surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ДАВСТАЙ ЧИХЭР 3 : Баялгийн хаан Ц.Баатарсайхан

ДАВСТАЙ ЧИХЭР 3 : Баялгийн хаан Ц.Баатарсайхан

Монголчууд цөөхөн. Гэхдээ тэд цалингаас цалингийн хооронд банкны зээлэндээ түүртэж явна. Иргэдийн хөлсөө урсгаж, ядарч цөхөртлөө ажиллаж олсон, төлсөн мөнгө цөөхөн хүний халаас руу он удаан жил урслаа. Тэгвэл “Хаан банк” нэртэй хүүгээр хүүлэгч байгууллагын жинхэнэ эзэд болоод тэдний ард улс төрчдийн тоглолт хэрхэн өрнөж байсан бэ?
Банк нэртэй баавартай хүүлэгчээр олон жилийн турш Монголын эдийн засагт хүчтэй байр суурь эзэлж ирсэн Голомтын Д.Баясгалан, Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг, Хаан банкны Ц.Баатарсайхан нараас бид энэ удаагийн “Давстай чихэр” буландаа Ц.Баатарсайханг онцолж байна.

Хаан банк нэг шатлал бүхий улсын банкны тогтолцоо задарсан үе буюу 1991 онд Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын банк нэртэйгээр байгуулагдаж байсан. 1999 онд тус банкны ашигт болоод үйл ажиллагаа нь доголдолд орж Монгол банкны эрх хүлээн авагчид шилжсэн байдаг. 2003 онд улсын тендер зарлаж хувьчилсан билээ. Тухайн үед Хаан банкыг Япон улс дахь Савада Холдингс компани 100 хувь эзэмшиж байсан. Хожим нь Таван Богд Трейд ХХК буюу Ц.Баатарсайханд хувьцааныхаа 40 хувийг худалдсан байдаг. Ингэснээр 2006 онд нэрээ өөрчилж ХААН БАНК ХХК болсон.
 

ХААН БАНКНЫ ХУВЬЦААНЫ 40 ХУВИЙГ ЭЗЭМШИЖ БУЙ Ц.БААТАРСАЙХАН ГЭЖ ХЭН БЭ
Монголын тэргүүн баянуудын нэгээр нэрлэгддэг Таван Богд группын үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан нь Хаан банкны 40 хувийг эхнэрийн хамт эзэмшдэг билээ.  Ц.Баатарсайханы нэрийн хуудас болсон Таван богд групп нь өдгөө “18 охин компанитай”. Тухайлбал “Говь”, “Гоёо”, “Улаанбаатар гурил”, “Монгол хэвлэлийн үйлдвэр” гэх амжилттай яваа үндэсний шилдэг компаниудын цуваагаар үргэлжилнэ. Гэхдээ Ц.Баатарсайханы зам мөр, ололт амжилт том учир түүний бизнесийн булай арвин их. Жишээлбэл:
НЭГ.  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрөөс албан тушаалаа ашиглан их хэмжээний зээл авсан гэх улс төрчид одоо ч нүүр амаа улалзуулан яваа.
ЖДҮ-гийн шуугианаар Засгийн газраас хэрэгжүүлдэг нэлээд хэдэн сан байдаг бөгөөд эндээс олон хүн буруу аргаар хөнгөлттэй зээл авсан болох нь илэрээд байгаа. Үүний нэг бол Үнэ тогтворжуулах хөтөлбөр юм. 
Тус хөтөлбөрөөс зээл аваад олон жилийн турш чив чимээгүй “мартагдсан” байгаа 43 компанийг илрүүлсэн бөгөөд энэхүү 43 компаний тэргүүн эгнээнд Ц.Баатарсайханы нэр цохож явав. Тодруулбал Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан 3 их наяд төгрөгийн 40 тэрбумыг нь энэ хүний хамаарал бүхий 3 компани хувааж авсан байдаг.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд таван дэд хөтөлбөр хэрэгжүүлж, 3 их наядыг зарцуулсан. Харин энэхүү таван дэд хөтөлбөрийн нэг Гурилын үнэ тогторжуулах хөтөлбөрт Ц.Баатарсайханы хамаарал бүхий Од групп ХХК 16.318.000.000 \16 тэрбум 318 сая\, Улаан Од ХХК 200.000.000 \хоёр зуун сая\, Улаанбаатар гурил ХХК 24.000.000.000 \24 тэрбум\гэсэн гурван компани нийтдээ 40.518.000.000 \40 тэрбум, 518 сая\, төгрөгийн санхүүжилт авсан байна.

