surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

БАЯЛГИЙН ХУЛГАЙ : Арван тамын үлгэр буюу Н.Удаанжаргал

БАЯЛГИЙН ХУЛГАЙ :   Арван тамын үлгэр буюу Н.Удаанжаргал

Экс ерөнхийлөгч Х.Баттулга албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км төмөр замын ажилд “Эрдэнэс Тавантолгой”-гоос 750 тэрбумыг гаргаж байв. Мөнхүү 800 тэрбумаар босох өртөгийн тооцоололтой  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км  төмөр замыг бариулах ажилд үлэмж мөнгө гаргасан гээд хань хамсаатнуудаараа улсын төсөвт хуруу дүрсэн мань ерөнхийлөгчийн паян үргэлжилдэг. Түүний шуналыг гүйцэлдүүлэх албанд Голомт банкны Д.Баясгалан болоод түүний ойр дотны хань хамсаатнууд мөн Эрдэнэс Тавантолгой ХК-ний гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, өнөөдрийн манай гол дүр Н.Удаанжаргал гээд урт хар жагсаалт үргэлжилнэ. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон эрхмүүд дундаа “АКУЛ” гэгдэж буй Х.Баттулгын итгэлт дүү нарынх нь нэг Н.Удаанжаргал гэж улсын төсөвт ноцтой хохирол учруулсан байж болох, үүнийгээ мэдээд оргон зайлсан. Түүнчлэн “НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРГИЙН СОНСГОЛ”-д гэрчээр дуудагдаж байгаа этгээдийн ноцтой баримтыг “Баялгийн хулгай” буландаа онцолж байна. 
Бодь интернейншл ХХК Тавантолгойн орд газраас Гашуунсухайт боомт руу төмөр зам тавих бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийг гэрээг 2019.10.29-нд байгуулсан байна. Харин нүүрс нийлүүлэх гэрээг 2019.11.13-нд байгуулж, гэрээнд ЭТТ ХК талаас Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг төлөөлж, Н.Удаанжаргал, “Бодь интернэйшнл” талаас А.Амундра нар гарын үсэг зуржээ. Тэгвэл гэрээнд төмөр замын төслийн нийт өртөг нь 1.068 тэрбум ам.доллар, нүүрсний гэрээний дүн нь 682.2 сая ам.долларын гэрээг байгуулсан байдаг. Хамгийн ноцтой нь ерөнхийлөгч асан Х.Баттулгын тусламжтайгаар нууцын гэрээ болж хав дарагдсан нь  цаг хугацааны савлагаагаар илчлэгдсэн. 


ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХАМТДАА НУУН ДАРАГДУУЛЖ, САНДРАХДАА ДЭЛГЭСЭН  ОФТЭЙК ГЭРЭЭ
Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" компанитай хийсэн 9 гэрээг нууцын зэрэглэлээс гаргасан. Энэхүү гэрээг 2017-2019 онд байгуулсан бөгөөд ингэхдээ тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийн зөвлөмжийн дагуу нууцад хамруулах шийдвэр гаргаж байсныг олон нийтийн эсэргүүцэл, нүүрсний хулгайн асуудалтай холбогдуулж, нууцаас ил гаргав. Ингээд эхний офтэйк гэрээтэй танилцая. 
Гэрээний утга: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ЭТТ-2019/825, ТТЗ-Н19/01-01, BI-TTGS-CONT-0002 тоот гэрээ, түүний нэмэлт өөрчлөлт №1
Гэрээний талууд: "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой Төмөр зам" ХХК болон "Бодь интернэшнл" ХХК-иудын хооронд байгуулагдсан.
Гэрээний чиглэл: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх.
Гэрээ байгуулсан хугацаа: 2019.10.29-нд байгуулж, 2024.10.29-ны өдөр 5 жилийн хугацаанд хүчинтэй.
ЖИЧ: Монгол Улс, БНХАУ-ын төрийн эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн улмаас хил гаалийн нэвтрүүлэх хүчин чадал багасч, гэрээний дагуу нийлүүлсэн буюу нийлүүлэх нүүрсийг экспортлох боломжгүй болсон үед гэрээг сунгана гэсэн заалттай.
Гэрээний үнийн дүн: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажилд 1.068.577.163 /нэг тэрбум жаран найман сая таван зуун далан долоон мянга нэг зуун жаран гурван/ ам.доллар.
Гэрээний үнэ буюу нийт төлбөр: 7.92.199.507.42 ам.доллар.
"Тавантолгой төмөр зам" компаниас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу:
2019.10.11-ны өдөр 53.853.240 ам.доллар буюу 143.872.700.000 тэрбум төгрөг
2019.10.23-ны өдөр 56.146.760 ам.доллар буюу 150 тэрбум төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Гэрээний үлдэгдэл төлбөр: 682.199.507 ам.доллар буюу Нүүрс нийлүүлэх гэрээний дагуу "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэгчид нийлүүлэх нүүрсний үнэд хөнгөлөлт үзүүлэх замаар нөхөн төлнө.
ЖИЧ: Тухайн үеийн ханшийн зөрүүнээс алдагдал үүсвэл гүйцэтгэгчийг нүүрсний хэмжээн тохируулга хийх замаар уг ханшийн зөрүүний алдагдлыг арилгаж, хохиролгүй болгоно гэж тусгажээ. Мөн гэрээний төлбөрийг 2019 оны IV улиралд багтаан хувьцаанд хөрвүүлнэ.
Гэрээг: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг төлөөлж Ерөнхий захирал Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, “Бодь интернэшнл” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал А.Амундра нар гарын үсэг зурж, баталгаажуулжээ.


