surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Баялгийн хулгай : Д.Сумьяабазар хэмээх бэрс нүүдэлтэй хүү

Баялгийн хулгай : Д.Сумьяабазар хэмээх бэрс нүүдэлтэй хүү

УИХ-д түвшин зантай,ном эрдмийн гэхээсээ "БИ" төвтэй бүх насаараа сонгогдох хүсэлтэй бэрдийн төрөлтөнгүүд ихэвчлэн сонгогджээ. Өөрөөсөө бусдыг дээш гаргах дургүйн баталгаа нь дахин дахин сонгогдох хүсэл.Үүндээ ч хүрдэг.Босоо аварга гэдэг шиг. Ер нь босоо байх дуртай. Монголчууд эр хүний сайхан зан чанарыг бөх хүнд байх ёстой гэдэг ч энэ нь утгаа алдан туйлширч ГҮНДҮҮГҮЙ,ХЭЭГҮЙ,ХЭНЭГГҮЙ гэх уянгын халил нэмэгдэж тэнэг мангар занг нь нууж хамгаалдаг арга заль болж ирсэн. Бяр хүчтэй хүнийг зөв залж зүй бус, хэрэг хийлгэхгүйн тулд ухаанаар хүмүүжүүлж байсан далд хүмүүжлийн арга байтал үүнийгээ бүрэн ойлгоогүй. Нутаг, жалга дов бүхэнд бөхтэй, шүтээнтэй. Өөрөөр хэлбэл Монголчуудын толгой дээрээ залсан баастай бурхад нь МАНАН-тай ордондоо эрхээрээ хатаж, элдвээрээ дамшиглаж байна. Ингээд Монгол бөхийн торгон ногоон дэвжээнээс УИХ-ын өндөр сэнтийд заларсан, сайд болж эрхэлсэн. Хотын мэр бол туйлсан. Туйлах туйлахдаа эзэнгүй тодотголгүй тендерийн дээрэм, газрын наймаа, баялгийн хулгайд нэр холбогдсон улс төрийн бүлэглэлийн  нууц ноён Долгорсүрэнгийн Сумьяабазарын талаарх мэдэх эрхтэй баримтыг дэлгэж байна. 
Ураг удмаараа улсын төсөв рүү нүүж ирсэн гшүүд, сайд нарын үргэлжлэл,Үндэсний бөхийн улсын аварга, УИХ-ын гишүүн асан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар. 


Түүх ингэж эхэлсэн юм. Монгол бөхийн торгон ногоон дэвжээг нэгэн үе чимж явсан зургаан залуу заанаас том жижиг гэхгүй улс төрийн дэвжээнд хөл тавьсан. Тэднээс дорвиун алхаж, довоо шарлуулж, алтаар баантагласан гишүүнд сайд хоёр төрсөн. Тодруулбал А.Сүхбат. Д.Сумьяабазар. Сумьяабазар “Догоо заан” гэж алдаршсан Донровын Долгорсүрэн, Хадын Пүрэвбадам нарын хоёр дахь хүү болж мэндэлсэн.. Гурав дахь хүү нь мэргэжлийн сүмогийн их аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж. Бага хүү нь үндэсний бөхийн улсын начин, холимог тулааны “Хөх чоно” хочит Д.Сэржбүдээ. Харин ганц охиныг нь Д.Ичиноров гэдэг. 
2000 оны эхэн, дунд үед үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээ, алс Японы сүмогийн дэвжээд ид шуугиулж байсан бөгөөд залгаад улс төр, бизнесийн “дэвжээ”-нд гарцгаасан энэ гэр бүлд Монголчуудын эрх ашгийг зөрчсөн олон хууль бус үйлдлүүд хийгдсэн. Гэвч тэднийг  хэмжээлшгүй эрх дарх, улс төрийн хүчингүүд үг хэлүүлэхгүй хамгаалж ирсэн. Бидний хамгийн сайн мэдэх улсдаа ганцхан том циркээ тэдэнд алдсан. Ингээд энэ гэр бүлийн эрхлэн ажиллуулдаг компаниуд, төрийн бус байгууллагуудыг цоллон дуудья. 
 Д.Долгорсүрэн зааны гэргий, Хотын дарга, Хөдөлмөрийн баатрын ээж Хадын Пүрэвбадам нэр дээрээ нэг компани, дөрвөн төрийн бус байгууллагатай. Тухайлбал, хуулийн этгээдийн улсын бүртгэлд Хадын Пүрэвбадамын нэр дээр “Монголын үндэсний цирк” ХХК, “Монголын уран нугаралтын Аса академи” ТББ, “Монголын мэргэн гольф” ТББ, “Хунчир хөгжил хүрээлэн” ТББ, “Ээж цэцэрлэгт хүрээлэн” ТББ тус тус бүртгэлтэй байдаг. 

Хотын дарга Д.Сумъяабазар, Монголын сайхан бүсгүй титмийн эзэн, Ч. Мичидмаа нар 1998 онд гэр болсон. Хөлс ханхлуулсан бөх байхаас нь зангиа зүүсэн захирагч болтол нь ханилж яваа “тэргүүн хадагтай” Чуваамидийн Мичидмаа хуулийн этгээдийн улсын бүртгэлд нэр дээрээ ердөө ганцхан “Ашдын гэгээ”  гэх ТББ-тай. Өмнө нь “Интэлек” ХХК-тай байсан ч татан буулгасан. Нөлөө бүхий улс төрчдийн эхнэрүүд, тэргүүн хадагтай нар зорилтот бүлэг рүү чиглэсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг сан, төрийн бус байгууллагатай байдаг нь ёс юм шиг. Ч.Мичидмаагийн "Ашдын гэгээ" ТББ гэхэд л нэг удаа гэр хорооллын хүүхдүүдэд саравч барьж өгсөн түүхтэй.
АСА АЛДАРТ  ДОЛГОРСҮРЭНГИЙН ДАГВАДОРЖ “15 КОМПАНИ, ТББ-ТАЙ”
Алс Японы сүмогийн дэвжээнд бужигнуулж, ард олныг цэнхэр дэлгэцийн өмнө “уяж” явсан МУГТ, Хөдөлмөрийн баатар Долгорсүрэнгийн Дагвадорж өдгөө нэр дэвшдэггүй “улс төрч” бизнесмен. Түүний нэр дээр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Асашёорюү” ТББ, “АСА гүүдс” ХХК, “Лайпэл” ХХК, “Монголын тариалан эрхлэгчдийн гурвалжин будаа холбоо” ТББ, “Монголиан компьютер пауэр центр” ХХК, “Монгол адууны дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн холбоо” ТББ, “Кинг хорс монголиа” ХХК, “Рояал плаза” ХХК зэрэг компаниуд байдаг. Сүүлийн үед хэрүүлийн алим болоод буй Үндэсний циркийн барилгыг “Рояал плаза” ХХК эзэмшдэг.
 “ХӨХ ЧОНО” ДОЛГОРСҮРЭНГИЙН СЭРЖБҮДЭЭ НЭР ДЭЭРЭЭ 25 КОМПАНИ, ТББ-ТАЙ
           Үндэсний бөхийн улсын начин, холимог тулааны “Хөх чоно” хочит Долгорсүрэнгийн Сэржбүдээ ах нараасаа дутахгүй олон компанитай нэгэн. Гэлээ гэхдээ тэр ах нарыгаа бодвол хэл аманд бага өртдөг, улс төрийн сонголт нь ч хоёр ахаасаа өөр. Өдгөө түүний нэр дээр “Газком” ХХК, “Байгальд ээлтэй технологи” ТББ, “Ворлд ойл монгол”ХХК, “Монголын про врестлинг бөхийн холбоо” ТББ, “Эко ресурс партнерс” ХХК, “Эс Ар Жи Эм” ХХК, “Юү Юү Эс Эй” ХХК, “Рояал хэйви индастрис” ХХК, “Рояал голд комодити эксченж” ХХК, “Төв азийн газын ассоциаци” ТББ, “Аса энд Вэллич корпорейшн” ХХК\ГХО\, “Моодун хаан групп” ХХК, “Дэлгэр гоулд” ХХК, “Рояал профүүд” ХХК, “Хонгор газ турбин цахилгаан станц” ХХК зэрэг компаниуд бүртгэлтэй байна. 
