surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

ДАВСТАЙ ЧИХЭР : Саар, сайн аль ч цагт савар нь чилээгүй Моносын хатагтай

ДАВСТАЙ ЧИХЭР : Саар, сайн аль ч цагт савар нь чилээгүй Моносын хатагтай

Иргэдийн амьдрах боломж, төлсөн татвар эрх дархтай ноёд түшмэлүүдийн данс руу урсаж, гарын салаагаар асгарч  байдаг. Бид энэ тогтолцоотой он удаан гацлаа. Өдрөөс өдөрт өвчлөл,ядуурал хүчээ авч, замаа алдлаа. Тэгвэл амьдрах боломжоос тонож, ураг удмаараа улсын өмч рүү нүүж ирсэн төрд нэртэй эрхмүүдийн ноцтой баримт, мартаж болохгүй хэргүүдийг манай эрэн сурвалжлах алба “Давстай чихэр” буландаа онцолж байна. Энэ удаа бид УИХ-ын гишүүн асан, Моносын Л.Эрдэнэчимэгийн талаарх мэдэх эрхтэй баримтуудыг дэлгэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Л.ЭРДЭНЭЧИМЭГ МОНОСФАРМТРЕЙД ХХК-ИЙНХАА НЭР ДЭЭР БОНДЫН МӨНГӨНӨӨС 5.5 ТЭРБУМ, МОНОСКОНСТРАКШН ХХК-ИЙНХАА НЭР ДЭЭР ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨРӨӨС 1.3 ТЭРБУМ, НИЙТДЭЭ 6.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВЧЭЭ 
УИХ-н гишүүд дан ганц жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан бус засгийн газрын бусад хөтөлбөр болон бондын мөнгөнөөс зээл авч, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж ирсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Моносфармтрейд ХХК–ийнхаа нэр дээр бондны мөнгөнөөс 5.5 тэрбум зээл авсан байдаг. Хамгийн ноцтой нь иргэдийн хамгийн сайн мэдэх “Чингис” бондоос хэрэгжүүлсэн  888 төслийг хэн хэн авсныг нарийвчлан шалгах ажиллагаа явагдаагүй.  Эл зээлийн түүхийг эргүүлэн сөхвөл тун сонирхолтой агуулга хэлбэрийн зөрчил илэрнэ.
Бондын зээлийн түүх ингэж үргэлжилсэн.  “Чингис”, “Самурай” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсэг УИХ-ын дарга асан З.Энхболдын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын 16-нд байгуулагдсан байдаг.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн ахалсан ажлын хэсэгт УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны Г.Батхүү, Ц.Баярсайхан, Я.Санжмятав, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Л.Чойжилсүрэн,Ч.Хүрэлбаатар, Г.Уянга, Х.Болорчулуун нарын гишүүд багтаж байв. 
“Хөгжлийн банк”-ны эх сурвалжийг хөөж үзвэл Монгол Улсын Засгийн газар 2010 оны долоодугаар сарын 20-ны өдрийн 195 дугаар тогтоолоор “Хөгжлийн банк”-ыг байгуулахаар шийдвэрлэж, УИХ-аас “Хөгжлийн банк”-ны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан байдаг. Дээрх хуулиар “Хөгжлийн банк” нь Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар заажээ. Ингээд Засгийн газрын 2011 оны тавдугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор “Хөгжлийн банк”-ны дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг баталж хуулийн дагуу албан ёсоор үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа нь эхэлсэн байдаг.
2010 оны долоодугаар сарын 09-ны өдөр баталсан Монгол Улсын 2010 оны “Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах” хуульд “Хөгжлийн банк”-ны дүрмийн санг 16.7 тэрбум төгрөгөөр тогтоож 2010 оны арванхоёрдугаар сард Сангийн сайдын 283 дугаар тушаалын дагуу банкны дүрмийн санг бүрдүүлжээ. “Хөгжлийн банк”-ны дүрмийн санг 2011-2014 оны Төсвийн тухай хуулиудаар нийт 127.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр 2014 оны арванхоёрдугаар сарын 31-нийн байдлаар 143.9 тэрбум төгрөг болсон байна. 
Ингээд “Чингис”,”Самурай” бондын зарцуулалт, “Хөгжлийн банк”-ны үйл ажиллагаанд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтээс зарим ноцтой баримтыг дурдъя. 
-УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Засгийн газар "Чингис бонд"-ыг олон улсын зах зээлд: 
5 жилийн хугацаатай, жилийн 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын,
10 жилийн хугацаатай, жилийн 5.125 хувийн хүүтэй нэг тэрбум ам.долларын бондыг тус тус арилжаалснаас бондыг арилжаалах үйл ажиллагааны зардалд гэрээний дагуу 5.4 сая ам.долларыг суутгуулж, 2012 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Монгол банкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд нэг тэрбум 494.6 сая ам.долларын орлого оржээ.
Гэтэл Л.Энх-Амгалангийн ахалсан ажлын хэсгээс Бондын зээлийн асуудалд Ц.Баярсайхан,Б.Гарамгайбаатар, Ч.Хүрэлбаатар, Г.Уянга, Х.Болорчулуун, манай өнөөдрийн гол дүр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нар нэр холбогдов.  Тэгэхдээ Л.Эрдэнэчимэг нь УИХ-ын гишүүн байх хугацаандаа бондын мөнгөнөөс 5.5 тэрбумын төгрөгийн зээлийг авч шамшигдуулсан. Гэвч эл хавтаст хэрэг одоог хүртэл нэхэн сөхөгдөөгүй байна. Тэд зээл авах нөхцөлийг үүсгэж, дараа нь зээлээ авдаг. Авсан зээл нь татвар төлөгчдийн мөнгөөр төлөгддөг бохир системийн хар ланчиг үргэлжилж байна.  
Хамгийн ноцтой нь Л.Эрдэнэчимэг УИХ-ын гишүүн байхдаа бондоос авсан 5.5 тэрбумын зээлээс гадна “Моносконстракшн” ХХК-ийнхаа нэр дээр Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 1.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлтэй зээл авсан байдаг. Гэвч эл 6.8 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн үгүй нь тодорхойгүй байна.