Н.УДААНЖАРГАЛД ГАВЬЯАТЫН ТЭМДЭГ АВЧИРСАН ОФТЭЙК ГЭРЭЭ 
Дүрэлзэж байгаа гал руу тос нэмж зогсохдоо Н.Удаанжаргал хөгжөөсөн гал руугаа өөрөө унахыг тооцоолж байсангүй. Х.Баттулга хэмээх хэлгүй ерөнхийлөгч  тухайн үедээ Н.Удаанжаргал, Б.Ганхуяг, Д.Баясгалан гэх хань хамсаатнуудаа гавьяатаар цоллож, нийгэмд эерэгээр хүлээн зөвшөөрүүлж байсан. Даанч хорвоо нэг л өглөө тэдний хууль бус хонгилыг сэгсэрч, үнэний талд хөрвөсөн. Тухайлбал дээр нэр дурдагдсан эрхмүүдийн улсын нууцад оруулсан өөр нэг гэрээ дэлгэгдэв.  Хамгийн ноцтой нь ҮАБЗ буюу Х.Баттулгатай тохой нийлүүлэн алба хашсан өнөөгийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын Г.Занданшатар нар зөвшилцлийн үүднээс  “БОГД ХАН ТӨМӨР ЗАМ” төслийг нууцалсан. Харин өнгөрөгч оны сүүлээр араа шүдээ хавирсан хэдэн дүү нарынхаа үлээсэн шүглээс эмээхдээ эл гэрээг У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар нууцаас гаргаж дэлгээд Х.Баттулгынхаа харцанд эсгэгдэх боллоо. Уг гэрээг дэлгэрэнгүй танилцуулж байна.
"Богдхан" төмөр зам төслийн хүрээнд:
Богдхан төмөр зам төслийн туннел болон эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын: /2022.06.27-нд байгуулсан/
Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын /2022.06.28-нд байгуулсан/
Гэрээнүүдийг: ЭТТ ХК талаас Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК талаас Н.Удаанжаргал, "Бодь интернэшнл" ХХК талаас Б.Долгормаа нар үзэглэжээ.
Төмөр замын нийт урт 130 км. Төслийн нийт санхүүжилт 1,404,863,059.38 ам.доллар юм. Үүний:
Төмөр замын суурь бүтцийн барилгын ажилд 670,243,235.71 ам.доллар
Туннел, эстакадан гүүрний зураг төсөл, худалдан авалт барилгын ажилд 734,619,823.67 ам.доллар

