“Эрдэнэ Монгол”-ын толгой компани нь Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент”. Харин тус компани энэ оны нэгдүгээр сард, “Монголиан Майнинг Корпораци” буюу ММС компанитай хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэжээ.
Ингэхдээ, ММС нь “Эрдэнэ Монгол”-д гурван удаагийн үе шаттайгаар 40 сая ам.долларын хөрөнгө оруулахаар болсон байна. Хариуд нь “Эрдэнэ Монгол”-ын хувьцааны 50 хувийг ММС эзэмшихээр тохиролцоонд хүрсэн.
Дараах гурван үе шат дамжлагаар тэд ховдоглоно.
Шинэчилсэн ТЭЗҮ болон уурхайн ашиглалтын төлөвлөгөөг батлуулах явцад 5 сая ам.доллар
Дараа нь урьдчилсан бүтээн байгуулалт, хайгуулын ажлыг цэглэх ба энэ шатанд 5 сая ам.доллар
Ингээд уурхайн барилгын ажил эхлэх суурь нөхцөлүүд бүрдсэний дараа үлдэгдэл 30 сая ам.долларыг оруулах юм байна.
ММС-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл энэ талаар “Бидний хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт шинэ боломжуудыг нээнэ. Эдийн засагт оруулах өгөөжийг улам нэмэгдүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлснийг “Mining Technology” хэвлэл онцолжээ. Харин “Эрдэнэ Ресурс Девелопмент”-ийн Гүйцэтгэх захирал Питер Акерли “Энэ нэгдэл манай компанийг өөрчилж, Баянхөндийн алтны нөөцийн түгжээг тайлах тодорхой замыг нээж байна” гэсэн нь анхаарал татсан юм.
Эндээс бид MMC-ийн охин компаниудын сүлжээ ба MCS группийн холбоо хамаарлын талаар нэхэн судалтал:
ММС бол “Энержи ресурс”-ийн толгой компани. “Энержи ресурс”-ийг анх 2005 онд MCS Holding компани үүсгэн байгуулсан байдаг. ММС-ийн охин компаниудын сүлжээнд Ж.Оджаргал, Ж.Од, Г.Батцэнгэл нарын нэр бүртгэлтэй байна.
Тодруулбал, ММС-ийн “Mongolian Coal Corporation” гэх нэг охин компани Люксембургт бүртгэлтэй, оффшор бүсэд. Харин тус компанийн хувьцаа эзэмшигчид дотор “Энержи Ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлээс гадна Ж.Одыг 2019 онд төрсөн хэмээн бүртгэчихсэн байсан. Энэ нь “Нэг настай монгол оффшорчин” нэрээр гадаадын хэвлэлүүдээр хэсэг шуураад мартагдсан. Түүнчлэн “Энержи ресурс”-ийн эцсийн өмчлөгчөөр MCS-ийн Ж.Оджаргал бүртгэлтэй байдаг байна.
ДАМПУУРАЛД ХӨТЛӨӨД ДАМПУУРЛААС АВАРЧ БУЙ БААТАР
Эргэн сануулахад Эрдэнэс Монгол ХК нь хөгжлийн банкинд 152 тэрбумын зээлийн асуудалтай болсон нь MCS групптэй нэр холбогддог. Учир нь Ухаа худгийн нүүрсний орд газраас Гашуунсухайт хүртэлх зам барьснаас шууд хамааралтай. Тодруулбал тус замыг MSC группийн охин компани болох Говийн зам ХХК концессийн гэрээнд нэр огноо нь тодорхой дурайж үлдсэн байдаг. Ингэхдээ 2011 онд ашиглалтад оруулж, 2021 онд хүлээлгэж өгөх байсан. Гэвч 2013 онд хэлсэн үг, хийсэн ажлаасаа ухарсан юм. Тэгэхдээ тэрбээр даргаар нь баалуулсан байдаг. Тодруулбал 299 тоот тогтоол гаргуулаад , тухайн үеийн ерөнхий сайд Ч.Сайханбилэг, эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай гэж дурайтал бичээд тушаалдсан байдаг. Ингээд төр ажлаа буцааж авахад MCS групп ажилласан замд барьсан хөрөнгөө Эрдэнэс Монгол ХК-аас нэхэмжилсэн. Төрийн шавхрууг ч гаргах боломжгүй болсон Эрдэнэс Монгол ХК ийнхүү хөгжлийн банкнаас 152 тэрбум төгрөгний зээл авсан. Ингэж л Ж.Оджаргал Эрдэнэс Монгол ХК-ийг өвдөг шороодуулаад , өдгөө алдагдсан лицензийн 50 хувийн худалдаж авлаа. Аврал мэт харагдах аугаа их шуналд барих барьцгүй туйлдсан Монголын төр гашуудмаараа.