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг гэхэд:
 “Таван Богд”-ын Ц.Баатарсайханы ганд дарлуулж ирлээ. Импортын будаанд … Тэгээд тэр оруулж ирсэн будаа нь чанаргүй. Өт хорхойтой. Мэргэжлийн хяналт дээр очоод л чанар нь илэрсэн. Бичиг цаас нь одоо хүртэл бид нарт байгаа. Ямар муу будаа орж ирсэн гэж бодож байна. хэмээн нэгэн хэвлэлийн байгууллагад өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.

ХОЁР.  “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ч.Алтанхуяг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан хэрэгт шалгагдаж, шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон. Тухайн үед “Таванбогд” группийн Ерөнхийлөгч, ХААН банкны хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайханыг шалгаж байв. АТГ-аас Ц.Баатарсайханы өрөөнд нэгжлэг хүртэл хийсэн. Мөн түүнээс гадна тэр үеийн ХААН банкны ТУЗ-ын дарга Хидео Савадаг шалгаж байсан. Тэднийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 20 гаруй тэрбум төгрөгийг ХААН банкны дансанд байршуулсан. Үүний дараа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ч.Алтанхуяг болон ХААН банкны нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, мөнгөө татаж авалгүй 18 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Ингэж албаар алдагдал бий болгосон. Алдагдалд зориулж, 1.8 тэрбум төгрөгийг хуурамч гэрээ хийн завшсан хэмээн буруутгагдаж байлаа.
ГУРАВ. “Ocean Partners Uk Ltd” гэх компани нь Эрдэнэтээс зэсийн баяжмалыг Хятад руу зардаг трейдер компани. Тэд Стандарт банкны 112 сая ам.долларын авлагыг 40 сая ам.доллараар худалдаж авсан. Тус компани бол Д.Мөнхбаярынх. Дамдинсүрэнгийн Мөнхбаяр бол Ocean Partners Uk Mongolia-ийн зэс хариуцсан захирал. МУИС, Одессийн их сургуульд олон улсын худалдааны чиглэлээр суралцаж байсан гэж Ocean Partners албан ёсны вэб хуудсандаа танилцуулжээ. 
http://oceanpartners.com/about/the-op-team/    
Улсын бүртгэлийн ерөнхий газрын burtgel.mn цахим хуудаст дурдсанаар Дамдинсүрэнгийн Мөнхбаяр Монголд хоёр компани эзэмшдэг юм байна. Эхнийх нь Прайм софт ХХК. Программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2011 оны хоёрдугаар сарын 1-нд байгуулагдсан энэ компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр иргэн Дамдинсүрэнгийн Мөнхбаяр, хуулийн этгээд “Таванбогд трэйд” гэсэн байгаа юм. Таван богд трэйд компани нь Ц.Баатарсайханы эхнэр Д.Хулангийнх.
Д.Хулангийн хувьд энэ компанийг нуудаггүй. Таванбогд трейдийн дэд ерөнхийлөгчийн хувиар өөрийгөө танилцуулахдаа салбаруудаа танилцуулахад Прайм софтыг дурдсан байдгийг нь http://100women.mn/vote/profile/84  эндээс харж болно. Кубын нийслэл Гаванад төрсөн, өндөр мэдлэг боловсролтой, орос, англи, испани, япон хэлтэй, чадварлаг удирдагч бүсгүй. Эх сурвалжийн мэдээлснээр түүний аав Дашдаваа, Ocean Partners-ийн Мөнхбаярын аав Дамдинсүрэн нар ах дүүс гэх боловч ураг төрлийн холбоог нарийвчлан судалъя гэсэнгүй. 
http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5445922 
 http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/5454662  эндээс харж болно. 
Д.Мөнхбаярын дараагийн компани нь иргэн З.Буяннэмэхтэй хамтран байгуулсан Алтай Ассет Менежмент Монголия гэдэг компани. Мөн л 2011 оны гуравдугаар сарын 4-нд байгуулагдсан. Гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ компанийг Д.Мөнхбаяртай хамтарч эзэмшдэг З.Буяннэмэхийг “2012 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн Тайланд-Хонконгийн чиглэлийн СХ712 дугаартай нислэгээр эх орон руугаа ниссэн. Онгоц буухаас 20 гаруй минутын өмнө амиа золиослогч онгоцны аюулгүйн хаалгыг нээхийг оролдож байхыг харсан. Ингээд тэр хүнийг араас нь боож унагаж, аюулгүй болгосон” гэдгээр нь хүмүүс эргэн санаж магад.
Түүнчлэн тэрээр “Махионы лиотто” хуулийн фирм “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалан “Стандарт банкнаас зээл авах үед гэрээнүүдэд хуулийн зөвлөгөө өгөх ажил хийсэн байдаг бол хожим Монголын Засгийн газар, “Стандарт” банк Арбитрын шүүхийн маргаанд дахин хуулийн зөвлөхөөр ажилласан байдаг. Харин энэ талаар “Өдрийн сонин” 2018 оны хоёрдугаар сарын 22-ны дугаартаа мэдээлсэн. Үүнээс дөрөв хоногийн дараа 2018 оны хоёрдугаар сарын 26-нд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил мэдэгдэл гаргасан. Үүнд “2000 онд ХЗДХ-ийн дэд сайд болохдоо компанийн хувиа зарж гарсан. Нэгэнт хөдөлмөрийн оролцоо байхгүй болсон учраас тус компанийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй болно” гэжээ. Тэгэхээр хөдөлмөрийн бус нөлөөллийн оролцооны тухай ярьж болох байх. 
Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын гэргий Д.Бадамцэцэг 2013 онд “Гоёо” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Үүний дараахан 2016 оны аравдугаар сарын 26-нд тухайн үеийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил мэдэгдэл хийхдээ “2013 оны 4 дүгээр сард манай гэр бүлийн хүн “Гоёо” компанийг "МСS холдинг"-оос худалдаж авсан. Ингэхдээ 25 хувийн төлбөрийг бэлнээр төлж, 75 хувийг зээлээр авсан. Өнөөдөр манай гэр бүлийн хүн ямар ч өргүйгээр “Гоёо” компанийн 25 хувийг эзэмшиж байгаа” гэж мэдэгдэж байлаа. 2017 онд “Таванбогд трейд” ХХК нь MCS группээс Гоёо компанийг худалдаж авсан байдаг. Эндээс харахад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Таванбогд”-ыг огт танихгүй, холбоогүй гэж үзэх нь өрөөсгөл. 