No photo description available.
Л.ЭРДЭНЭЧИМЭГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ НАЙДВАРГҮЙ ЗЭЭЛДЭГЧ МОНОС ГРУППИЙН ТЭРГҮҮН БОСС Л.ХҮРЭЛБААТАРЫН ТӨРСӨН ДҮҮ
УИХ-д байх хугацаандаа удаа дараа зээл, авлигалын хэрэгт холбогдож байсан Л.Эрдэнэчимэг гишүүний алдар нэр Моносоор овоглогдож ирсэн. Тэрээр нэгэн үе Моносын группт хувьцаа эзэмшигч байсан. Гэвч эл Монос группийн одоогийн эзэн нь түүний төрсөн ах Л.Хүрэлбаатар. Гүйцэтгэх захирлаар нь Х.Ананд, Ц.Цэцэнзориг нарын нэрс бүртгэлтэй байна.  Өдгөө Монос групп Хөгжлийн банкны зээлийн асуудлаар шалгагдаж байх ёстой нэгэн том байгууллага. Гэтэл тэдний эрх дархад хэн ч нөлөөлдөггүй. Тэдэнд хэний ч үг төдийлөн сонсохуйц биш болохыг өдийг хүртэл харлаа. Үзлээ.
Эл зээлийн хэргийг тодруулбал "Монос" групп нь Ургамлын гаралтай эрүүл мэндийн ундааны үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 5.9 тэрбум төгрөгийн зээл авчээ. Ингэхдээ Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан авсан байдаг.  Тэд Хөгжлийн банкнаас авсан зээлээ бэлэн зарлагаар гүйлгээ хийсэн тул зарцуулалтыг нь нягтлах боломжгүй байсан гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Монос групп авсан зээлээрээ зарлагын гүйлгээ хийж, дараа нь зээлээ төлөлгүй мартлаа. Гэвч эл компани Монголын эм, эмэн бүтээгдэхүүний зах зээлд хүчээ авсан байгууллага гэх нэр сүрээ дагаад Л.Хүрэлбаатар ч нэртэй цуутай бизнесмэн болсон. Харамсалтай нь тэд ургаараа удмаараа зээл авч, авсан зээлээ эргэн төлөхгүйгээр умартаж байна гэж хардаж болохуйц баримтууд ар араасаа хөвөрнө. 
Тухайлбал Л.Хүрэлбаатар өөрийн хамаарал бүхий компани болох “Энхийн шүүдэр” ХХК-аараа 5.8 тэрбум төгрөгийн зээл авсан байна.  ЭНЭ БОЛ ЭХЛЭЛ ГЭДГИЙГ НЭХЭН САНУУЛЬЯ.

