surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ДАВСТАЙ ЧИХЭР 1: Мандан мацсаар манлайлж буй Х.Булгантуяа гишүүн

ДАВСТАЙ ЧИХЭР 1:  Мандан мацсаар манлайлж буй Х.Булгантуяа гишүүн

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд 13 эмэгтэй гишүүд нэр дэвшиж өнөөдөр 12 нь түмнээ төлөөлж төрд сууна. Тэдгээрээс өдгөө хамгийн амжилттай яваа Их Хурлын гишүүн бол Баянзүрх дүүргийн 23-р хорооноос нэр дэвшиж, сонгогдсон Х.Булгантуяа юм. Тэрээр Архангай аймгийн харъяат, эдийн засагч мэргэжилтэй бүсгүй өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боомт хариуцсан сайд, МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.

Сүүлийн үед эрхэм гишүүний намтар нь хуурамч гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлгэх болсон. Тэгвэл тус мэдээллийн мөрөөр түүний намтарын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байна.

Х.Булгантуяа гишүүн 1981 онд Архангай аймгийн Цэцэрлэг буюу одоогийн Эрдэнэбулган суманд айлын ууган хүүхэд болон мэндэлжээ. Тэрээр Нийслэлийн 77 дугаар сургуульд элсэж, дараагаар нь авъяастны 93 дугаар сургуульд сурч байсан талаараа dnn сайтад ярилцлага өгсөн байдаг. Улмаар 1994 онд буюу 13 настайдаа Австралид очиж гурван жилийн хугацаанд боловсрол эзэмшиж байгаад Монголд буцан ирж, 1998 онд Монгол Туркийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай  сургуульд бүрэн дунд боловсролыг эзэмшиж төгсөж байж.

Дараагаар нь Хятадын засгийн газрын тэтгэлгээр эдийн засгийн чиглэлээр суралцах хөтөлбөрт тэнцэж, 1999 оноос 2006 оныг хүртэл БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ.

Орон дамжиж боловсрол эзэмшсэн гэх Х.Булгантуяа гишүүний гэр бүлийн хүнийг О.Батсүрэн гэдэг. Тэд анх Японд танилцаж 2006 онд гэр бүл болсон талаарх мэдээлэл бий. Эндээс харахад БНХАУ-д боловсрол эзэмшиж явсан нэгэн хэдийдээ арлын Япон Улсыг зорьж нөхөртэйгөө танилцаж байв гэх асуулт гарч ирж байна. Тэрээр posted.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Иэлийн их сургуульд сурахынхаа өмнө би Японд англи хэлний багшаар жил гаруй багшилж, тэнд амьдарсан” хэмээж байсан.

Харин түүний намтар дээр энэ талаарх ажлын туршлагын мэдээлэл байдаггүй ба 2006-2008 онд АНУ-ын Иелийн Их сургуульд, эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистр хамгаалсан гэх мэдээлэл л бий. Тэгэхээр магадгүй БНХАУ-д суралцахдаа эрт сургуулиа орхив уу? эсвэл анхнаасаа тус сургуульд суралцаагүй юм болов уу?

Цааш үргэлжлүүлбэл багшилж байсныхаа дараагаар Япон, Австралийн компаниудын Монгол дахь салбарт зөвлөхөөр ажиллах болсон гэх мэдээллийг мөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ талаарх түүний олон нийтэд толилуулж буй намтарт 2006-2008 онд “Бүтээлч шийдлүүд” ХХК-д, хөрөнгө оруулалтын зөвлөхөөр ажилласан хэмээжээ. Мөн түүний талаарх өөр нэгэн намтарт тус хугацаанд “Паладин Ресурс” ХХК-д зөвлөхөөр ажиллаж байсан гэв.

Сэтгүүлч болоод иргэний хардах эрхийн хүрээнд тус компаниудын талаарх мэдээллийг хайсан боловч эцэстээ юу ч олдсонгүй. Ингэхлээр тус олон улсын бололтой компаниудын талаарх мэдээлэл худал гэсэн үг үү?

Ийнхүү зөвлөхөөр ажилласныхаа дараагаар 2008-2010 онд Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрийн зөвлөхөөр ажилласан гэх мэдээлэл бий. Тус мэдээлэл нь эрхэм гишүүнийг өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэж болохуйц. Гэвч энэхүү мэдээллийг судлахад маш ноцтой худал байж болзошгүй мэдээлэл гэдэг нь ил болов.

