surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Т.БАДАМЖУНАЙГИЙН ХЭРГҮҮДЭЭС:  Монгол улсын нутаг дэвсгэрээс  таслан авч, дамлан зарсан асуудал

Т.БАДАМЖУНАЙГИЙН ХЭРГҮҮДЭЭС:  Монгол улсын нутаг дэвсгэрээс  таслан авч, дамлан зарсан асуудал

ХХААХҮЯ-ны сайд асан Т.Бадамжунайг Монгол улсын Засгийн газар “Таван Ш” ажиллагааны хүрээнд интерполоор эрэн сурвалжилж, эцэст эх оронд нь буцаан авчирлаа. Ийнхүү МАН “МАНАН” бүлэглэлийн загалмайлсан эцгээ сүр дуулиантай баривчиллаа. Дүр зураглалын хувьд гэмт хэргийн сэдэвт кино шиг, улс төрийн хэргийн хувьд асуудал нь хаана төгсөх эргэлзээтэй нэгэн түүхэн өдөр өчигдөр тохиолоо. 
Т.Бадамжунайг “Авлигал албан тушаал урвуулан ашигласан, бүлэг гэмт хэргийн сэжигтнээр тооцож шалгах” ажээ. Тэд МАНАН бүлэглэлийн цахиурыг хагалж, шинэ салхи сэвэлзүүлж чадах болов уу. Учир нь Т.Бадамжунай нь үе үеийн Засгийн газрын гишүүд сайд нарыг ордны гаднаас томилж явсан хаан мэт эрх дархтай нэгэн байлаа. Энэ эрхмийг баривчилснаар Монгол улсын нөлөө бүхий улс төрчид, бизнесмэнүүд, өөрөөр хэлбэл Т.Бадамжунайгийн хамаарал бүхий эрхмүүд ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдэг нь сонирхолтой асуулт хэвээрээ. Л.Оюун-Эрдэнийн дэглэсэн бүтээл хэрхэн төгсөхийг харах цаг үлдлээ. 
Нэгэн үе  УИХ, ЗГ-ыг  шууд бус удирдлагаар хангаж байсан Т.Бадамжунай нь олон гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нэр холбогддог. Үүнээс хамгийн ноцтой болоод мартаж болохгүй нэгэн баримт бол “ХАЛХ ГОЛЫН ЗО МЯНГАН ГАЗАР”-ын асуудал. Эл асуудал нь 2010 оны төгсгөл 2011 оны эхээр дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг нэлээдгүй татаад төдөлгүй ор сураг тасарсан.
Чухам яагаад зүүн хязгаар нутагт хэсэг газарт хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулахыг эсэргүүцэв гэхээр байгальд эрсдэлтэй, эрдэмтдийн судалгаа хийлгээгүй гэх тайлбар хэлж байсан. Түүнчлэн тухайн үед  Чингисийн талбайд болсон жагсаалаар Халхгол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгохыг шаардсан. Тэр жагсагчдаас бодит байдалд Халхголд ямар нөхцөл байдал үүссэнийг очоод үзсэн нь хэд байсан бол гэж асуухад хариулах нь хэд бол. УИХ-ын 75 дугаар тогтоол гараад Дорнод аймгийн Халхгол суманд 500 мянган га газрыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгон хөгжүүлэх шийдвэр гарснаас хойш Засгийн газар, холбогдох яамдаас ямар арга хэмжээ авсан бэ гэхэд Хүнс хөдөө аж ахуйн сайд асан  Р.Бурмаа “Халх голын чөлөөт бүсийн тогтоол гарсны дараа Засгийн газраас, ХХААЯ-наас ямар ч шийдвэр гараагүй. Чөлөөт бүсийн захирагчийн алба байгуулагдаагүй. Ерөнхий төлөвлөгөө баталсны дараа чөлөөт бүсийн захирагчийн алба байгуулагдах ёстой” гэсэн  тайлбар өгч байжээ.

Р.Бурмаа сайд Халхгол сумаас хөөгдсөн тухай мэдээллийг өнгөц харахад цаанаа ямар нэг учир, шалтгаантай байсан төдийгүй хөөхийн учиг зөвхөн чөлөөт бүстэй холбоотой биш болох нь дараах баримтуудаар илчлэгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажил нь эхлээгүй байгаа чөлөөт бүсийн анхны шийдвэрээс зургаан жилийн өмнөх үйл явдлыг сөхөх шаардлагатай болно.
“Korea IT Times” сонины 2011 оны гуравдугаар сарын 11-ний дугаарт  БНСУ-ын хэвлэлд “Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30,000 га газар худалдаж авлаа” гэдэг мэдээ гарсан. Энэ мэдээнд Монголоос 816 мянга 880 акр газaр худалдан авч Кори буюу Солонгосын эртний Корё хаадын удмын нэрээр нэрлэсэн тариалангийн талбайтай болснoop солонгосчууд гадаад улсаас хүнсний хараат байдлаасaa сална гэсэн байна. Дорнод аймгийн Засаг даргын орлогч н.Дамдинбазар, Ким Хак Су гэх Солонгосын талын нарын зургийг уг мэдээнд хавсаргасан байдаг. Түүнээс гадна “Future Directions International” хэмээх Австралийн бодлого судлал, дүн шинжилгээний байгууллагаас гаргадаг долоо хоног тутмын мэдээ, Хонконгт төвтэй Азийн бүсийн “Asia Sentinel” сонин, “Corn & Soybean Digest” гэдэг Америкийн хөдөө аж ахуйн сэтгүүл зэрэгт Өмнөд Солонгосчууд Монголooc 325 мянга 999 га гаруй (800 мянга гаруй акр) газар худалдаж авчээ гэсэн мэдээ гарч байв.

