surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Тендер түүж тэнхээ суусан, зээл авч зэрэг нэмсэн бидний мэдэхгүй С.Бямбацогт

Тендер түүж тэнхээ суусан, зээл авч зэрэг нэмсэн бидний мэдэхгүй С.Бямбацогт

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өөрийн эзэмшлийн компаниудаараа дамжуулан, тендер түүж, зээлд гаршиж, нөлөөллөө бэхжүүлж ирсэн байж болох баримтыг танилцуулж байна. УИХ-ын гишүүний суудалд гурвантаа заларч, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан өдгөө улс төрийн хүрээнд ам дамжин яригдах болсон “Ховд бүлэглэл”-ийн нэгэн том гишүүн С.Бямбацогт. 
ЖДҮ гэж шуугилдаж, улстөрчдөөсөө хариуцлага нэхэж байх үед ажлын хариуцлага тойрох биш түүнийг дайран өнгөрсөн. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Хөгжлийн банк болон Чингис бондын мөнгөнөөс санхүүжилт авсан баримт бидэнд байна. Тэрээр
Алтай трест ХХК
-Алтайн зам ХХК
-Эс Би Холдинг ХХК
-Нью Минерал ХХК
-Мост интернэйшнл ХХК зэрэг таван охин компанитай Нью прогресс группийн жинхэнэ эзэн.  Тухайлбал, тус группийнхээ нэрээр 2016 онд Хөгжлийн банкнаас 10,3 тэрбум төгрөгийн зээл авсан бол тус компанийхаа охин компани болох “Алтайн зам” ХХК-аараа дамжуулан 21,5 тэрбум төгрөгийн зээлийг авсан байна. Мөн түүний Хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-тээ хувь эзэмшдэг хэмээн дурдсан Говь компани 2016 онд Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээлийг хоёр удаа авсан бол Гоёо ХХК 20,3 тэрбум төгрөгийн зээлийг тус тус авчээ. Говь, Гоёо компаниудад тэрээр хувь эзэмшдэг гэдгээ ХОМ-доо ч дурдаж ирсэн.


Түүгээр ч зогсохгүй түүний эзэмшлийн “Нью прогресс” групп Чингис бондоос ч санхүүжилт авч байсан нь ил болов. Чингис бондын мөнгийг арилжааны банк болон Сангийн яамаар дамжуулан олгосон байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эзэмшдэг “Нью прогресс” групп болон түүний охин компаниуд нь 6,1, 19,3 тэрбум төгрөгийн зээлүүдийг тус тус авч байжээ.
Түүний ХОМ-доо тодорхой хувийг нь эзэмшдэг гэх Говь ХХК болон Гоёо ХХК-иуд ч мөн Чингис бондоос 13,2 тэрбум төгрөгийн зээл авчээ.
Ховд аймгаас УИХ-ын гишүүнээр ГУРАВ дараалан сонгогдож, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ХЗДХ-ийн сайдын албан тушаалыг хүртэл хашсан эрхэм нэгэн үе ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой нутаг ус нэгтэй  гэдгээрээ төрийн аливаа ажилд давуу эрх эдэлдэг гэх яриа хөвөрдөг байв. Эдүгээ бол тэр өөрөө хүч сууж, жил бүрийн төсөв дээр хувийн бизнестээ багагүй мөнгө суулгадгаараа алдартай болсон.
Тухайлбал, С.Бямбацогт  2019 оны улсын төсвөөс 42.2 тэрбум, 2020 оны улсын төсвөөс 53.1 тэрбум төгрөгийг ХУВИЙН БИЗНЕСТЭЭ ШИНГЭЭСЭН байж болох баримтыг нэхэн танилцуулья. 
 С.БЯМБАЦОГТЫН ЭРХ ДҮҮ НАР ТӨРИЙН МӨНГӨӨР ДУРГИЖ БАЙНА.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт ЗУРГААН ДҮҮТЭЙ. Эдгээр дүү нараасаа С.Баянчулуун, С.Баянмөнх, С.Балжинням нартай хамтран “Ньюпрогресс” группийг үүсгэн байгуулсан.  С.Бямбацогт гишүүн 2016 оны ХОМ-тээ “Ньюпрогресс” группийн хувьцаа эзэмшигчээр өөрийгөө бүртгүүлсэн. Тэрбээр уг группийн үүсгэн байгуулагч юм.
Эх сурвалж: УБЕГ
Тэрбээр 2016 онд “Ньюпрогресс” группийн хувьцаа эзэмшилтээ Бямбацогт овогтой Билгүүн рүү  шилжүүүлж, өөрийгөө хассан байдаг. Эдүгээ “Ньюпрогресс” группийг С.Бямбацогтын төрсөн дүү С.Балжинням удирддаг.
“Ньюпрогресс” групп нь “Алтайтрест” компанийн албан ёсны хувьцаа эзэмшигч. Эдүгээ С.Бямбацогтын төрсөн дүү С.Баянчулуун “Алтайтрест” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Эндээс “Ньюпрогресс” группийг төрсөн дүүгээрээ удирдуулж, төрсөн хүүгээрээ дамжуулан хувьцааг нь эзэмшдэг С.Бямбацогт нь “Алтайтрест” компанид шууд хамааралтай нь нотлогдож байгаа юм.