ЖДҮХС –ГААС "МОНОС ГРУПП" ХХК ХАМААРАЛ БҮХИЙ ЗУРГААН КОМПАНИАР ДАМЖУУЛАН 18.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВСАН

Экспортыг дэмжих, импортыг орлох ЖДҮ 888 төслийн хүрээнд зээл авсан улс төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглаж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өөрийн төрсөн ах Л.Хүрэлбаатарын Монос групп ХХК-ийн хамаарал бүхий зургаан компанид нийт 18.3 тэрбумын зээл олгох явцад нөлөөлсөн байж магадгүй байна.
Тодруулбал :  "Монос групп" ХХК "Ургамалын гаралтай эрүүл мэндийн ундааны үйлдвэр" төсөл хэрэгжүүлэхээр 5.9 тэрбум төгрөг
"Энхийн шүүдэр" ХХК "Дуслын шингэний үйлдвэр байгуулах төсөл" хэрэгжүүлэхээр 5.8 тэрбум төгрөг
"Мөнхийн тун" ХХК "Эм үйлдвэрлэл, эм эмнэлгийн хэрэгслийн импорт худалдаа" төсөл хэрэгжүүлэхээр 2.2 тэрбум төгрөг
"Монос косметик" ХХК "Гоо сайхны үйлдвэрлэлийг өргөжүүлэх төсөл" хэрэгжүүлэхээр 1.8 тэрбум төгрөг
"Цомбо" ХХК "Тун шилтэй тарилгын эмийн үйлдвэрийн өргөтгөлийн төсөл" хэрэгжүүлэхээр 1.8 тэрбум төгрөг
"Мөнхийн тун" ХХК "Эмнэлгийн нэг удаагийн хэрэгсэл үйлдвэрийн төсөл" хэрэгжүүлэхээр 600 сая төгрөгийн зээлийг авсан байна.
ЖААХАН ХАЧИР АМСЧИХ, ҮҮНИЙ АРААС ИЛҮҮ НОЦТОЙ АСУУДЛЫН ТАЛААР ӨГҮҮЛЭХ БОЛНО.   2017 онд Монгол улсын загасны хэрэглээг бүрэн хангах хилэм загасны төсөл гээд 200 сая төгрөг нь Чингис бондын эх үүсвэрээс, 200 сая нь Улаанбаатар хотын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээс санхүүжсэн. Гэтэл  Герман улсаас оруулж ирсэн 20000 жараахайг гаалийн татвараас чөлөөлсөн тухай албан бичиг байхгүй гэх шалтгаанаар Гаалийн байцаагчид гурван цаг саатуулсан. Ингээд цаг алдсаны улмаас жараахайнууд бүгд үхсэн байсан гэж төсөл хэрэгжүүлэгчид ярьж байсан билээ. Түүнчлэн 1.5 тэрбумын "маруужин"-гийн цех гээд хүн итгэхийн аргагүй төсөл шалгарч байсан. 