Түүнчлэн, Д.Сэржбүдээгийн эзэмшлийн “Эс Ар Жи Эм” ХХК-ийн нэр дээр “Ар Ди Би” ХХК, “Рояал ойл” ХХК, “Рояал газ” ХХК, “Рояал электрик корпорэшн” ХХК, “Рояал инфрастракчер девелопмент” ХХК, “Хит прогресс” ХХК, “Вай Ти Эм монголиа” ХХК, “Газком холдинг” ХХК, “Рояал глобал жет” ХХК, “Рояал авто транспорт” ХХК гэх компаниуд бүртгэлтэй байдаг. 
Д.ДОЛГОРСҮРЭН ЗААНЫ ГАНЦ ОХИН Д.ИЧИННОРОВ ГУРВАН КОМПАНИ, ДӨРВӨН ТББ-ТАЙ
          Бөх ах нартай болоод ч тэр үү, айлын ганц охин Долгорсүрэнгийн Ичинноров бас л спортлог нэгэн. Гэхдээ сүүлийн үед голдуу гольфт дурлах болсон юм билээ. Түүний нэр дээр улсын бүртгэлд “Акицүки” ХХК, “Галдан балжир” ХХК, “Мон пласент” ХХК, “Монгол АСА цирк” ТББ тус тус бүртгэлтэй байдаг. Түүнчлэн, ээж Х.Пүрэвбадамынхаа хамтаар “Монголын мэргэн гольф” ТББ, “Хунчир хөгжил хүрээлэн” ТББ, “Ээж цэцэрлэгт хүрээлэн” ТББ-ийн эзэмшигчээр бүртгэлтэй явдаг. 
Д.ДОЛГОРСҮРЭН ЗААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ ХҮРГЭН БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО ХОЁР КОМПАНИ, ХОЁР ТББ-ТАЙ
Д.Долгорсүрэн зааны ганц охин Д.Ичинноровын нөхөр Б.Золбоо СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдлоо гэж шуугиад өнгөрөхийг сонссон байх. Бөх ах нартай, айлын ганц охиныг айлгүйгээр ханиа болсон Б.Золбоо нэр дээрээ “Нийгмийн Ардчилал иргэдийн санаачлага” ТББ, “Их номин цэнгэл” ХХК, “Чөлөөт либерал залуучуудын холбоо” ТББ, “Эрдэнэтийн гэрлийн хурд” ХХК, “Монголын гэрэл зураг хөгжлийн холбоо” ТББ-ыг тус тус эзэмшдэг ажээ. Мөн “Клоннер” ХХК-ийг Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэгтэй хамт эзэмшиж байсан ч татан буулгасан байна.  
ХОТЫН ДАРГЫН ХАДАМ ЭГЧ ЧУВААМИДИЙН МАРАЛМАА БУЮУ ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ
Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чуваамэд Ч.Мичидмаа, Ч.Маралмаа гэх хоёртой. Ч.Мичидмаа нь дээр дурдсанчлан Хотын дарга Д.Сумъяабазарын гэргий бол түүний эгч Ч.Маралмаа нь Д.Сумъяабазарын “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ний хувьцаа эзэмшигч. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд түүний нэр дээр “Пи Си Ди Пи” ХХК, “Монголын барилгын мэргэшсэн гүйцэтгэгчдийн холбоо” ТББ, “Монголын барилгын мэргэшсэн туслан гүйцэтгэгчдийн холбоо” ТББ, “Юлхаа” ХХК зэрэг компаниуд бүртгэлтэй байна. Ч.Маралмаагийн “Пи Си Ди Пи” ХХК нь барилгын салбарт том төслүүдийг “түүдэг”-ээрээ зартай бөгөөд Оюутолгой, Эрдэнэт үйлдвэрийн барилгуудын гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 
Д.СУМЪЯАБАЗАРЫН ХАДАМ ДҮҮ ЧИНБАТЫН АНУН НЭГ ТББ, НЭГ КОМПАНИТАЙ
Нийслэлийн Засаг дарга С.Сумъяабазарын гэргий Ч.Мичидмаагийн төрсөн ах Ч.Чинбатын охин Ч.Анун 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга болсон. Тэрбээр хувьдаа “Гратус мед” ХХК, “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” ТББ-тай ажээ. Тэгээд ч болоогүй уг ТББ нь “Эрдэс баялаг-эмэгтэйчүүд” үндэсний чуулганыг Төрийн ордонд хүртэл зохион байгуулж байж. Мөн Чинбатын Анун Д.Сумъяабазарын эхнэр Ч.Мичидмаатай хамт “Интэлек” ХХК-ийг эзэмшдэг байсан ч татан буулгасан байна. Ч.Ануны хувьд Ч.Мичидмаатай ихэд ойр өссөн бөгөөд түүнээс үлгэр дуурайлал авч, “Мисс монголиа” тэмцээний үндэсний ялагчаар тодорч, дэлхийн миссийн тэмцээнд явж байв. Өдгөө харин хүргэн ахынхаа сайдаар нь ажиллаж байсан яаманд ажиллах болжээ. 
Хотын дарга Д.Сумъяабазарын хадам дүү Ч.Ануны нөхөр Гүр-Аранзын Төгөлдөр өдгөө НИТХ-ын тэргүүлэгч, НАМЗХ-ны гүйцэтгэх дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж буй. Аав нь “Анод” банкны хэргээр ид шуугиулж явлаа. 
 Г.Төгөлдөрийн хувьд “Ноосвул” ХХК, “Ай бэрри” ХХК, “Нью грата Жэй Эл Пи Ви” ХХК-иудад хувьцаа эзэмшдэг гэж улсын бүртгэлд бүртгүүлжээ. Өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал, жилд 115 сая төгрөгийн орлоготой, 2.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, хоёр авто зогсоолтой, 160 сая төгрөгийн үнэтэй Ланд-200 автомашинтай, 957 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай, 240 сая төгрөгөөр үнэлэгдэх урлаг, түүхийн үнэт эдлэлтэй, нэг тэрбум төгрөгийн авлагатай, “Ингүүмэл зоос” ББСБ, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд 103 сая төгрөгийн төлөгдөөгүй зээлтэй гэж мэдүүлжээ.  Тэрбээр Д.Сумъяабазарын хадам эгч Ч.Маралмаагийн “Пи Си Ди Пи” ХХК-д дэд захирал, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан билээ. 
Ингэж л Д.Сумьяабазар улсын төсөв рүү энэ мэт олон олон компаниа нүүлгэн ирсэн нь эхнээсээ баримтаар нотлогдож эхэлсэн . Жишээлбэл дээр дурдсан компани төрийн байгууллагуудаас Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг амлан авч байна. 
БАНК ХЭМЭЭХ ЛОМБАРДААС УУЛ УУРХАЙН БҮЛЭГЛЭЛД ХӨЛ ТАВЬСАН УУ
СХД-ээс Их хурлын гишүүн болсон өнөөгийн хотын дарга, Д.Сумьяабазарын “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн олон ТЭРБУМ төгрөгийг “хадгаламж” нэрээр авсан ч эргүүлж төлөхгүй, банк нь “эрсдэлтэй” ангилалд орсон
Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-нд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх хугацаатай үүрэг өгснөө мэдэгдсэн ч Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын мөнгийг буцааж авах талаар ажил хийгээгүй байдаг. Сар бүр нийгмийн даатгал төлж буй иргэдийн олон тэрбум төгрөг эрсдэлтэй нөхцөлд ороод байхад бодит байдлыг ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч Б.Баатархүү тэргүүтэй төрийн албан хаагчид олон нийтээс нууж, худлаа ярьсаар ирсэн.
Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын дарга асан Ч.Алтанхуяг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-тай 2017.06.07-ны өдөр “Мөнгөн хадгаламжийн гэрээ”, 2018.01.31 -ний өдөр “Мөнгөн хадгаламжийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ” тус тус байгуулснаар 2018.01.01-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны Хадгаламжийн дансанд 17.5 тэрбум төгрөг, Харилцах дансанд 4.2 тэрбум төгрөг нийт 21.7 тэрбум төгрөг байршуулжээ. Өнөөдөр үүнээс 16.1 тэрбум төгрөгийн мөнгөн хадгаламжаа авч чадаагүй байна.
Өдрөөс өдөрт Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, хүүгийн авлага нь нэмэгдсээр байв. Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд зөвхөн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын мөнгө төдийгүй төрийн бусад томоохон аж ахуйн нэгжүүдийн мөнгийг хадгалах нэрээр авсан ч өгөөгүй байна. 2021-07-01 өдрийн УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцсэн.
Тус хуралдаанд Үндэсний аудитын газрын дүгнэлтээр төлбөрийн чадвар буурсан Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангийн нийт 161.5 тэрбум төгрөг байршуулсан ч төлбөр барагдуулах, зарлагын гүйлгээ, гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлтүүд хийгдээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, Сангийн мөнгөн хөрөнгийг үр ашигтай удирдах, хүүгийн орлого олох боломж алдагдаж, байршуулсан мөнгө хөрөнгө эрсдэл үүсч байгааг танилцуулсан билээ.
“Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны томоохон хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн асан, хотын дарга Д.Сумъяабазар, түүний дүү Д. Дагвадорж, хамтран эзэмшигч нь Үндэсний хөгжлийн газрын дарга асан, Эрдэнэс Монгол ХК, Эрдэнэ таван толгой ХХК-ийн ТУЗөвлөлийн дарга асан Б. Баярсайхан нар юм.
2021 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын хуралдааны үеэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Эрдэнэт үйлдвэрийн 45 тэрбум, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 27 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг тус бүр байршуулсан боловч эргүүлэн авч чадахгүй байна хэмээн Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байв.
Үүнийг үнэн гэдгийг “2022 он гарахаас урьтаад өрөө барагдуулчих нь шт” гэж хариулсан хотын даргын бухимдал баталж байлаа. 
Тэр их өрийг дарах мөнгө хэрхэн цугларсан талаарх мэдээлэл хомс ч Ч.Хүрэлбаатарыг өр нэхэн зандарч байх зуурт Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 15 сая ам.доллар, дараа нь 2 сая ам.доллар, нийт 17 сая ам.доллар буюу 45 орчим тэрбум төгрөгтэй дүйцэхүйц хадгаламж гэнэт бий болсон гэдэг. Хадгаламжийн эзэн нь Аргал ойл ХХК буюу олон нийтэд хуурамч шатахууны “мангас” гэх нэрээр танил болсон Трафигура олон улсын байгууллагын Газрын тосны худалдаа хариуцсан менежер Э.Жононбаярын ээжийнх нь компани байсан.
Өөрөөр хэлбэл, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой ХК, Эрүүл мэндийн даатгалын сан зэрэг газрууд мөнгөө нэхэх үед Трафигура-гийн Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэнгийн үүсгэн байгуулалцсан Аргал Ойл ХХК-иас 45 тэрбум орчим төгрөгийн хадгаламж нээлгэсэн.
Д.Сумъяабазар уг нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа Трафигураг эсэргүүцэгчдийн нэг байсан бөгөөд ямартаа л дэд сайдаараа ажиллаж байсан Д.Загджавыг огцруулна гэж хашгичиж байхав.
Сайдын эрх мэдлийнхээ хүрээнд хуурамч шатахууныг шалгах ажлын хэсэг байгуулан Трафигура болон түүний дор керосин, нафта импортлогч “Транс гайд”, “Хармөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажилла гааг нь зогсоох санал оруулж байсан л хүн. 
Хэсэг бужигнааны дараа Д.Загджав суудлаа өгч, өнөөх аж ахуйн нэгжүүд тусгай зөвшөөрөлтэйгөө үлдсэн. Д.Сумъяабазар ч энэ талаар нэхэн хэлэлцэхээ больсон нь эрх ашиг, халаас нь нэгдэснийх гэж хардаж болохоор байгаа юм. Хамгийн  ноцтой нь oе үеийн төрийн эрх дархтангуудыг эгнээндээ нэгтгэсэн Д.Эрдэнэсүрэн нь Меланж гэх уурхайн компанийг  Алтай констракшны Бат-Эрдэнэтэй хамтран эзэмшдэг.  Тодруулбал Бат-Эрдэнэ Монгол драйм Милк компаниараа хөгжлийн банкнаас зээл авахдаа Хашаат цав нүүрсний уурхайг барьцаанд тавьж , 2017 онд 410 ам долларын зээл авсан.  Харин Д.Эрдэнэсүрэн Меланж компаний дархлааг тогтоон барихын тулд томоохон үүрэг гүйцэтгэж, олон арван улс төрчид, бизнес эрхлэгчдийг Меланжийн эгнээнд нэгтгэсэн явдал юм. Тэдний нэг нь өнөөгийн хотын дарга Долгорсүрэнгийн Сумьяабазар. Бид меланж компаний талаар баялгийн хулгай цувралын арав дахь дугаараар танилцуулсан . Харин энэ удаад хотын дарга Д.Сумьяабазар Т.Бадамжунайгийн гол тоглогч Алтай констракшн Бат-Эрдэнэ, түүнтэй Меланж гэх компаниар гар барьсан Эрдэнэсүрэнтэй хэрхэн холбогддогийг хардах эрхийн хүрээнд онцлон дурдая.
Дээр дурдсан дэд сайд Д.Загджав, Д.Сумьяабазар нарын холбоо сүлбээ нь Монголын энх тайван найрамдлын байгууллагын удирдах зөвлөлд ажиллаж байсан үе рүү эгэн татдаг нь сонирхолтой.   Үүнээс гадна Д.Сумьяабазар улсын хилийн зурваст үйл ажиллагаа явуулж Меланж компанитай хоёр өөр эрхмээр нэр холбогдож байна.  хилийн зурваст ашиглалтын лиценз авч чадсан Меланж компанийн гүйцэтгэх захирлаар Д.Цэндсүрэн ажилладаг.   Тэрээр “Монголиа авиашин фүел” ХХК-ийг Дамбын Хишигжаргал (Хишгээ) хамтран байгуулалцсан. Тэгэхээр бид Дамбын Хишигжаргалын Моодунхаан группийн удирдлагад хотын дарга Д.Сумъяабазарын дүү Д.Сэржбүдээ бүртгэлтэй байдаг гэх мэдээллийг онцлох нь зүйтэй.
Түүнчлэн Меланжийн эрх дархтануудын эгнээнд.  Хотын дарга Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нарын Асашёорюү төрийн бус байгууллага болоод Үндэсний хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Баярсайхан нэгдэж байна. Энэ эрхэм  Говь, Хөх ган, АПУ-гийн хувь эзэмшигч гэдгийг дурьдах нь зүйтэй.
Хөх ган ХХК нь УИХ-ын гишүүн, “Тэс петролиум”-ын эзэн Б.Баттөмөрийн компани юм.  Хөх ган компанийн уяаны үзүүрт Бэрэн групп байдаг .УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ ч хөтлөгдсөөр Хөх ган компанийн хэлхээ холбоост орж ирнэ. 
Д.Бат-Эрдэнэ “Ажнай корпораци”-ийг 100 хувь эзэмшдэг бөгөөд “Ажнай корпораци” нь “Тавантолгой транс” компанийн 70 хувийг халаасладаг. Харин энэ “Тавантолгой транс” нь “Бэрэн групп”-ийн охин компани болох “Бэрэн металл” компанийн 49 хувийг эзэмшигч юм. Түүнчлэн Хаан банкны Ц.Баатарсайхан “Говь” компани, Баярсайхан нараар хэлхээ холбоост нэгдэж байна.  Ингэж л Сумьяабазар хань бүлээ тэлсээр улс төрөөр бизнес хийсэн, олон нийтийн эрх ашгийг зөрчсөн үйлдлүүдээ үргэлжлүүлж байна.  Хамгийн ноцтой нь 2022 оны 12 сард өнөөгийн ерхөнхий сайд Л.Оюун-Эрдэний тусгай зөвшөөрөлтэйгээр Меланж компани дараагийн Тавантолгой болох алхамаа хийж буй баримтыг, Меланжийн хууль бус үйлдлүүдийг  дараа тухлан цоллох болно.
