Ард иргэдийнхээ ходоодын тэжээж ховоог нь хоосолсон гишүүд, сайд нарыг “Давстай чихэр” буланд онцолж байна. Хадаг сүү бариад нутгаа зорьдог ч халаас түрийвчээ дүүргэх улс төрийн эрхээ халааслаад ирдэг буурал ах нарын төлөөлөл Ш.Адьшаа. Адгийн үзтэлээ гишүүнд тоглож, аз нь дутахад бусад руугаа саагидаг төрийн их түшээдийн түмпэнтэй усанд булхаж яваа Ховд бүлэглэлийн гишүүн, нам намын хаяа түшиж Монголын төрд дуулах дуутай, дуурсах алдартай суугаа буурал гишүүний ил далд булхайг илчлэхгүй авч сануулж байх нь зүйд нийцэх буй за.
МОНГОЛЫН УЛС ТӨР ТАЯГАА ТУЛААД ДЭНЧИГНЭЖ БАЙХАД Ш.АДЬШАА ГИШҮҮН ХАЯАГАА ТЭЛЭЭД ИХЭМСЭГ СУУНА.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар будлиандаа төөрч, бууриа шатааж байна. Өөрөөр хэлбэл энэ улс эхдээ гологдсон муур шиг эцэж ядраад туйлж байна. Бусдынхаа ижил улсын төсвөөс халбагаараа биш шанагаараа чадлаараа тоносон Ш.Адьшаа гишүүн үе үеийн их хурал, засгийн газрын ах нартай зам мөр нэгтэй. Үүнийгээ ч нуугаад явдаггүй. Гэхдээ тэр нам голоогүй намтартай хүн. Тэгвэл эрхэм гишүүний ЖДҮХС-гаас авсан зээлээрээ тойргоо тэжээж, бизнесээ дэмнэсэн баримтыг дэлгэж байна.
Д.ЭРДЭНЭБАТЫН ЭРХ БОРХОН Ш.АДЬШАА
Төрийн нохой боргож, түмний тархи угаагдав. Учир нь Д.Эрдэнэбат 2014-2016 оны хооронд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Н.Алтанхуягийн Засгийн газраас бонд, Чингис бондын эх үүсвэрээс арьс шир, ноос ноолуур, оёдол, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 108 төсөлд 178.2 тэрбум төгрөг, ЖДҮХС-гаас 1572 төсөлд 241.4 тэрбум төгрөг, нийт 1680 төсөлд 419.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Мөн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас ажлын байр нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Сум хөгжүүлэх сан”-гаар дамжуулан 13198 иргэн, аж ахуйн нэгжид 75.9 тэрбум төгрөг, ЕБС-ийн сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлд 23 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлүүдийг олгосон байна. Үүнээс одоогийн Улсын их хурлын гишүүн Ш.Адьшаа “Ховд Хаан бирж” ХХК 6 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл авсан_ Тухайлбал Ховд аймгийн “Ховд хаан бирж” ХХК нь арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр 2014 онд 6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан ажээ.
"Ховд хаан бирж" компани 2014 оны хоёрдугаар сард байгуулагдаад ердөө зургаан сарын дараа зургаан тэрбум төгрөгийн зээл авсан. Шинжээчийн дүгнэлтэд зааснаар 3.7 тэрбум төгрөг өнөөдрийг хүртэл баримтаар нотлогдоогүй нь эрхэм гишүүн эл үлдэгдэл төгрөгийг хувьдаа завшсан байж болно гэх хардлагыг төрүүлж байна. Хамгийн ноцтой нь ЖДҮХС-гаас авсан мөнгөөрөө төрөлх нутаг Ховд аймагтаа үйлдвэр нэртэй сэндвичэн барилга бариад өнгөрчээ. Уг барилга өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Өөрөөр хэлбэл эрхэм гишүүний авсан зээл барилга болж угаагдаад царцсан нөхцөл байдалтай байна. Сонгууль бүрт сортолзож, нам нам дагаж, нутгийн зүг алдуул морь шиг гүйдэг Ш.Адьшаа 2020 оны сонгуульд ялалт байгуулж, их хурлын өндөр сэнтийд заларснаар эл зээл татвар төлөгчдийн мөнгөөр дарагдах нигуурыг олсон.