НОЦТОЙ БАРИМТ НЭГ:

Дэлхийн банкны шийтгэлийн зөвлөлийн 78 дугаар шийдвэрээр Гончигийн Оюунгэрэлийн олон нийтэд сонгогдох эрхийг хоёр жилийн хугацаанд хязгаарлаж, Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрт оролцохгүй байх шийтгэлийг хүлээлгэжээ.

Тус шийдвэр нь Дэлхийн банкны шийтгэлийн зөвлөлийн олон нийтэд сонгогдох эрхийг зөрчсөн, авлига албан тушаалаа урвуулан ашигласан талаарх хэргийн нотолгоог олж илрүүлж, хориг тавьсан анхны хэрэг нь болжээ.

Хэргийн талаарх мэдээллийг тодруулбал, Гончигийн Оюунгэрэл нь Дэлхийн банктай хамтран “МОG-3803: Эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх техник туслалцаа” төслийг хэрэгжүүлэх үедээ тус төслийн менежер буюу зохицуулагчаар нь ажиллаж байв. Гэвч өөрийн албан тушаалаа ашиглан өөрийн төрсөн охиноо буюу Х.Булгантуяаг харъяандаа авч, энэхүү төслийнхөө зөвлөхөөр ажиллуулах гэрээг дур мэдэн хийжээ. Улмаар энэ нь ээж, охины хамтран үйлдсэн хэрэг болж таарав.

Үүнээс үзэхэд Х.Булгантуяа нь хууль бус ажил хийсэн хэрнээ, тус намтараа өөрийн урдаа барьж явдаг нь тун ичмээр.

Тэгвэл бадрангуй намтар барьж өөрийгөө дөвийлгөж ирсэн эрхэм гишүүн Х.Булгантуяа гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхъя.

Тэрээр 2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон жилдээ өөрийн орлогыг 29 сая 553 мянга 180 төгрөг гэж мэдүүлж байжээ. Улмаар 2021 онд түүний орлого огцом 91 сая 130 мянган төгрөг хүртлээ өссөн буюу 61 сая 576 мянга 820 төгрөгөөр нэмэгджээ.

Х.Булгантуяа гишүүн 560 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг зуслангийн байшин, нэг нийтийн орон сууцтай.

Түүний хөлөглөдөг унаа нь 45 сая төгрөгийн үнэлгээтэй BMW, X-3.

Тэрээр 20 сая төгрөгөөр үнэлэгдэх 629 метр квадрат эзэмших эрхтэй нэг газар, 697 метр квадрат газрыг тус тус эзэмшдэг.

Мөн хадгаламжийн дансандаа 106 сая 534 мянга 280 төгрөгтэй.

Хэн нэгнээс 10 сая төгрөгийн авлагатай аж.

Түүнчлэн Гарден артс компаниас 1000 ширхэг хувьцаа худалдан авч, 50 хувийг нь эзэмших болжээ.

Х.Булгантуяа гишүүн өнөөдөр Боомт хариуцсан сайдаар ажиллаж байна. Ингэхдээ түүнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг автозамаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлж, 45-50 саяд хүргэх зорилтуудыг хэрэгжүүлж чадна хэмээн итгэл хүлээлгэн томилжээ.

Энэ нь эрхэм гишүүн Монгол Улсын эдийн засаг цаашид хэрхэх эсэхийг шийднэ гэсэн үг.

Уг томилолтыг Х.Булгантуяа гишүүний Сангийн дэд сайдаар ажиллаж байсан үеийн туршлагаас нь үүдэн хийсэн байдаг. Гэвч гишүүний тухайн албан тушаалыг хашихад хамгийн гол хөшүүрэг болсон нь ээжийнхээ албан тушаалыг урдаа барьж Дэлхийн банкны хэрэгжүүлж буй төслийн зөвлөхөөр ажилласан гэх намтар нь нөлөөлсөн гэхэд буруудахгүй.

Монгол Улсын иргэд өнөөдөр улсынхаа төлөө тэмцэж, увайгүй нэгнийг нь түлхэж чаддаг болсон. Иймд дээлээ давхарласаар яваа Х.Булгантуяа гишүүн төрийн нэрийг урдаа барьж Монгол Улсын хөгжлийн асуудлыг шийдэж яваа цагт иргэд олон нийт ажлынх нь хариуцлагыг нэхсээр байх болно. Иймд хүлээсэн үүрэгтээ эзэн байж, иргэдийн хүсэж буй цаг үеийг бүтээж өгөөрэй гэж хүсье.

Үргэлжлэл бий..

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1