Үндэсний хөрөнгө оруулалтын банк нь анх 2002 онд ОХУ-ын “Менател Санкт-Петербург”АХН банкны Монгол дахь салбар болж байгуулагдсан. Улмаар 2006 онд Монголбанкны 327 тоот тушаалаар Үндэсний хөрөнгө оруулалтын банк болсон. Үндэсний хөрөнгө оруулалтын банкыг Асашёрюү Д.Дагвадорж 56.9, түүний төрсөн ах Д.Сумъяабазар 15.9, Б.Баярсайхан 15.9, Ч. Маралмаа 5.3, Японы хөрөнгө оруулалттай UB DIVERSIFIED LLC 5.7 хувь эзэмшдэг. Улсын байгууллагуудын их хэмжээний мөнгийг хадгалж байсан тус банкны гол чанаргүй зээлдэгчид нь эзэд нь өөрсдөө. Тухайлбал, Асашёрюү Д.Дагвадорж 12 тэрбум, Д. Сумъяабазар найман тэрбум, Б.Баярсайхан 14 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй. Тэд нийлээд 34 тэрбум төгрөгийн чанаргүй зээл авсан гэсэн үг. 
Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 56.9 хувийг эзэмшдэг Д.Дагвадоржийг монголчууд арлын Японы сумогийн их аварга, Асашёрюү гэдгээс нь бусдаар сайн мэдэхгүй. Харин тэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамгийн том хувьцаа эзэмшигчээс гадна Өвөрхангай аймагт байрлах “Asa land” хэмээх Монголд ганцхан, том жуулчны баазтай, газар тариалангийн компанитай, улсын цирктэй гээд олон бизнестэй нэгэн. Гэхдээ тэр Үндэсний хөрөнгө оруулалтын банкандаа 12 тэрбум төгрөгийн зээлтэй байсан.
“АСА”аваргын төрсөн ах Д.Сумъяабазарын нэг том бизнес нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк. Тэр 15.9 хувь буюу хоёр дахь том хувьцаа эзэмшигч. Тэрбээр  2020 оны сонгуульд өрсөлдөхдөө өөрийн банкнаасаа найман тэрбум төгрөгийн чанаргүй зээл авсан.  
Д.Сумъяабазартай ижил 15.9 хувийн хувьцаа эзэмшдэг Б.Баярсайханы хувьд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг буюу Үндэсний хөгжлийн газрын дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга гэх том албан тушаал хашдаг.  10 гаруй компанийн хувьцаа зэргээрээ хамгийн баян агентлагын захирал нэр зүүж байсан. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 28 тэрбум төгрөгийн тодорхой хувь нь тус банканд байршиж байсан нь түүний ТУЗ-ийн дарга гэх нөлөөлөлтэй холбоотой байж болзошгүй. Тэрбээр Үндэсний хөрөнгө оруулалтын банканд 14 тэрбум төгрөгийн эргэн төлөгдөөгүй зээлтэй.
Тус банкны 5.3 хувийг эзэмшдэг Ч.Маралмаагийн хувьд Д.Сумъяабазарын хадам эгч.. Японы хөрөнгө оруулалттай UB DIVERSIFIED LLC нь мөн тус банкны 5.7 хувь эзэмшдэг. Тус компани нь дөрвөн япон иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг.  
ТЕНДЕР ЭРХШЭЭГЧ САЙД БАЙЛАА
1.Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яамны сайд асан Д.Сумьяабазар болон төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нар баталсан журмаа зөрчин хууль бус үйл ажиллагаа явуулж аж ахуй, албан газруудыг хохироон төрийн албыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн хөдөлгөж байжээ. 
 Жишээлбэл Уул Уурхай Хүнд үйлдвэрийн яамнаас зарласан "Тусгай зөвшөөрөл олгох” сонгон шалгаруулалт 2018 оны 11 дүгээр сарын 14-ны 17 цаг 00 минут хүртэлх хугацаанд ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд хүлээж авах тов гарсны дагуу албан байгууллагууд материалаа өгсөн юм. Уг тендерийг нээх хугацаа нь 2018 оны 11 сарын 16-ны 09:00 минутад ашигт малтмал, газрын тосны газрын 209 тоот өрөөнд нээх байсан.
Гэвч энэхүү тендерийг ХҮЧИНГҮЙД тооцож тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийг Уул уурхайн яаманд ажилладаг баттай эх сурвалжаас нягталж судлахад УУХҮ-ийн яамны сайд Д.Сумяабазар, Төрийн нарын бичгийн дарга Г.Нандинжаргал нарын хамаарал бүхий компаниудаас гадна Монголын уул уурхайн томоохон компаниуд сонгон шалгаруулалтын материал бүртгэлээс хоцорч, ирүүлж амжаагүй гэх шалтгаанаар тухайн тендерийг хүчингүйд тооцож тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байв.
Төрийн нарын бичгийн дарга Г.НАНДИНЖАРГАЛ нь "АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН КАДАСТРЫН ХЭЛТСИЙН ДАРГА Д.ДАШЗЭВЭГ”-т албан бичиг хүргүүлж тухайн тендерийг хүчингүй болого хэмээн тушаасан байдаг. Шалтгаан нь өөрсдийн хамаарал бүхий компаниудыг нэмж бүртгэх ашиг сонирхолтой байгаа юм. СШ-28 кодтой Тусгай зөвшөөрөл олгох тус тендер зарлагдхаасаа өмнө эзэн нь тодорсон зохион байгуулалттай болж таарснаар тендерт будлиан орж, ямар байгууллага уг тусгай зөвшөөрөл хэрхсэн нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. 
2. Манай улсын хувьд цар тахлаас улбаалан хоёр жилийн хугацаанд урлаг соёлын арга хэмжээнүүд цуцалж, Үндэсний их баяр наадмыг хүртэл цахимжуулсан.
Гэтэл зардал хэмнэх бус харин ч их хэмжээний мөнгийг “шамшигдуулсан” байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ бол хотын дарга Д.Сумъяабазар урлаг, соёлын арга хэмжээ хийнэ гэж нэгэн төрийн бус байгууллага руу 1 тэрбум 600 гаруй сая төгрөг шилжүүлжээ.
Тодруулбал, Шинэ үеийн нэгдмэл залуус НҮТББ руу
2021 оны зургадугаар сарын 25-нд “УРЛАГ СОЁЛЫН САЛБАР ХОРОО” гэсэн утгатайгаар 994 сая төгрөг,
2021 оны долдугаар сарын 08-нд “УРЛАГ СОЁЛЫН САЛБАР ХОРОО ДУНДЫН САНХҮҮЖИЛТ” гэсэн утгаар 400 сая төгрөг,
2021 оны наймдугаар сарын 09-нд УРЛАГИЙН ТОГЛОЛТЫН ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТ нэрээр 240 сая 967 мянган төгрөгийг тус тус шилжүүлжээ.
Ингээд нийтдээ 1 тэрбум 634 сая 967 мянга 756 төгрөгийг ганцхан Төрийн бус байгууллага руу шилжүүлсэн баримт нь Шилэн дансны бүртгэл дээр ил болсон. Хамгийн ноцтой нь “Шинэ үеийн нэгдмэл залуус” НҮТББ нь 2016 онд байгуулагдсан бөгөөд ямар ч тендер, сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй аж.
Шинэ үеийн нэгдмэл залуус" төрийн бус байгууллага нь 2016 онд П.Дэнсмаа гэх хүний нэр дээр  байсан бол 2019 онд З.Нямзул гэх хүний нэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй болжээ. "Шинэ үеийн нэгдмэл залуус" нь  2019 оноос эхлээд урлаг соёлын арга хэмжээ,шоу зохион байгуулах нэрээр Улсын баяр наадмын комиссоос гурван тэрбум 132 сая төгрөг авсан бол БОАЖЯ-наас 837 сая төгрөг авсан байдаг.