ТӨСӨЛ САНААЧЛААД ТӨСӨВ ТОНОХ АЖИЛЛАГАА
Төсвийн хөрөнгийг үр ашиггүй үрдэг, татвар төлөгчдийн мөнгийг шаардлагагүй хөрөнгө оруулалтад зарцуулж, түүнээсээ хувь завшдаг байдал үе үеийн Засгийн газарт тогтсон жишиг болов. Түүний нэг жишээ нь Чингэлтэй дүүргийн Тасганы овооны орчимд барьж буй шашны соёлыг дэлгэрүүлэх Богд Зонхова бурхны хөшөө юм. 32 тэрбум төгрөгийн төсвөөр баригдах дээрх хөшөө хэл ам дагуулаад эхэлсэн. Тэгвэл уг хөшөө цогцолборыг анх 5.5 тэрбум төгрөгөөр барихаар санаачилсан байдаг. Учир нь хожим 2022 оны төсөвт 32 тэрбум болж тусгагдсан. Тодруулбал 2021 онд Ц.Амарсанаа даргатай Барилга хөгжлийн төв тус байгууламжийг барихад 5.5 тэрбум хангалтгүй 32 тэрбум хэрэгтэй магадлал гаргасан. Үүнийг тухайн үед У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрохынхоо урд өдөр эл төсвийг баталсан байдаг. Уг төслийг Ш.Адьшаа, Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нар санаачилж байжээ. Ийнхүү Улсын төсвөөс 32 тэрбумыг салгаж, хожим мартагнуулсан Ш.Адьшаа нь Ховд аймгийн 90 жилийн ойгоор 99 залуу гэр бүлд 99 өргөө цагаан гэрийг барьж түгээсэн. 2024 онд нэр дэвшиж, дахин сонгогдох хүсэлдээ хөтлөгдөж ийнхүү өглөгийн эзэн болох бурангуй шийдвэрээ хэрэгжүүлж эхлэв.
ГААЛИАС ТӨРСӨН ТЭРБУМТАН УЛСЫН ИХ ХУРАЛД ХӨЛ ТАВИВ.
Өөрийн жилийн орлогоо 4 тэрбум 592 сая 403 мянга гэж мэдүүлсэн бол гэр бүлийн орлогын тухайд 1 тэрбум 600 сая гэж мэдүүлсэн.
Орон сууц, барилга байгууламжийн хувьд нийтийн орон сууц-3, үйлчилгээний зориулалттай-1 гэсэн барилга байгууламжтай бол үүний нийт үнэлэмж нь 4 тэрбум 201 сая 298 мянга.
Мөн Жийп болон туулах чадвар өндөр, Mercedes Benz, G 500- 1, Суудлын жижиг машин, Volkswagen, Passat- 1, Жийп болон туулах чадвар өндөр, Toyota, Land Cruiser 200- 1, Суудлын жижиг машин, Hyundai, Sonata 7- 1 гэсэн ДӨРВӨН АВТОМАШИНТАЙ ба нийт үнэ нь 952 сая.
Харин 816 саяар үнэлэгдэх хурдан удмын адуу 51 адуутай ба 890 сая 400 мянган төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлтэй байна.
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: НЬЮфеникс интернэшнл ХХК, Мөнгөн-Алмаз ХХК, Хүннү МН ХХК, Ачит-Арвис ХХК, Ачит-эх мед ХХК, Грэйтблюмаунтайнс ХХК, Империалмаксимус корпорейшн ХХК, Ти Ти Би Эй ХХК, эрдэнэс таван толгой ХК зэрэгт хувьцаа эзэмшиж, ногдол хувь авдаг эзэмшдэг. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хүү А.Биндэръяагаа Боловсролын зээлийн 101,967.56 ам доллараар Канадын “Торонто их сургуульд “Физикч” мэргэжлээр сургасан.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙД Ш.АДЬШАА ХЭРХЭН НЭР ХОЛБОГДОХ ВЭ
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нүүрсний хулгайг хэргийг хянан шалгах Түр хорооны гишүүнээр АН-ын бүлгийг төлөөлөн сонгогдоод байсан. Гэвч тус Түр хорооны гишүүнээс өөрийн хүсэлтээр татгалзсан. Тэгвэл Ш.Адьшаа нүүрсний хулгайн хэрэгт ингэж нэр холбогдох ажээ.
Тухайлбал, Ш.Адьшаагийн “Ази групп” ХХК нь “Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, бага тойруу, 30, 01 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ хаяг дээр “Шанд ложистик” ХХК, “Шинэ Ази ложистик” ХХК, “Нарийн тошин констракшн” ХХК, “Вивид идеа” ХХК, “Хан тээлийн сүлд транс” ХХК-иуд давхар бүртгэлтэй байдаг. Эдгээр компаниуд нүүрсний чиглэлийн компаниуд бөгөөд “Шанд ложистик” ХХК нь л гэхэд Дорноговь аймгийн Даланжаргалын сумын Олон овоо өртөөний VIII замд төмрийн хүдэр, нүүрс буулгаж, ачих талбайтай юм байна.