                                                                                                 ЗЭЭЛЭЭС ОФФШОРТ!!!
2019 оноос  ерөнхий сайд асан С.Баяр, хууль зүйн сайд асан  Х.Тэмүүжин нарын Оффшорын данс ил болж, нөлөө бүхий бизнесмэнүүд, хөл гар нь болсон УИХ-ын цөөнгүй гишүүд, Засгийн газрын сайд нар нэр холбогдох болсон.  Үүний тэргүүн эгнээнд Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах Л.Хүрэлбаатарын нэр тод дуурсагдах болов.  
1.С.БАЯРЫН ОФФШОРЫН ХЭРЭГТ ИНГЭЖ ХОЛБОГДДОГ
Оюутолгойн гэрээг батлуулахдаа өөрийнхөө эрх ашгийг үлэмж хангасан хэргээр Ерөнхий сайд асан С.Баяр АТГ-т шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжиж байсан. Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний балгаар  Монгол Улс “Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагч “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудаас 2 761 789 570 000 /Хоёр их наяд долоон зуун наян есөн сая таван зуун далан мянга/ төгрөгийн татварыг авч чадахгүй хохирсон гэх бас нэг ноцтой асуудал байгаа юм. Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэрэг оффшор компани, дэлхийг хэрсэн сая сая ам.доллар, еврогийн гүйлгээ, АНУ дахь үл хөдлөх хөрөнгө, Монгол дахь мөнгийг нь нааш нь цааш нь болгодог томоохон компани гээд өргөн хүрээг хамарна . Түүнтэй хүзүү сээрээрээ хэлхэлдсэн багын найз, Монголын эмийн үйлдвэрлэл, бизнесийн салбарт амжилттай явж ирсэн “Монос” компанийн эзэн Лувсангийн Хүрэлбаатар . Хөвсгөл нутгаараа холбогддог Л.Хүрэлбаатар, С.Баяр хоёр Оюутолгой төслийг Монголд бус С.Баяр нарт ашигтай байгуулсан байж магадгүй. Тухайлбал С.Баярын хэргийн гол “хөдөлгөөн”-ий эзэн, “Петровис”-ийн Ч.Давааням нь “Forest Berries Ltd” компанийн Хонгког дахь “HSBC” компанийн данснаас Монгол Улс руу олон сая ам.долларын гуйвуулга хийсэн байдаг. Тодруулбал, Ч.Даваанямын өөрийнх нь Голомт банкны данс руу 2011 оны тавдугаар сарын 16-наас 2011 оны тавдугаар сарын 20-ны хооронд 3 999 840 /Гурван сая есөн зуун ерэн есөн мянга найман зуун дөч/ ам долларыг шилжүүлсэн. Мөн 2010 оны арванхоёрдугаар сарын 27-ноос 2011 оны хоёрдугаар сарын 7-ны хооронд “Петровис” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь данс руу 6 299 766 /Зургаан сая хоёр зуун ерэн есөн мянга долоон зуун жаран зургаа/ ам.доллар шилжиж орж иржээ. Түүнчлэн дээрх данснаас “Монос”-ын Ч.Хүрэлбаатарын Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны данс руу 2012 оны есдүгээр сарын 4-нөөс 2012 оны аравдугаар сарын 29-ний хооронд нийт 4 729 836 /Дөрвөн сая долоон зуун хорин есөн мянга найман зуун гучин зургаа/ ам.доллар шилжүүлсэн байна. Л.Хүрэлбаатарын оролцоо ингээд зогссонгүй. 
Түүний хүү Х.Ананд, Ч.Даваанямын эхнэр С.Шагдардулам нар хамтраад “Рома Инвестмент” ХХК-ийг байгуулсан байгаа юм. Тэр компанийнх нь данснаас 2013 оны тавдугаар сарын 3-ны өдөр С.Баярын охин Бадамхандын данс руу 27 000 /Хорин долоон мянга/ ам.доллар гуйвуулжээ. С.Баярын шууд болон шууд бус оролцоотойгоор дэлхийг хөндлөн гулд бөмбөг шиг шидсэн толгой эргэм мөнгөн дүнтэй шилжүүлэг гуйвуулга, худалдан авалт дахь “Петровис”, “Монос”-ын эздийн оролцоо эдгээрээр тогтохгүй ажээ.
2. Л.ХҮРЭЛБААТАРААС ҮҮССЭН СЭЖИГ БҮХИЙ АВЛИГАЛЫН СҮЛЖЭЭ
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нь ерөнхий сайд С.Баярын оффшорын хэрэгтэй шууд, шууд бусаар нэр холбогддог. Учир нь  Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа буюу 2013 оны тавдугаар сард Дотоод хэргийн их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн байрны барилгын ажлыг “Грийн ресурс констракшн” ХХК-д тендергүй өгсөн хэрэгт нэр холбогдох болсон хөшигний ард гол асуудал нуун дарагдаж байна. Тодруулбал  Грийн Ресурс констракшны толгой компани Грийн Ресурс ХХК-ийг ерөнхий сайд асан С. Баярын эхнэр Эрдэнэбилэгийн Сувд, охин Б.Бадамханд , Ц.Цэцэнзориг нар эзэмшдэг. 


Үүнээс хамгийн ноцтой нь С.Баярын эхнэр хүүхэдтэй хамтран Грийн Ресурс ХХК-ийг эзэмшигч Ц.Цэцэнзориг нь УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах Л.Хүрэлбаатарын хүү Х.Анандтай хамтран Рома инвестмэнт ХХК эзэмшдэг. Эл компани хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинд хоёр орон сууцаар авлигал өгсөн хэрэгт нэр холбогдож байна. 
Үүнээс хамгийн ноцтой нэг сэжүүр  гарч ирж буй нь Л.Эрдэнэчимэгийн төрсөн ах Л.Хүрэлбаатар оффшор сайд С.Баяртай хамтран  “Грийн ресурс” ХХК, “Грийн ресурс констракшн” ХХК, “Рома инвестмент” ХХК-иудаар оффшор бүсэд нуусан мөнгөө оруулж ирэн орон сууц болгож угаасан байж болзошгүй хэрэгт 2018 оноос эхлэн нэр холбогдох болсон. С.Баярын найз “Петровис”-ийн Ч.Давааням нь С.Баярын охин Б.Нандинтай оффшор бүсэд зургаан компани эзэмшиж байсан. Тэдгээр компаниудынхаа нэг болох Англид байгуулсан “Forest Berries Ltd” компанийн Хонг Конг дахь данснаас 2010-2013 оны хооронд 3.9 сая ам.доллар Монгол руу шилжүүлсэн. Энэ мөнгө Л.Хүрэлбаатарын “Рома инвестмент” ХХК, Ч.Даваанямын “Петровис” болон С.Баярын охин Б.Бадамхандын дансаар дамжсан гэдэг нь С.Баярын хэрэг шүүхэд шилжсэний дараа ил болсон байдаг. Мөн баримтаар нотлогдож байгаа. Гэтэл өдгөөг хүртэл Л.Хүрэлбаатарыг шалгах процесс явагдсангүй.  Мэдээж Л.Хүрэлбаатарын эл хэрэгт төрсөн дүү Л.Эрдэнэчимэг нэр холбогдох магадлал үүсч байна.   
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1