3. Д.Сумьяабазар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдаар ажиллахдаа төрсөн дүү Д.Сэржбүдээгийнхээ  “ГАЗКОМ” компаниар  дамжуулан 2 тэрбум  гаруй төгрөгийн тендэр авчээ.
“Газком” компани нь Д.Сумьяабазарын дүү Д.Сэржбүдээгийн хувийн компани. Д.Сумьяабазарыг Уул уурхайн сайд болсноос хойш  “Газком” компани нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор хамаг тендэрийг хамжээ. 
- 2019 оны 7-р сард Нийслэлийн  Ерөнхий боловсролын  5 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн зуухаар солих 589 сая төгрөгний  тендэр
-2020 оны 4-р сард Нийслэлийн  20 сургууль, цэцэрлэгийн нам даралтын зуухыг хийн зуухаар солих  1.8 тэрбум төгрөгийн тендэр тус тус авчээ. 
Д.Сумъяабазар нь Нийслэлийн МАН-ын дарга болмогц МАН-ын  гишүүн “Хас” банкны  Ч.Ганхуягийн төрсөн дүү Ч.Гантулгыг БОАЖЯ-ны  дэргэдэх “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-ны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар томилжээ. Ингээд Ч. Гантулгатай бүлэглэн, төрсөн дүү Д.Сэржбүдээгийн “Газком” ХХК-д  дээрхи тендэрүүдийг  өгсөн байна. Уг ажлыг гүйцэтгэх компани нь  хийн түлш импортлох, худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ажлын туршлагатай байхыг шаарддаг.
Д.Сэржбүдээгийн компани дээрхи шалгуурыг хангахгүй  буюу хийн тусгай зөвшөөрөлгүй байсан ч сонгон шалгаруулалтын болзлыг нь тус компанид зориулан  өөрчилж байгаад тендэр өгчээ.  Хийн түлш импортлох, худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг  Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд хариуцдаг учраас дараа нь дүүгийнхээ “Газком ” компанид тусгай зөвшөөрөл олгосон.


4. Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар 2021 оны наймдугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн иргэд оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор Богд уулын дархан цаазад газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон хотын төвд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний барилга байгууламжаас бусад зориулалтаар барилга байгууламж барих зөвшөөрөл олгохыг 2040 он хүртэл түр зогсоох тухай А/653 дугаартай захирамж гаргасан байдаг. Гэвч тэрбээр энэхүү захирамжаа хэдхэн сарын дараа буюу 2022 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр А/114 дүгээр захирамжаараа хүчингүй болгосон байх аж.
Товчхондоо хотын дарга Д.Сумьяабазар “Нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор” хэмээн тодотгон захирамжилсан хотын төвд барилга бариулахгүй байх захирамжаа тавхан сарын дараа хүчингүй болгосон байгаа юм.
Улаанбаатар хот хэдийнээ бетон ширэнгэ болж, автомашин байтугай хүн ч явах зайгүй болсон талаар иргэд гомдоллодог. Нөгөөтээтэй хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж нар "Хүүхдийн парк"-ийн газар дээр тохироо хийсэн байж болзошгүй байгаа юм.
Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж нь өнгөрсөн оны аравдугаар сард  /2021.10/ анх суурь нь тавигдан баригдаж эхэлсэн "Моннис"-ын гэх тодотголтой "Талын шонхор" ХХК-д 25 давхар орон сууцны цогцолбор барилгын “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг энэ оны долдугаар сарын нэгний өдөр /2022.07.01/ олгосон байх аж.
Өөрөөр барилга нь баригдаад жил орчим болсон барилгад “Архитектур төлөвлөлтийн даалгавар” олгосон байна. Ингэхдээ Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын 2022 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн А/251 дугаар шийдвэртэй, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор” зориулалтаар эзэмших эрх олгосон 0.7454 га газрыг үндэслэсэн гэжээ. Хачирхалтай нь “Талын шонхор" ХХК нь 2021 онд барилгын хашаагаа татаж, барилгын ажлаа эхлүүлсэн байдаг. Харин газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр 2022 оны хоёрдугаар сарын 23-ны эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан байна. 


5.  Нийслэлийн төсөвт 2023 онд 1,742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 1,148.9 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн, нийслэлийн төсвөөс Улсын төсөвт 593.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр баталсан байна. Харин ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, 192.2 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэх аж.
Энэ оны төсвөөс үзэхэд 2023 онд нийслэлд нэг ч сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орохгүй бололтой. Учир нь нийслэлийн 2023 оны төсөвт цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл арга хэмжээнд нийт 8.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулалт хийнэ гэжээ. Тодруулбал цэцэрлэгийн барилга байгууламжид 198-400 сая төгрөг төсөвлөсөн байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн барилгын төсөвт 100-400 сая төгрөг төсөвлөсөн байх аж. Энэ нь ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод нэг ч сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орохгүй гэсэн үг юм. 
Гэтэл олны эсэргүүцэлтэй тулгараад буй "LRT" буюу “Баганан тулгуурт галт тэрэг”-ний төслийг хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд 3,5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байх аж.  "LRT" буюу баганан тулгуурт гүүрэн байгууламж бүхий хөнгөн галт тэрэгний төслийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулсан байдаг юм. 
Энэ мэтчлэн хотын дарга Д.Сумьяабазарын том жижиг 120 гаруй тендерийн асуудал  түүнийг тойрох биш дайран өнгөрсөн. Цагтаа цалгиж явсан аваргын зангараг нь улс төрийн дэвжээнд ч мэдрэгдэж л байна. Тиймээс Монголчуудын татварын мөнгө хаашаа урсаж, хэний халаасыг тэтгэж байгаа нь олон олон баримтаар ил болох болно. 
НӨЛӨӨЛЛӨӨР СҮЛЖЭЭРСЭН ХААН БАНК
Монголын банкны системийн 40 хувийг дангаараа эзэлдэг ХААН банкны хамгийн том хувьцаа эзэмшигч Япон улсын иргэн Хидео Савада нь өөрийнхөө хувьцааг зарсан гэдэг мэдээлэл задарсан. Улмаар энэ арилжааг нь зөвшөөрсөн Монголбанкны 2021 оны долдугаар сарын 26-ны өдрийн бичиг нь ч ил болов.

Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкнаас 2021 оны хавраас эхлээд 350 сая гаруй ам.доллар буюу төгрөгийн ханшаар тооцвол  нэг их наяд төгрөг Монгол Улсаас Сингапур улсын Хөгжлийн банк руу гарсан.
Уг гүйлгээ “RAFFLES PLACE #26-01 REPUBLIC PLAZA Singapore, 048619 Singapore” гэх хаяг дээр бүртгэлтэй Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, захирал О.Орхон нарын хамтран эзэмшдэг “Глобулл инвестмент” компанийн данс руу хийгдэж байлаа.

Энэхүү 350 сая долларын шилжүүлгийн дараа Сингапурын Хөгжлийн банкнаас Японы “Мизухо” банкинд хандан “Мета Капитал” компанийн охин компани болох “Упсилон” гэх  хязгаарлагдмал түншлэлийн нэр дээр 280 сая ам.долларын зээлийн баталгаа гаргажээ. Тус зээлийн барьцаанд Жүничи Хаттори гэдэг япон хүн “Сейко Холдингс” болон “Сейко Ипсон” компанийн тодорхой хувийг тавьсан байгаа юм.
Тодруулахад, Жүничи Хаттори нь “Сейко” цагны брэндийг үүсгэн байгуулагч гэр бүлээс гаралтай. Гэвч тэрбээр “Сейко” корпорацийн ТУЗ-ийн дарга байхдаа компанидаа “шахаа” хийж, Тайланд дахь хувийн дансаараа 100 сая иен “оруулж, гаргасан” гэх таагүй явдалд нэр холбогдсон нэгэн юм.