Харин холбоо хамаарлын тухайд, “Шинэ Ази ложистик” ХХК, “Шанд ложистик” ХХК-ийг эзэмшигч Болдхуягийн Энхсайхан нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай хамт “Монгол Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг” болон “Ховд аймгийн хөгжлийн төлөө” санг хамтран удирдаж иржээ. Өөрөөр хэлбэл, хувь, хувьсгалын тун ойрын хамтрагчид ажээ.
Тухайлбал Ш.Адьшаагийн улс төрийн замналд нь бизнесийн гол тулах багана болсон компаний нэг Шанд ложистик компанитай ямар сэжмээр нэр холбогдож буйг сайтар судалж, анхаарал хандуулсаны эцэст нэгэн ноцтой асуудлыг хөндөхөд хүрэв.
ШАНД ЛОЖИСТИКООР НҮҮРС АЧИЖ, БНХАУ- РУУ ГАРГАДАГ
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо өртөөн дэх наймдугаар замыг Улаанбаатар төмөр замын овор ихтэй ачаа бараа, Чулуун заводын буталсан чулууг тээвэрлэхээр анх тавдугаар замын үргэлжлэл болгон барьж байжээ. Харин сүүлийн жилүүдэд “Шанд ложистик” ХХК нь эл замыг хувийн зам мэтээр ашиглах болсон байна. Тодруулбал, тус компани нь “Талын хишиг майнинг” ХХК-тай хамтран Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо өртөөнөөс нүүрс ачиж, БНХАУ-руу гаргадаг аж. Ингэхдээ дээр өгүүлсэнчлэн тус өртөөний наймдугаар замыг ашиглах болжээ. Мөн Чулуун заводын ойролцоох газрыг ч өөрийн болгосон байгаа нь анхаарал татаж байгаа юм. Эл асуудлыг “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэр зохион байгуулалтын алба, Олон овоо өртөөний захиргаа, Чулуун заводын захиргаа зэрэг албаны байгууллагаас тодруулахад “Бид мэдэхгүй. Мэдээлэл өгөх боломжгүй” гэхээс өөр дорвитой хариулт өгөх хүн олдоогүй юм. Харин өөр нэг эх сурвалж “Наймдугаар замыг түрээслүүлдэг” гэх мэдээллийг өгөв. Чухам хэдэн төгрөгөөр, хэдий хугацаанд түрээслэдэг болох мэдээлэл олдсонгүй. Тэгвэл Олон овоо өртөөний наймдугаар замыг хувийн хэвшил мэт ашиглах болсон асуудалд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нар нөлөөлсөн байж магадгүй байна. Тодотговол, Олон овоо өртөөний наймдугаар замыг түрээсээр ашиглаж байгаа гэх “Шанд ложистик” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Энхсайхан, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар нь Монгол Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийг хамтран эзэмшдэг байсан. Мөн “Шанд ложистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батцоож нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн ангийн хүүхэд аж.
Харин наймдугаар зам дээр “Шанд ложистик”-той хамт үйл ажиллагаа явуулдаг “Талын хишиг майнинг” ХХК нь Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн дүү М.Бат-Амгалангийх бөгөөд тэрбээр “Шанд ложистик”-ийн хувьцаа эзэмшигч Б.Энхсайхантай хамт “Шинэ ази ложистик” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Нэг үгээр хэлбэл тэд халаас нэгтэй гэсэн үг юм.
Ямартай ч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овоо өртөөн дэх Улаанбаатар төмөр замын эзэмшлийн наймдугаар замыг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан нарын хамаарал бүхий хүмүүс түрээс нэрийн дор хувийн өмч мэтээр ашиглаж, Чулуун заводын ойролцоох газрыг хүртэл нүүрс буулгах талбай болгоод байгаа асуудлыг дурдах нь зүйтэй.
ТЭГВЭЛ УИХ-ЫН ГИШҮҮН Ш.АДЬШААГИЙН ХАМТРАН ЗҮТГЭГЧ, УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАН БОЛ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХЭРГҮҮДИЙГ ПРОКУРОРООС БУЦААЖ, “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХК-ААС ТӨМРИЙН ХҮДЭР АВЧ, УРД ХӨРШ РҮҮ ЗӨӨЖ БАЙСАН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОХ БОЛОВ
Хамгийн ноцтой нь өнөөдрийн манай гол дүр Ш.Адьшаагийн хэргийг М.Энх-Амгалан шийдэлгүй гацааж байсан юм биш биз. Учир нь М.Энх-Амгалан улсын ерөнхий прокурор байхдаа “сахал” Д.Эрдэнэбилэгт холбогдох “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар авсан хэргийг 21 удаа буцааж байсан. Түүнчлэн Б.Амгаланбаатар, Б.Хурц нарын прокуроруудаар багаа бүрдүүлсэн гээд М.Энх-Амгалангийн хувьд нэр цэвэр, бохир мөртэй явж иржээ. Д.Эрдэнэбилэгтэй төсвөөс хүртсэн талхаа нууцлаг далд аргаар хувааж идсэн байгаа юм.