Энэ удаа бид зөвхөн “Алтайтресс” компани руу ТЕНДЕР, КОНЦЕСС хэлбэрээр улсын төсвөөс 2019,2020 он буюу хоёр жил дараалан орсон мөнгөн дүнгүүдийн мэдээллийг хүргэж байна. Мэдээллийг боловсруулахдаа ГҮТГЭХ зорилго агуулаагүй бөгөөд Улсын бүртгэл, ХОМ, Тендерийн дата сан, Улсын төсвийн мэдээллийг ашиглан бэлтгэв.
 “Алтай трест”  концессоор 67.7 тэрбумыг төсвөөс авсан ч 14.1 тэрбумын үлдэгдэлтэй
С.Бямбацогт ХЗДХ-ийн сайд байхдаа “Алтай трест” компанийн “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлуулсан байдаг. Гэвч 2020 онд уг концессын төсөвт өртгийг 81.8 тэрбум болгон нэмэгдүүлэн батлуулсан. Ингэснээр С.Бямбацогт гишүүн концессоор 2019 онд 37.2 тэрбумыг авч, 2020 онд 30.2 тэрбум төгрөгийг дахин төсөвлүүлсэн.  
2022 онд үлдэгдэл 14.1 тэрбум төгрөгийг авах байсан. Төсөвт өртгийг нь 2021 онд 3.6 тэрбумаар нэмэгдүүлсэн үйлдлээ дахин давтсанаар уг мөнгөн дүн өсчээ


Зөвшөөрөгдсөн дүнгээс 7.3 тэрбумаар нэмсэн санал өгч ялснаар 21.1 тэрбумыг төсвөөс авах болзлоо хангасан.
“Алтайтрест” ХХК-ийг https://www.tender.gov.mn/ цэснээс шүүж үзэхэд “Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Үенч дэд станцыг өргөтгөх төсөл”-д гүйцэтгэгчээр шалгарсан байдаг. Анх 2017 онд зарлагдаж байсан уг төслийн нийт санхүүжигдэх өртөг 13.8 тэрбум байсан ч “Алтайтрест” компани 21.1 тэрбумаар гүйцэтгэх санал өгч, шалгарсан нь анхаарал татдаг.
Тендерт аль бага санал өгсөн нь ялдаг жишиг бий. Гэтэл “Алтайтрест” компани зарлагдсан дүнгээс 7.3 тэрбумаар өгсгөсөн санал өгөөд, ШАЛГАРЧЭЭ. Уг төслийн гүйцэтгэлд 2019 онд улсын төсөвт 5 тэрбумыг суулгуулсан бол 2020 онд 16.1 тэрбумыг суулгаж өгсөн.
Сонирхолтой нь, “Алтай трест” ХХК тендэрт ялсныхаа дараа Эрчим хүчний яамтай гэрээ хийгээгүй байхад шууд төслийн гүйцэтгэлээ эхлүүлснээс маргаан үүссэн.  Тэгэхдээ 2020 оны төсөвт 16.1 тэрбумыг суулгуулсан нь С.Бямбацогтыг ямар хэмжээний лоббичин болохыг  харуулна.


“Алтайтрест” 5.8 тэрбумаар тендерт ялаад, 700 саяар өсгөж, төсөвт суулгуулжээ
“Алтайтрест” ХХК дээр дурдсан баримтуудаас харахад, 2020 оны улсын төсвөөс концессоор 30.2 тэрбум, тендерээр 16.1 тэрбумыг тус тус авахаар байгаа. Үүн дээр  нэмж Увс аймгийн Наранбулаг сумын  төвийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугмын тендерийг гүйцэтгэх юм. Түлхүүр гардуулах нөхцөлтэй зарлагдсан уг тендерийн гүйцэтгэл 90 хувьтай явааг Сангийн яамны доорх мэдээллээс харж болно. Мөн л уг тендер анх 5.8 тэрбумын төсөвт өртгөөр тендерт шалгарсан хэдий ч 6.5 тэрбум болж, 700 сая төгрөгөөр зардлаа нэмжээ.
95 СУМЫН 14250 ХҮҮХДИЙГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ МӨНГИЙГ ХУВЬДАА ХАЛААСАЛСАН 
УИХ-ын гишүүн болохын тулд тойрогтоо календарь, хэдэн кг гурил будаа тарааж, орон нутгийн телевизээр хэд гараад ерөнхийдөө царай төрхөө дасгаж, тэрбум төгрөгөөр сонгуулийн шоу хийсэн С.Бямбацогт хувийн компанидаа 95 тэрбумыг төсвөөс оруулан ажиллажээ. Үүнийг л улстөрийн нөлөөгөө ашиглаж, ХУВИЙН БИЗНЕСЭЭ ТЭТГЭХ гэж хэлээд байгаа юм.
Хөдөөгийн нэг суманд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг 1 тэрбум төгрөгөөр барьчихдаг тооцоо бий. Ийм тооцооллоор хөөвөл, С.Бямбацогт гишүүн 95 суманд цэцэрлэг барьж, 14.250 хүүхдийг цэцэрлэгжүүлэх боломжтой мөнгийг ХУВИЙН КОМПАНИДАА маш боловсон аргаар авчээ. Ашгаа улам өсгөхийн тулд тендер, концессынхоо төсөвт өртгийг жил бүр өсгөсөн дүнгээр суулгуулсаар ирж.
Эрх нөлөөгөө ашиглах замаар хувийн бизнесээ өргөх боломж төрийн ордонд л байна.  С.Бямбацогтод хамаарах зөвхөн нэг компанийн түүх нь ийм. 2008 онд парламентад суусан түүхээс нь хойш ухвал үүнээс илүү их зүйл гарна. Түүнчлэн төрсөн дүү нарынхаа компаниудад тендер, лицензийн шахаа хийж ирсэн нь удаа дараагийн баримтаар нотлогдож байна.
Үргэлжлэл бий...

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1