Түүнд Асашёорюү Д.Дагвадорж санал тавьж зуучилснаар ХААН банкны хувийг Хидео Савадагаас авахаар зөвшөөрч хэлцэлд орсон гэдэг. Гэтэл Жүничи Хаттори нь Монголын хууль эрх зүйн орчныг судлалгүй, богино хугацаанд ХААН банкны хувьцааг худалдан авах хэлцэлд орсон. Гэтэл байдал үнэндээ хөшигний ард өрнөж байна. Учир нь 2023 оны нэгдүгээр сарын 1 гэхэд “Банкны нэг хувьцаа эзэмшигчийн дээд хэмжээ 20 хувиас ихгүй байх”, 2022 оны зургадугаар сарын 31-нээс өмнө “Монголын Хөрөнгийн биржээр нээлттэй IPO гаргах” гэсэн хуулийн өөрчлөлтүүд хийсэн.
Ингээд Жүничи Хаттори нь өөрийн эзэмшдэг компанийхаа хувь эзэмшигчээр Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын төлөөлөл гэж болох Р.Бадрах, түүний охин Б.Наранзаяа, Хотын дарга Д.Сумъяабазарын  төлөөлөл болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкны томоохон хувьцаа эзэмшигч байсан Жеймс Пассины эзэмшлийн “Бэрх уул” компанийн шинэ захирал А.Даваажав нарын нэрийг нэг өдөр оруулсан байдаг.
Яг энэ үйл явдлаас 10 хоногийн дараа буюу 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн уг асуудалд дэмжлэг үзүүлж, Хидео Савадагийн эзэмшиж буй ХААН банкны хувийг “Упсилон” компанид зарахад татгалзах зүйлгүй гэж бичсэн зөвшөөрөл өгсөн. Гэвч уг албан бичиг нь Банкны тухай хуулийн 36.6-д заасанчлан “Монголбанк банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт орох, хувьцаа, хувьцаанд хамаарах үнэт цаас нэмж гаргах зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, энэ хуульд заасан шаардлага, шалгуурыг хангасан баримт бичиг бүрэн гүйцэд бүрдсэнээс хойш 60 хоногийн дотор зөвшөөрөл олгох эсэх тухай шийдвэр гаргаж энэ талаар банкинд мэдэгдэнэ” гэж заасныг зөрчжээ. Тиймээс ХААН банк Монголбанкыг хууль зөрчсөн асуудлаар шүүхэд хандсан байна.


Мөн ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өргөдлийн хариуг хугацаа хэтрүүлж 90 хоногийн дараа, өгч, ингэхдээ бүр хувийнхаа мэйлээр илгээжээ. “Ингэж ХААН банкны бусад хувь эзэмшигчдэд огт мэдэгдэлгүйгээр зөвшөөрөл олгосон нь хууль бус хуйвалдааны шинжтэй байна” гэж УИХ чуулган дээр хүртэл яригдаж байсан.
Ингэхээр энэ нь хэсэг бүлэг нөхөд Монгол Улсын Төвбанктай үгсэн хуйвалдсан, хууль бус аргаар банкны хувь эзэмшлийг олж авах гэсэн санаархлаа бүрэн утгаараа хэрэгжүүлсэн.
Дээрх хардлагыг баталсан баримт байна.  Тодруулбал 2019 оны есдүгээр сарын 27-нд Монгол Улсад “Ваёо Эйрт” гэдэг компани байгуулж байсан байдаг. Тус компанийг хамтран эзэмшигчид нь Буд Шандас, Окуно Рико нар. Буд Шандасын хувьд, 2018 оны аравдугаар сарын 12-нд бүртгүүлсэн бол Жүничи Хаттори, Окуно Рико нар 2019 оны есдүгээр сарын 27-ны өдөр “Ваёо Эйрт” компанийг хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн.  Будын Шандас нь одоогийн УИХ-ын гишүүн П.Анужингийн төрсөн дүү.


Хамгийн ноцтой нь Жүничи Хаттори 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд “Ваёо флорид” ХХК-ийг Монголд байгуулсан байх юм. Гадаадын хөрөнгө оруулалттай, ашгийн төлөөх энэ компанийг “Уул уурхайн зөвлөгөө өгөх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулна” гэж бүртгүүлсэн аж. Жүничи Хаттори “Ваёо флорид” компаниа анх байгуулахдаа өөрийгөө буюу ганцхан хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгүүлсэн. Тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан (гүйцэтгэх захирал)-аар Окуно Риког 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд тус тус бүртгүүлжээ.  
Тэгвэл өдгөө Хаан банк”-ны 55.3 хувийг “Эйч эс холдингс” компани буюу Хаттори Жүничи, 40 хувийг “Таван богд группийн эзэн Ц.Баатарсайхан, түүний эхнэр Д.Хулан, үлдсэн 4.7 хувийг тус банкны ажилтнууд эзэмшиж байна.
     Тэгвэл “Хаан банк”-ны шинэ эзэн Хаттори Жүничи нь Монголд “Хаан банк”-ны хамтрагч “Таванбогд трейд” ХХК-ийн эзэн Ц.Баатарсайханаас гадна бас нэгэн бизнесийн хамтрагчтай.  Тодруулбал, Хаттори Жүничи “Хаан банк”-ны 60 хувийг худалдаж авахтайгаа яг зэрэгцээд “Бэрх-Уул” компанид хөрөнгө оруулалт хийж, Раднаагийн Бадрах гэгчийг уул уурхайн бизнесийн хамтрагчаа болгосон байдаг. Тэрбээр Bloomberg телевизэд өгсөн ярилцлагадаа “Уурхай ажиллуулья гэж Монголчууд надтай холбогдож, улмаар Дэлгэрхааны уурхай руу очсон.” Гэж дурдсан нэхэн онцлоё. Хаттори Жүничи нь Раднаагийн Бадрах, А.Даваажав нарын “Бэрх уул” компанид хөрөнгө оруулсан шалтгаан нь, тус компани Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байх MV-000166 дугаартай, 57.3 га талбай бүхий Дэлгэрхааны орд, MV-010965 дугаартай, 38.7 га талбай бүхий Баянхааны орд, мөн Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт байрлах MV-004590 дугаартай нүүрсний Чандганы тал ордыг тус тус эзэмшдэг. Энэ ордуудаас Хаттори Жүничи MV-000166 дугаартай, 57.3 га талбай бүхий жоншны Дэлгэрхааны ордыг сонгож, өөрийн байгуулсан “Ваёо флюорит” ХХК-даа шилжүүлж авсан. Ингэхдээ Хаттори Жүничи, Раднаагийн Бадрах нар “Ваёо флюорит” ХХК-иараа Дэлгэрхааны ордод гурван жилийн хугацаанд Баяжуулах үйлдвэр тэргүүтэй бүтээн байгуулалт хийж, цаашид 15 жилийн хугацаанд олборлолт явуулахаар тохиролцсон бөгөөд олборлосон жоншоо Япон руу гаргахаар төлөвлөж байна.  Өөрөөр хэлбэл, Хаттори Жүничи Монголд банк санхүүгийн салбарт “Хаан банк”-ийг эзэмшихээс урьтаж уул уурхайн салбарт “Бэрх уул” компанийг эзэмшихээр Хаан банкны эзний асуудал ид өрнөх эхлэхээс урьтаж, монголд уул уурхайн чиглэлийн компаниудыг оруулж ирсэн. Хамгийн ноцтой нь хотын дарга Д.Сумьяабазар, түүний дүү Д.Дагвадорж, ерөнхийлөгч асан Х.Баттулга, Д.Эрдэнэбилэг нарын төлөвлөгөө ёсоор оруулж ирсэн Хаан банкны одоогийн эзэн бол оффшор бүст нэлээдгүй шуугиан тарьсан эрхэм гэдгийг нэхэн сануулж байна. Тэд энэ бизнесмэнийг Монголд урьж, төлөвлөж оруулж ирсэн. Одоо Хаттори Жүничигийн уул уурхайн мөрөөдлийг биелүүлэх ажилдаа ханцуй шамлан зүтгэж байна.  Хаттори Жүничигийн үүсгэсэн Монгол дахь фракцид нэр нөлөө бүхий уурхайн эзэд, гишүүд сайд нарын нэрс урт цуваа үүсгэнэ. 