Тодруулбал Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан, төрсөн охины Э.Уянгынх нь нөхөр буюу хүргэн О.Хонгор нар нь БНХАУ-ын иргэн На Рэн Ту Яа гэгчтэй хамтран “Талын хишиг майнинг” ХХК-ийг эзэмшдэг ажээ. “Талын хишиг майнинг” ХХК нь төмөр замын тээвэр, зуучийн үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд 2017 оны сүүлээр буюу “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хэргийн дуулиан ид дэгдэж эхэлж байх үед байгуулагджээ. “УБТЗ” ХНН-ийн албан ёсны сайтад дурдсанаар тус компани 265 вагонтой гэнэ. “Талын хишиг майнинг” ХХК нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн төмрийн хүдрийг урд хөрш рүү зөөх замаар дундаас нь асар их ашиг олдог байх юм. Жишээ нь, 2020 онд л гэхэд Сэлэнгэ аймгийн Төмөртэй өртөөнөөс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас сард 13.4 мянган тонн төмрийн хүдэр тээвэрлэж, төлбөрт нь 213 сая төгрөг авахаар гэрээ байгуулж ажилласан байдаг.
Сонирхуулахад, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт байх 25 сая тонн нөөцтэй Төмөр толгой, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байх 230 сая тонн нөөцтэй Төмөртэйн ордоос хүдэр олборлож, урагш нь гаргаж буй. Мөн 12.6 сая тонн нөөцтэй Хуст уулын орд энэ компанийн мэдэлд байдаг.
ДАРХАН ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР-ИЙН НОЦТОЙ АСУУДАЛД Ш.АДЬШАА ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
Дээр нэр дурдсан М.Бат-Амгалан 2020 оны арванхоёрдугаар сарын 16-наас "Шинэ Ази Ложистик” ХХК-ийн хамтран эзэмшигч болжээ. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Б.Энхсайхан гэгч ажилладаг. Цааш нь судалбал, Б.Энхсайханы нэр болон "Шинэ Ази ложистик” ХХК-ийн хаяг дээр "Шанд ложистик” ХХК давхар бүртгэлтэй байдаг юм байна.
Харин "Шанд ложистик” ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон овооны өртөөний VIII замд нурмаг буюу төмрийн хүдрийн баяжмал мэтийн ачаа ачиж, буулгах талбайтай ажээ. Сонирхуулахад, Б.Энхсайхан гэгч нь "Монгол-Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийн дэмжих нийгэмлэг” ТББ-ын ТУЗ-д багтдаг бөгөөд энэ төрийн бус байгууллагын ТУЗ-д Б.Энхсайхантай хамт УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан нар бүртгэлтэй байжээ.
Хамгийн ноцтой нь Монголоос төмрийн хүдрийн баяжмал хямд үнээр худалдан авч, тээвэрлэх болсон Улсын Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн төрсөн дүү М.Бат-Амгалан нь хилийн цаана компани байгуулсан. Тодруулбал, М.Бат-Амгалан өнөөх БНХАУ-ын иргэн На Рэн Ту Яа-тайгаа болон БНХАУ-ын иргэн Дун Ян Вэй, Мэн Күй Күй нартай хамтран БНХАУ-ын Хайкоу хотод "Хайнан муж Жин Хүй Зө Үйлдвэрлэл” ХХК-ийг байгуулжээ. М.Бат-Амгалан ахиу хувьцааг нь эзэмшдэг учраас "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж бүртгэгдсэн байна.
НЭРИЙН САЙТТАЙ АНХНЫ ГИШҮҮН
Монгол улсад тарьсан балаг нь дундардаггүй Ш.Адьшаа гишүүн өөрийн нэрээр сайт ажиллуулдаг анхны гишүүн. Улс төрд хуруу дүрж, хошуу дэвсэж эхэлсэн цагаасаа том бага тендер, их бага авлигалын хэрэгт олонтаа дуудагдсан ч уснаас хуурай гарч ирсэн Ш. Адьшаагийн нэр холбогдох илүү олон ноцтой баримтыг манай эрхлэн явуулдаг “Баялгийн хулгай” цувралын дараагийн дугаараас хүлээн авч таалан болгооно уу
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