Ocean Partners-ийн Д.Мөнхбаяр гэдэг хүнтэй Таванбогд трейд гэдэг хуулийн этгээд болон Ц.Баатарсайханы гэргий Д.Хулан хамтарч компани эрхэлдэг юм байна. “Таванбогд”-ын “Гоёо” ХХК-иас Ц.Мөнх-Оргилын гэргий хувь эзэмшдэг юм байна. Мөн Ц.Мөнх-Оргилын анх байгуулаад хожим хувиа зараад гарсан ч тэр компани нь Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж Стандарт банкнаас зээл авахад эрх зүйн туслалцаа үзүүлсэн байж болзошгүй.
БИДЭНД ХАРДАХ, ТАНД МЭДЭХ ЭРХ БИЙ...
Японы “Савада Холдингс” компани ХААН банкны хувьцааны 60 хувийг эзэмшдэг. Үүнийхээ 32 хувийг нь “Упсилон” ХХН, “Мета капитал” ХХК-д худалдах гэрээг 2021.10.01-ний өдөр байгуулж нэгэн үе шуугиан тарьж байсан. Түүнчлэн уг худалдан авах процессыг Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зөвшөөрсөн агуулгаар 2021.07.26-ны өдөр албан бичиг илгээсэн нь баримтаар нотлогдсон
Тэрбээр уг албан бичигт,
“Бид “Упсилон” ХХН, “Мета капитал” ХХК-ийн зүгээс ирүүлсэн, “Савада Холдингс” ХК-ийн хувьцааг  худалдан авах саналтай холбоотой материалуудыг хянаж, Банкны тухай хуулийн  19.1.4, 20.3, 20.1.5 дахь хэсэг, 36.1.5 хэсэг болон банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 4.4 дэх залтыг хангах нотлох баримтыг ирүүлсэн гэж үзээд, ТАТГАЛЗАХ ЗҮЙЛГҮЙ байгааг үүгээр мэдэгдэж байна” гэж дурдсан байдаг.


