлтэй гэдгийг нь мэдсээр байж, “Засагчандмань Майнз”-д дахин нэг санхүүжүүлэгч олж өгсөн логик. Бас дахин Логик.

“GRF”, “Засагчандмань Майнз”-ын хооронд байгуулсан хөрвөх гэрээний гол агуулга нь, асуудал үүсвэл лицензийг нь шилжүүлж авах, компанийн хувьцааг эзэмших нөхцөлтэй байсан. Хачирхалтай нь, хамаг байдгаа барьцаанд тавиад, “Нобль ресурс”, “GRF”-оос нийтдээ 34 сая ам.долларын зээл авсан “Засагчандмань Майнз” дахин 2016 онд цахилгааны шугамаа барьцаалсан нэр зүүж, Монголын нэр бүхий арилжааны банкнаас 6 сая ам.доллар зээлж байсан байгаа юм
Ингэж гадны хөрөнгө оруулагчид болоод дотоодын банкнаас хөрөнгө оруулалт нэрээр их хэмжээний санхүүжилт салгасаар явсан “Засагчандмань Майнз” компанийн үндсэн гол хөрөнгө нь, Дорноговь аймгийн Дэлгэрэх суман дахь МҮ-015594 дугаар бүхий ашигт малтмал олборлолтын тусгай зөвшөөрөл байв. “Засагчандмань майнз” компани монголын арилжааны банк, “Нобль ресурс”, “GRF”-оос санхүүжилт татахдаа олборлолтын лиценздээ түшиглэн, үйлдвэр барих, зам тавих, цахилгааны шугам татах, ашиглалтын талбайгаа өргөжүүлэх чиглэлд зарцуулах төсөл танилцуулсан байдаг.


Д.БУЯНТОГТОХ “GRF”-ООС АВСАН 19 САЯ АМ.ДОЛЛАРАА ЦЭВЭРХЭН УГААЖЭЭ
Гэвч ажил нь явж өгөөгүй. Харин ч эсрэгээрээ хачин жигтэй байдлаар мөнгө угаах шинжтэй үйлдлүүд хийсэн байдаг. Доорх хүснэгтээр “GRF”-оос авсан санхүүжилтээ “Засагчандмань Майнз” компани хааш нь шилжүүлснийг харуулав.

Д.Буянтогтох захиралтай “Засагчандмань” эдгээр компаниудын ЭЦЭГ нь бөгөөд гол хөрөнгө оруулалт татсан “Засагчандмань Майнз” толгой болон бусад охин байгууллагууд руугаа мөнгөө “юүлсэн” байгаа юм. Д.Буянтогтох нь хувьцаа эзэмшдэг охин компаниудаа өөрийн эхнэр П.Инж-Улбаа, найз Т.Эрдэнэбат хаан, нягтлан А.Цэнд-Аюуш нараар удирдуулсан байдаг.
Хууль хяналтын байгууллагын явуулсан зарцуулалтын аудитоор илэрсэн зөрчил нь, 2 төгрөгөөр хийх шугамын ажлыг 10 гэж үнэлэх замаар “Засагчандмань Майнз” бусад  охин компани руугаа  мөнгөө тарааж, “УГААЖЭЭ”. Ингэж Д.Буянтогтох лицензийн талбай дахь ажлуудаа өндөр үнэ төлж, өөрийн охин компаниудаараа хийлгэсэн байна.Нэг үгээр хэлбэл, баруун халаасан дахь мөнгөө зүүн халаас руугаа шилжүүлж хийгээд байсан гэсэн үг.
Мөнхүү “GRF”-оос авсан 19 сая ам.долларын санхүүжилтээсээ нийт 7 сая ам.долларыг “Засагчандмань Майнз” компани 2016-2017 оны хооронд гурван удаагийн гүйлгээгээр БНХАУ руу шилжүүлэг хийсэн нь баримтаар нотлогддог.  Лицензийн талбайдаа бүтээн байгуулалт хийнэ гэж авсан мөнгөө яагаад гадагш нь шилжүүлэв гэдэг нь ихээхэн хачирхалтай асуудал юм.