Жишээлбэл Раднаагийн Бадрах, өөрийн охин Д.Наранзаяагийн хамт “Хүрээ дэл” ХХК-иараа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн тал хувьцааг нь эзэмшдэг “Тавантолгой” ХК-иас нүүрс худалдаж авах, олборлолтыг нь хийх зэргээр хамтарч ажилласан.  


“Хүрээ дэл” ХХК-ийн охин компани гэх “Болд фоарда” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шэн Янь Жун Бао” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, “ “Шэн Янь Жун Бао” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй бас нэг компани болох “Жунхао вэйеэ” ХХК нь “Хүрээ дэл” ХХК-ийн MV-017007 дугаартай, 816.6 га талбай бүхий “Хүрээ дэл-1” ордыг эзэмшдэг аж. Эндээс, Б.Наранзаяагийн “Хүрээ дэл” ХХК нь БНХАУ-ын “Шэн Янь Жун Бао” ХХК-тай хамтрагч “Болд фоарда” ХХК, “Жунхао вэйеэ” ХХК-иудыг эзэмшдэг болж таарч байна. Хамгийн ноцтой нь, “Шэн Янь Жун Бао” ХХК нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбаттай хамт “Ундрах говь” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Өөрөөр хэлбэл, Ч.Чинбат, Р.Бадрах нар хамтрагчид болж таарч байна. Илүү ноцтой нь, тэдний хамтарсан “Ундрах говь” ХХК нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км автозамын төгсгөлөөс “Цагаан дэл” хилийн боомт хүртэлх 270 км автозамыг концессоор барихаар Засгийн газартай гэрээ байгуулсан байдаг. 


Түүнчлэн Хаттори Жүничи, Раднаагийн Бадрах нар УИХ-ын гишүүн Цэрэнпунцаг, Ч.Хүрэлбаатартай нартай холбогдоно. Ингэхдээ Цэрэнпунцаг, Ч.Хүрэлбаатар нар нь Р. Бадрахын хань хамаарал бүхий Насанбатын Наранбаттай “Төв Азийн Эрдэнэ” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Н.Наранбат нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай хамтарч 2013 оноос спортын “SPS” сувгийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байжээ. Одоо энэ сувгийг Ц.Цэрэнпунцагийн охин Ц.Пүрэвжаргалд шилжүүлсэн. Харин Н.Наранбат, Ц.Цэрэнпунцаг хоёр “Эс Пи Эс спорт академи” ХХК-ийг хамтран эзэмшиж байна. Н.Наранбат 2019 онд Р.Ганболдтой хамтран “Руссо моторс” ХХК-ийг байгуулж байжээ. Мөн Н.Наранбат, Р.Ганболд нар “Скайтел” компани, “Юнивишн” компанид хамт ажиллаж байсан хамтрагчид аж. Тэгвэл Р.Ганболд нь УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын хадам ах юм. 
Ингэж л Хаттори жүничи, Р.Бадрах нар гар нийлэн Монголын олон арван бизнесмэн, улс төрчдийг эгнээндээ нэгтгэн уул уурхайд хүчээ үзэж байна. Тэдний өнөөгийн хүчийг зузаатгаж өгөхөд Д.Сумьяабазар, Дагвадорж нарын үйл хэрэг чухал нөлөө үзүүлсэн.  Тэгвэл өнөөгийн хотын мээр Д.Сумьяабазарын  уул уурхайд цахилж явсан ноцтой хэргийн сэжүүрийг танилцуулья.  
АВАРГА ГЭЭД ХҮНДЭЛЖ ХАЙРЛАЖ ЯВСНЫХАА ШАНГ ОДОО Л ЭДЭЛЖ БАЙНА
Торгон зодгонд ааг бяр, ид хаваа гайхуулж явсан аваргаа Монголын ард түмэн их хурлын гишүүний өндөр сэнтийгээр шагнасан. Харин их хурлын гишүүд маань сайдын цолоор үнссэн. Ингэж хэлэхийн учир нь Монгол улсын эдийн засгийн гол тулгуур багана болсон уул уурхайн яамны сайдаар Д.Сумьяабазарыг өргөмжилсөн явдал юм.  Нэгэн үеийн зургаан залуу заанаасаа зориг, зорилго хоёроороо том байсан Д.Сумьяабазар сайд болоод хийсэн хамгийн том оролдлого нь Эрдэнэс тавантолгой-н IPO-г олон улсын биржид гаргах явдал байв. 
Гэвч Эрдэнэс Тавантолгой”-н IPО-г олон улсын бирж дээр гаргах ажлууд үргэлж   бүтэлгүйтэж ирсэн. Түүхээ сөхөөд харахад гадны гэхээсээ дотоодын улстөржилт, фракцуудын зодоон  энэхүү мега төслийг задалж бутаргасан байдаг. 2008 онд С.Баярын Засгийн газар Тавантолгой ордыг төрийн мэдэлд авч, төслийг цогц байдлаар хэрэгжүүлэхээ анхлан мэдэгдсэн. Араас нь С.Батболдын засаг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Маш том зорилго тавьж стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендер зарласан ч хөрөнгө оруулагчдаа шалгаруулж чадаагүй. Н.Алтанхуягийн Засгийн газар хэлэлцээрийг эхлүүлсэн ч бас л урагшлаагүй. Түүний засгийг  огцруулснаар төсөл дахиад л  нурсан.  Ингээд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын даалгавраар М.Энхсайхан тэргүүтэй баг маш шаргуу ажиллан  төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг зурахад бэлэн болсон боловч УИХ-ын хаврын чуулганы нээлт  дээр З.Энхболд алхны ганцхан тогшилтоор л унагачихаж билээ. Харин 2020 онд Д.Сумъяабазар сайдын зүтгэл бас л талаар болсон. Гэхдээ Д.Сумьяабазар энэхүү мега төслөө өөрөө дотоодын улс төржилт хийж, задлан бутаргах үйл явцад гар бие оролцсон байж болох баримтыг танилцуулж байна. 
IPO-гийн эхний концепцийг үндсэндээ өөрчилсөн зүйл бол Засгийн газрын  2019 оны долдугаар сарын 9-ний өдрийн 296 дугаар тогтоол. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн Зүүн цанхийн уурхайг “Эрдэнэс Тавантолгойн шинээр байгуулагдах охин компанид хариуцуулж, 30 хувь дээр нь хувьцаа гаргах хувилбарыг тогтоолд тусгасан. Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой”-н нийт үйлдвэрлэлийн 60 гаруй хувь нь явагддаг, сайн чанарын коксжих нүүрсний 795 сая тонн нөөцтэй хэсгийн тусгай зөвшөөрөл “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-т шилжсэн түүхтэй. Гэхдээ анх тооцоолсон 6 орчим тэрбум ам.долларын хувьцааны тооцоолол өөрчлөгдөж, зөвхөн “Эрдэнэс Тавантолгойн Майнинг”-ийн 30%  дээр 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг бирж дээр босгох төлөвлөгөөгөө  танилцуулж  байсан.
 “Эрдэнэс Тавантолгой” компанийн  2018 оны цэвэр ашгаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам барих шийдвэрийг хэн гаргасан нь  одоо ч ойлгомжгүй. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл үү, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ үү, аль эсвэл “Эрдэнэс Монгол” гэдэг нь тодорхойгүй түүх болон үлдсэн. Энэ бүхний ард асар их ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явагдаж байжээ. Тухайлбал тухайн Үндэсний аюулгүй байдлын IPO хийх далбаан доор намирч байсан баялгийн наймаанд бие сэтгэлээр оролцсон байж болзошгүй байгаа юм.