ХААН БАНКНЫ ШИНЭ ЭЗНИЙГ ОРУУЛЖ ИРЭХ ГЭЖ МАНАЙ ТӨРИЙН ХАР ХҮМҮҮС ИНГЭЖ Л ТӨЛӨВЛӨГӨӨ ГАРГАСАН
Худалдаа хөгжлийн банкнаас 2021 оны хавраас эхлээд 350 сая гаруй ам.доллар буюу төгрөгийн ханшаар тооцвол  нэг их наяд төгрөг Монгол Улсаас Сингапур улсын Хөгжлийн банк руу гарсан талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Т.Доржханд тухайн үед дурдаж байсан. Уг гүйлгээг нягтлан үзвэл “RAFFLES PLACE #26-01 REPUBLIC PLAZA Singapore, 048619 Singapore” гэх хаяг дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, захирал О.Орхон нарын хамтран эзэмшдэг “Глобулл инвестмент” компанийн данс руу хийгдэж байжээ. Энэхүү 350 сая долларын шилжүүлгийн дараа Сингапурын Хөгжлийн банкнаас Японы “Мизухо” банкинд хандан “Мета Капитал” компанийн охин компани болох “Упсилон” гэх  хязгаарлагдмал түншлэлийн нэр дээр 280 сая ам.долларын зээлийн баталгаа гаргажээ. Тус зээлийн барьцаанд Жүничи Хаттори гэдэг япон хүн “Сейко Холдингс” болон “Сейко Ипсон” компанийн тодорхой хувийг тавьсан байгаа юм. Тодруулахад, Жүничи Хаттори нь “Сейко” цагны брэндийг үүсгэн байгуулагч гэр бүлээс гаралтай. Гэвч тэрбээр “Сейко” корпорацийн ТУЗ-ийн дарга байхдаа компанидаа “шахаа” хийж, Тайланд дахь хувийн дансаараа 100 сая иен “оруулж, гаргасан” гэх таагүй явдалд нэр холбогдож байсан. Энэ хүн бол Хаан банкны “ШИНЭ ЭЗЭН” болсон Жүничи Хаттори юм. Жүничи Хаттори Монголд Хаан банкаар бус уурхайн бизнес эрхлэхийг зорьж ирснээ BLOOMBERG телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. 


Хаан банкны шинэ эзэн Жүничи Хаттори нь өөрийн эзэмшдэг компанийхаа хувь эзэмшигчээр Р.Бадрах, түүний охин Б.Наранзаяа,“Бэрх уул” компанийн шинэ захирал А.Даваажав нарын нэрийг нэг өдөр оруулсан байдаг. Р.Бадрах, Б.Наранзаяа нар нь өдгөө Жүничи Хаттори “Хаан банк”-ны 60 хувийг худалдаж авахтайгаа яг зэрэгцээд манай улсад “Ваёо флюорит” ХХК-ийг байгуулсан. Уг компаний гүйцэтгэх захирлаар Окүна Рико ажилладаг. Окуна Рико нь Жүничи Хатторигийн Монголд уурхайн чиглэлээр байгуулсан Ваёо Эйрт, Ваёо флюорит компаниудын гүйцэтгэх захирал ажээ. Бас нэгэн сонирхолтой зүйл байгаа нь Ваёо эйрт компанид одоогийн УИХ-ын гишүүн П.Анужингийн төрсөн дүү Будын Шандас хувьцаа эзэмшигчээр  нэмж бүртгүүлсэн байдаг. 


Хамгийн ноцтой нь Р.Бадрах, Б.Наранзаяа, А.Даваажав нарыг хувь эзэмшигчээр нэмснээс 10 хоногийн дараа буюу 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уг асуудалд дэмжлэг үзүүлж, Хидео Савадагийн эзэмшиж буй ХААН банкны хувийг “Упсилон” компанид зарахад татгалзах зүйлгүй гэж зөвшөөрөл өгсөн. Гэвч уг албан бичиг нь Банкны тухай хуулийн 36.6-д заасанчлан “Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ” гэж заасныг зөрчжээ. Б.Лхагвасүрэн нь ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүрээлэлд багтдаг.
Жүнничи Хатториг Хаан банкны шинэ эзнээр томилуулахын тулд манай улсын банкны эзэд, нэр нөлөө бүхий улс төрчид, төрийн албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж хууль зөрчин байж чичирсэн эл тохиолдол нь ямар нэгэн ноцтой үйл хэрэгт бие биенээ бэлдэж  байсан байж болох хардлагыг төрүүлж байна. Ц.Баатарсайханыг олон жил улс төрчдөөр могой бариулж, бизнесээ өргөжүүлэн тэлж ирснийг эх сурвалжууд тухай бүр нь мэдээлж байсан. Тэгвэл Жүнничи Хатториг оруулж ирэх энэ ажиллагааг Ц.Баатарсайхан хөндлөнгөөс удирдаж байсан юм биш биз. 
Сонирхуулахад Жүничи Хаттори нь Р.Бадрах, Б.Наранзаяа нартай хамтран Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгуудад нүүрс олборлолт хийж байна. Түүнчлэн тэд УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Д.Бат-Эрдэнэ /ажнай/, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн ,Ц.Анандбазар нараар хүрээгээ тэлж  байгаа гэх.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1