Бодь
 МАН-ЫН ШИНЭЧЛЭЛ, ХӨГЖЛИЙН ХОРОО БУЮУ Т.АЮУРСАЙХАНЫ БҮЛЭГЛЭЛД МАНДАЖ ЯВСАН Н.УДААНЖАРГАЛ
ЭТТ-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Тавантолгой төмөр зам ХХК-ийн Н.Удаанжаргал нар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд асан Т.Аюурсайханы тусламжтайгаар албан тушаалд хүрснээр, их авлигалын сүлжээнд хуруу дүрсэн үлгэр нь эхэлдэг. Н.Удаанжаргал нь мандан манаргаж явахдаа “Туулайн хан” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Лэнд мн- ХК, “Содон ном” ХХК-д хувьцаа эзэмшдэг байсан. Хууль бусаар хур хөрөнгөжсөн Н.Удаанжаргалын МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороо нэрээр Т.Аюурсайханы хэрэгтэй холбогдсон сэжүүрийг танилцуулж байна.
Хууль хяналтынхан “МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо” гэх нэрээр бамбайлсан авлигын сүлжээнийхнээс зургаан хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа. Тодруулбал, “МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо”-г үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал болон тус хорооны гишүүн, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Худалдан авалтын албаны дарга асан Б.Отгонжаргал, Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга асан Х.Нурлат, Т.Аюурсайханы туслах И.Даваадорж нарыг шалгаж байгаа юм. 
Хамгийн ноцтой нь дээр нэр дурдагдсан эрхмүүд асар богино хугацаанд хөрөнгөжин, Тавантолгойгоос хууль бусаар хуримтлуулсан мөнгөө барилгын салбарт угаасан байж болзошгүй. Тодруулбал Т.Аюурсайхан өөрийн туслах И.Даваадоржийн тусламжтайгаар Ар гүнтийн аманд 69  хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон, Арцатын аманд 39 хаус бүхий тансаг зэрэглэлийн хотхон барьж байгаа нь илчлэгдсэн. Түүнчлэн Хүй долоо худгийн “Дааган толгой”-д морины жүчээтэй болсон. Харин Б.Ганхуягийн хувьд Богд уулын Жаргалантын аманд 22 хаус бүхий тансаг зэрэглэлийн хаус, хотын төвийн “Regis place”, “Park place” гэх хоёр шилэн барилгад 10 гаруй тэрбум төгрөгийн оффисуудтай, “Автай сайн хан” хотхонд 2.1 тэрбумын орон сууцтай, Нүхтийн аманд 4.6 га газартай, тэндээ орон сууц, спорт үйлчилгээний цогцолбортой болсон. Харин Н.Удаанжаргалын хувьд хууль бусаар 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй болсон. Түүнчлэн  дотны анд Зүүнбаян төмөр зам ХХК-ийн дэд захирал Т.Сайнжаргалын “Ширхэнцэг хараа” ХХК-аар барилгын салбарт хураасан мөнгөө угаасан байж болзошгүй. 


Ширхэнцэг хараа ХХК-ны талаар товч өгүүлбэл : Т.Сайнжаргал “Зүүнбаян төмөр зам ХХК”-ны гүйцэтгэх захирлаар очихоос долоо хоногийн өмнө өөрийн эзэмшиж байсан “Ширхэнцэг хараа” ХХК-аас татгалзаж, үйл ажиллагааны чиглэлд нь өөрчлөлт оруулсан байдаг. Тухайлбал 2021 оны гуравдугаар сарын гуравны өдөр “Төмөр замын суурь, дэд бүтэц угсрах, далан хоолой барих” эрх авсан. Гэхдээ тус компани Төмөр замын тээвэр үйлчилгээний тусгай зөвшөөрлөө 2019 оны долоодугаар сарын арванд авсан байдаг. Эндээс ноцтой нь арван хоёрдугаар сарын таванд Н.Удаанжаргал ЭТТ төмөр зам ХХК-ний гүйцэтгэх захирал болсон байдаг. Ингэж л эл бүлэглэл Тавантолгойн ордоос шанага шанагаар нь авч, бэл бяр суусан нь тэдний үндэслэлгүй хөрөнгөжсөн шалтгаан байж болох хардлага төрж байна. 
Үргэлжлэл бий...


 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1