Жишээлбэл : БНХАУ-ын Ардын армийн зэвсгийн нөөцийг бүрдүүлэгч “China north indusrties Co.,Ltd” буюу “Norinco group” компани “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэн суучихсан гэж хэлж болно. Тодруулбал, “Norinco group”-ийн охин компани болох “Норинко интернэшнл” компани нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 956 тэрбум төгрөгийн оффтейк гэрээ байгуулсан. “Норинко интернэшнл кооперэйшн” компани нь “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 1.3 их наяд төгрөгийн 3.0 сая тонн нүүрсний оффтейк гэрээ байгуулсан.  Мөн “Norinco group”-ийн бас нэг охин компани болох “Нормаунт” ХХК нь “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК-тай хамтран 2021 оны арваннэгдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Цанхийн зүүн уурхайн олборлолтыг гүйцэтгэх 2.2 их наяд төгрөгийн тендерт шалгарсан.
Түүнчлэн, “Norinco group”-ийн хөрөнгө оруулалттай “Тахилт хайрхан транс” ХХК 2019 онд Засгийн газартай Тавантолгой-Ханги чиглэлийн 477 км хатуу хучилттай автозамын концессын гэрээ үзэглэсэн.
     Хамгийн ноцтой нь, зэвсэг үйлдвэрлэгч “Norinco group” охин компаниудаараа дамжуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-д эзэн сууж, нүүрсний бизнес хийж эхлэхэд нь УУХҮ-ийн сайд асан, одоогийн Хотын дарга Д.Сумъяабазар тусалсан байж болзошгүй хардлага байгаа. Жишээ нь, “Norinco group”-ийн хөрөнгө оруулалттай “Тахилт хайрхан транс” ХХК-ийн концессоор хэрэгжүүлж буй Тавантолгой-Ханги чиглэлийн 477 км хатуу хучилтай автозамын ажил нь таван багцтай. Гэтэл Хотын дарга Д.Сумъяабазарын хадам эгч Ч.Мичидмаагийн “Пи Си Пи Пи” ХХК нь тус замын III багц буюу 73.7 км замын ажлыг гүйцэтгэж буй. Ингэхдээ зөвхөн нэг багцын ажлыг 50 гаруй сая ам.долларын санхүүжилтээр гүйцэтгэж байгаа гэх. Эндээс, Д.Сумъяабазар УУХҮ-ийн сайд байхдаа “Тахилт хайрхан транс” ХХК-д Тавантолгой-Ханги чиглэлийн концессын гэрээг өгч, хариуд нь хадам эгчийнхээ компанид асар их санхүүжилттэй ажил авч өгсөн дүр зураг харагдаж байгаа юм.
Тэгвэл Засгийн газраас нэр бүхий 9 оффтейк гэрээг ил болгож, ААН-үүдийн нэрс, гэрээлсэн нөхцөл тодорхой болсон ч үүний цаана хэд хэдэн гэрээ нууцаас гаралгүй үлдээд байна. Нуухаа авах гэж нүдээ сохлохын үлгэрээр БНХАУ-ын “Glory town holdingslimited” /Norinco/ компанийн байгуулсан оффтейк гэрээ нууц хэвээрээ үлдээд байна. Албан мэдээллээс харвал БНХАУ-ын “Норинко” компани нь одоог хүртэл зэвсэг үйлдвэрлэдэг. Ингэхлээр Д. Сумьяабазартай холбоотой эл гэрээнд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл буюу ерөнхийлөгч асан Х.Баттулга, одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Гомбожав Занданшатар нар үзэглэсэн байдал ихээхэн анхаарал татаж байна. Хамгийн ноцтой нь зэвсэг үйлдвэрлэн наймаалдгаар дэлхий дахинд алдаршсан компанитай оффтейк гэрээ байгуулсан болоод тус оффтейк гэрээг бусад 9-н гэрээний хамт зарлахгүйгээр авч үлдсэний цаад учир шалтгаан хаана хөвөрч явна вэ? Залуу үе ирсэн гэх тодотголтой ам хуурайгүй, чөлөө завгүй шүгэл үлээж буй ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Норинко компанитай байгуулсан оффтейк гэрээний асуудалд яагаад нүдэн балай чихэн дүлий мэт аяглаж байгаа нь нэгэн томоохон хэргийн сэжүүр болох хардлагыг төрүүлж байна. 
Мэдээж Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрыг буй биеэрээ хамгаалж яваа торгон цэрэг болох хууль зүйн сайд Х.Нямбаатар хотын дарга Д.Сумьяабазартай халаас нэгтэй явсныг сануулах нь зүйтэй биз ээ. Тодруулбал хууль зүйн сайд Х.Нямбаатар, Монголын спорт барилга байгуулалтын холбоонд хамтран хувь эзэмшиж байсан. Түүнчлэн Д. Сумьяабазар Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай Баянгол зочид буудалтай халаас нэг байсан түүх ч бий. Тэгвэл Төлөгний үс төлжиж, хурганы үс гуужив гэгчээр Д.Сумьябазарын хил хязгааргүй шунал Монголыг умард руу зөөх оролдлогоор үргэлжилсэн байж болох баримт байна.
БҮХЭЛ БҮТЭН ГОВИЙГ ХУВААН ХАЛААСЛАХ ГЭЖ БАЙНА.
Өмнөговийн баруун зүүн хоёр талаар боомт нээж, уурхайн үйл ажиллагаа явуулснаар нэгэн аймаг шороо тоос, ган гачигтаа нэрвэгдсэн. Гэтэл Борзонгийн говийг дайруулан 270 км хүнд даацын авто зам барьж, Монголын хүйс гэгддэг “Цагаан дэл уул”-аар шинэ боомт нээх гэнэ. Ханхонгор, Хүрмэн, Номгон сумыг дайрах эл 270 км замыг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат нь Шэн Янь Жун Бао ХХК-ий эзэнтэй хамтран барихаар концессийн гэрээг 2018 оны 12 сарын 04-ны өдөр Засгийн газартай байгуулжээ.  Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурсан хүн нь Үндэсний хөгжлийн газрын дарга, Д.Сумьяабазарын итгэлт хүн болох Б.Баярсайхан. Тэгвэл тус үйл ажиллагаа хэдийн эхэлсэн ажээ. Тодруулбал Шэн Янь Жун Бао компани боомт барих мөнгийг Монголын талд шилжүүлсэн.   Боомтын бүтээн байгуулалтыг Сумьяабазарын төрсөн дүү Сэржбүдээ, Сэнгээгийн Батмөнх  нарын Үлэмж компани барихаар болжээ.  Цагаан дэл уул-ын боомт руу тавих 270  км зам барих 258 сая 26 мянган ам долларыг Ундрамын аав Чинбат “Ундрах говь” компаниараа барина хэмээн концессийн гэрээнд тусгажээ. Уг замаараа ашигт малтмал тээвэрлэсэн ачааны тонн тутмаас 0.8 цент доллартай тэнцэх хураамж аваад зам дагуу үйлчилгээний зориулалттай 10 ширхэг байгууламж барьж түүнээсээ ашиг олно. Замаас олсон ашиг орлогыг гадаадад шилжүүлэх, гадаад шилжүүлэн авах эрхтэй гэж концессийн гэрээндээ тодорхой заасан байдаг.  Тэгвэл хамгийн ноцтой нь Өмнөговийн урд сумдад өдгөө 60 гаруй Хятад эзэнтэй компаниуд лиценз эзэмшиж байна.  Зам ашиглалтад орохыг тэд л хамгийн их хүсэн хүлээж байгаа.  Харин бид тэднээр хүйсээ таслуулж нэгэн аймгаа сүйтгүүлэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна.  Ургаараа удмаараа улсын төсөв рүү нүүж болно. Бид тэвчсэн. Харин ураг удам, хань хамсаатнаараа улсын эрдэнэт баялаг болсон эх нутаг, ариун дагшин газар шороогоо шуналын золиос болохыг тэвчихгүй.
Монголчууд бөхөө хайрлаж, бөхөөрөө үлгэр жишээ авч үр хүүхдээ өсгөж ирсэн. Гэтэл Монгол бөхийн нэгэн үеийн цуут аварга нутагаа тонох нүглээ хурааж суугаа гэх хардах эрхийнхээ хүрээнд Баялгийн хулгай цувралаар хотын дарга Д.Сумьяабазарын сэжиг бүхий баримтууд, хань хамсаатнуудаас түүвэрлэн танилцууллаа. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1