 Д.БУЯНТОГТОХЫН УЛС ТӨРИЙН ТОГЛОЛТ
Таны харж байгаачлан Д.Буянтогтох нь хань бүл, найз нөхдийнхөө сүлжээгээр нэгэн үе улс төрд тоглолт хийж явсан бизнесмэн.  “Засагчандмань” компанийн захирал Д.Буянтогтох нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатьн ЭХНЭРИЙН ТӨРСӨН АХ. Мөн Д.Буянтогтохын эхнэр П.Инж-Улбаа нь Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурцын ойрын хамаатан юм. Харин Т.Эрдэнэбатхаан нь Д.Буянтогтохын хамаг ажлыг амжуулдаг найз, түүний гол тоглогч юм. Эхнэр П.Инж-Улбаагийн хувьд шууд байдлаар “GRF”-той харилцаа үүсгэж байгаагүй. Асуудал хүндэрсэн үед түүний хамаатан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц зарим асуудлаар хөрөнгө оруулагч талтай холбогдож, хэлцлийн санал өгч байсан гэх мэдээлэл байна.
Нэгэнт улстөрийн улбаа ярьсных, ЗГХЭГ-ын дарга асан Ж.Мөнхбат “Засагчандмань Майнз” компанид Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замын 162.8 тэрбумын концесс олгосон асуудал нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах шалтгааны нэг болж байсныг эргэн сануулъя. Ингэж ЗГХЭГ-ын даргын сэнтийгээс Ж.Мөнхбат хүргэн ахдаа концесс бэлэглэсэн  түүх эхэлдэг бөгөөд Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг концессийн хүчингүй болгосноор тэдний дайн эхэлсэн байдаг.
УЛСЫН МӨНГӨӨР АРИЛЖААНЫ БАНКНЫ  ӨР ДАРАХААР САНААРХСАН ҮЙЛДЭЛ
ЗГХЭГ-ын дарга асан, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын дэмжлэгээр албан ажлаа бүтээж явсан гэх “Засагчандмань Майнз” зээлийн түүхийн схем  “GRF” хүрээд зогсохгүй. Улам “гаарч”, үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжихэд хувь нэмэр оруулах үндсэн чиг үүрэгтэй Хөгжлийн банкны хаалгыг тогшсон.
Ингэхдээ маш нарийн зохион байгуулалттайгаар, “Нобль ресурс”-д барьцаанд байсан лицензээ өмнө нь 6 сая ам.доллар зээлээд байсан арилжааны банкнаас 15 сая ам.долларыг “БАРЬЦААГҮЙ” зээлэх байдлаар гаргуулан ЧӨЛӨӨЛЖ, үндсэн барьцааг Хөгжлийн банканд шилжүүлэх гэрээг 2018.11.30-нд хийж амжжээ. Улмаар Хөгжлийн банкны ТУЗ, Зээлийн хорооноос “Засагчандмань Майнз” компанид 31 сая ам.доллартай тэнцэх хэмжээний гадаад иений зээлийг олгох шийдвэрийг хүртэл гаргуулж, гэрээнүүд албажаад байж.
Яг Хөгжлийн банкнаас “Засагчандмань Майнз” компани руу зээлийн мөнгө шилжихийн даваан дээр тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шууд чиглэл өгч, олголтыг зогсоожээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд ямар байдлаар “Засагчандмань Майнз”-ын бүтэхгүй түүхийн мэдээлэл очсон нь тодорхойгүй ч уг зээлийг зогсоосноор мөнгө угаалтын машин нэг шат урагш алхах байсан эрсдлийг гацаанд оруулав.

Сонирхолтой нь,  “Засагчандмань Майнз”-д Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалтын зорилгоор олгох 31 сая ам.долларын зээлээс 21 сая ам.долларыг нь зээлэндээ шилжүүлэн авах нөхцөл бүхий  гурвалсан гэрээг хийсэн байсан гэх.  Хэрвээ Хөгжлийн банк зээлээ олгосон бол, “Засагчандмань Майнз”-ын захирал Д.Буянтогтох тус банканд 21 сая ам.долларын зээлээ төлж, үлдсэн  10 сая ам.доллараа халааслан, хаа нэг тийшээ зугтаж, “GRF” цэвэр хулхидуулаад хоцрох байжээ.  


 “GRF”-ЫН 31 САЯ АМ.ДОЛЛАРЫН НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН Ч Д.БУЯНТОГТОХ  ОРГОН ЗАЙЛСАН
Гадны хөрөнгө оруулагчийг  төр, хувийн хэвшил дамнуулан, санхүүгийн нарийн сүлжээ үүсгэж, маш боловсон аргаар хулхидаж, тоглоомоос гаргасан энэ үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс 2019 оны тавдугаар сараас шалгаж эхэлсэн байдаг. 

Улмаар уг хэрэгт холбогдуулан, “Засагчандмань Майнз” компанийн эзэн Д.Буянтогтох, түүний ойрын найз Т.Эрдэнэбатхаан, нягтлан А.Цэнд-Аюуш нарт Эрүүгийн хуулийн
Залилах зүйлчлэлээр
17.3.2.2: бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Мөнгө угаах зүйлчлэлээр,
18.6.2.2: Байнга тогтвортой үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татан татан шалгаж байжээ.
Гэвч хэргийн гол хариуцагч, 70 сая орчим ам.долларын өрийн сүлжээ үүсгэгч Д.Буянтогтох 2019.12.30-ны өдөр хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргаж, тэр өдөр шүүх хүсэлтийг нь ханган шийдвэрлэснээр шууд  хил гарч, оргон зайлжээ. Яг шинэ жилийн баяраар, олны анхаарал суларсан үед Д.Буянтогтоход манай шүүхийн байгууллагынхан оргон зайлах боломжийг маш сайн зохион байгуулж өгсөн тул шүүгчийн тогтоол гардаг өдөр шууд хил давжээ.
Д.Буянтогтох нь АНУ дахь хүүхдийнхээ гэрт очсон гэх бөгөөд олон улсын интерполиор эрэн сурвалжлагдаж байгаад сураг тасарсан.
 Шувуу ажиллагааны хүрээнд Д.Буянтогтохын эл гэмт хэргийг ил болгож, интерполоор эрэн сурвалжилж эхэллээ. Сүржин эхлүүлж, даржин дардаг Засгийн газрын ээлжит нэгэн “Ш” ажиллагаа хаа хүрч төгсөхийг бид мэдэхгүй. Гэхдээ мартаж болохгүй түүхэн нэрийг тэд бидэнд санууллаа.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1