Энэ мэдээ 2011 онд гарсан хэдий ч газар өгөх шийдвэр нь 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд гарсан байгаа юм. Халхгол сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 17 дугаар тогтоолоор БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Хансолмо” ХХК  сумын нутаг дэвсгэрт фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тариалах зорилгоор бэлчээр ашиглах хүсэлт гаргасныг хэлэлцээд сумын гуравдугаар багийн нутгийн долоон байршилд 30 мянган га газрыг ашиглуулахаар зөвшөөрч, сумын Засаг даргад үүрэг болгосон байжээ. Энэ өдрөө Халхгол сумын Засаг дарга Ц.Сүхбаатар “Хансолмо” компанид 30 мянган га газар ашиглуулах захирамж гаргасан. Газар ашиглах эрхийн 0002397 дугаартай гэрчилгээгээр 30 мянган га газрыг фермерийн аж ахуй эрхлэх, тэжээлийн ургамал тарих зориулалтаар таван жилийн хугацаатай ашиглуулах гэрчилгээг мөн л 2009 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөө олгосон байгаа юм. Газрын асуудал өдөртөө шийдэгдсэн шилдэг жишээ гэж үүнийг л хэлэх байх. Засгийн газраас Халхголыг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болгон хөгжүүлэх тухай тогтоол 2010 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр гарсан боловч ажил хэрэг болж чадалгүй замхарсан.   


Ашиглуулах гэсэн үгийг газрын гэрчилгээнд бичсэн байгаа ч үүнийг Солонгосын хэвлэлүүд болон дээр дурдсан гадаадын мэдээллийн хэрэгслүүд газар худалдаж авсан гэж мэдээлснийг дахин сануулах нь зөв. 
Олон Улсын Хүнсний Бодлого Судлалын Хүрээлэнгийн мэдээгээр 1 га газрын хамгийн доод ханшийг 1300 ам. доллараар гэж боджээ. Хэрэв энэ тооцоогоор бодвол Халхголын 30 мянган га газрыг нийтдээ 39 сая ам.доллараар худалдаж авсан нөхцөл байдал үүсч байв.

Ингээд зогссонгүй өөр олон баримт ар араасаа хөвөрнө.  2011 онд Халхгол сумын ИТХ-ын дарга Буяндэлгэр уг шийдвэрийг хүчингүй болгож цуцалсан ч мөн оны есдүгээр сарын 19-ний өдөр Халхгол сумын Засаг даргын А/77 захирамжаар “Хансолмо” ХХК-д олгосон газрыг “Үйзэн тал”, “Цог октаэдр”, “Ашдын нөхөр” гэх гурван компанид шилжүүлжээ. “Үйзэн тал” ХХК-нд 14232 га, “Цог октаэдр” ХХК-нд 6917 га, “Ашдын нөхөр” ХХК-нд 4861 га газрыг шилжүүлэн авсан байгаа юм. Энэ компаниуд нь цааш нь өөр аж ахуйн нэгжүүдэд дамжуулсан аж.  

KOICA- тай байгуулсан гэрээнд Монгол талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яамны төлөөлөгчид 2011 оны гуравдугаар сарын 10-нд үзэглэсэн ч тухайн үед Монголын Засгийн газар ямар ч тайлбар өгөлгүй нам дарж байсан. Тэгвэл тухайн үед Сү.Батболд Ерөнхий сайд, Т.Бадамжунай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байсан юм. Дорнод аймгаас УИХ-д тухайн үед ажиллаж байсан гишүүд тойргийнх нь сумын газар нутгийг худалдаж байхад юу хийж явсан бэ гэдэг асуулт ч гарч ирнэ. Компаниас компани дамжуулан зарсан 30 мянган га газрын талаархи мэдээллийг ил гаргасан хүн нь гэмтэн болоод эл хэрэг намжсан. Газар нутгийнхаа төлөө гэх сүржин нэртэй, даржин хөдөлгөөнүүд хаана явж, юу хийж байсныг ч мөн асуумаар. “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг сануулж, төр төмөр нүүрээ харуулж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох цаг болсон.
Т.Бадамжунайгийн ноцтой хэргүүд үүгээр дуусахгүй. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1