Сонирхуулахад Эрдэнэс Монголын уг зээлийг "Эрдэнэс таван толгой" барагдуулсан.
MCS-ИЙН ШУНАЛ ИНГЭЖ ҮРГЭЛЖЛЭВ: ТАВАНТОЛГОЙН ОРД, ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ...
MCS-ийнхэн “Энержи Ресурс”-ээр дамжуулж Тавантолгойн консорцуимд орох гэж байсан нь 2015 он. Тавантолгойн ордыг яаж хөдөлгөхөө нийтээр ярьж, хэлэлцэж байсан цаг. Нөгөө л Люксембургт бүртгэлтэй “Mongolian Coal Corporation”-доо Тавантолгойн ашиглалтын эрхийг шилжүүлнэ хэмээн ярьж, толгой компаниудынх нь өрийг Тавантолгой төлчих эрсдэлтэй байсан учраас MCS хасагдаж байсан.
Дараа нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ч MCS-ийнхэн барих оролдлого одоо ч санаанд илхэн. Ингэхдээ MCS “Эрдэнэс Монгол” ХК-тай хамтарсан шигээ нэг ижил системээр Таван толгойг залгих оролдлого хийсэн юм. Нэхэн сануулбал “Энержиресурс рейл” гэж компани үүсгэн байгуулж, төмөр зам барих тохироог хийж, ажлаа эхлүүлж байгаад төсөл эргээд төрд шилжсэнээр “овоолсон шороо” болсон түүх.
Баруун наран, Цайхар худгийн ордоос ч тэд мөнөөх л “Mongolian Mining Corporation”-оороо дамжуулан нүүрс олборлож байгаа. Тэд банкны салбарт хөл тавьсан. “Цаг нь ирлээ” гэх слоган урдаа барьсан. Тэдний байгуулсан МБанкны төсөлд хамтран ажилласан БНСУ-ын Кбанк одоо манай газрын ховор элементийг давуу эрхтэй худалдан авах санамж бичигт гарын үсэг зурчхаад байгаа. Бүр 2022 онд, урт настай удаан жаргалтай баригдаж дуусаад байгаа Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг MCS худалдан авах санал тавьсан ч гэх мэдээлэл бий.
Гэвчиг Хөгжлийн банкны зээлээр тусгай хамгаалалттай газарт “АСЕМ Вилла” хотхон барьж, “Энержи ресурс”-ийнхээ бондын өрийг дарсан, оффшор компаниараа нүүрс олборлодог, Тавантолгойд урт хугацааны эрх ашигтай MCS-ийнхэн үлдсээр л байна. Тэд ерөөс дараагийн Засгийн газрын үед ч хүч нөлөөллөө хадгалж үлдэх өндөр амбиц зангиджээ.
Үргэлжлэхэд хэцүү нөхцөл байдалд орсон Баянхөндийн алтны уурхайн төсөлд тэд ийн хөл тавилаа. MCS орж ирлээ гээд “Эрдэнэ Монгол”-ын тарьсан балгийг баллуурдаж чадахгүй. Дуугарч, хөдөлж чадахгүй байсан ЗГ одоо эл төсөлд урьдын адил нүдээ аньчихвал MCS алтны уурхайтай болж, ирэх он жилүүдэд Монголын улс төр, бизнесийн салбарт хамгийн өндөр нөлөөтэй болох нь.
Түүнчлэн Монголын төрд тийрэн болтлоо зүтгэж буй ерөнхийлөгч асан Н.Багабанди Ж.Оджаргалтай ийнхүү тэврэлдсэн нь ч онц сонирхолтой, бас жихүүцмэээр ээ. Учир нь Оюутолгой ХК-ний ТУЗ-ийн гишүүнээс бууж үзээгүй, буухыг хүсээгүй Нацагийн Багабандийн Баярмаа “Баянхөндийн алтны төсөл”-д хуруу гараа дүрэх нь тодорхой болов.
Харин өдгөө "Эрдэнэ Монгол" ХХК-ийн улсын бүртгэлийг шалгаж үзвэл, захирлаар нь "Эрдэнэ Ресурс Девелопмент"-ийн удирдлага Петер Акерли бичээстэй байна. Б.Баярмаа өмнө нь Гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байсан юм. Энэ нь "Эрдэнэ Монгол"-оос явуулсан албан бичгүүд дээр баримт болон үлдсэн. Б.Баярмаа өдгөө нэрээ хасуулсан бололтой.
Гэхдээ дээр дурдсан, Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оруулах 7.5 тэрбум төгрөг дамжих учиртай "Хонгор тогтвортой хөгжил" ТББ-ын бүртгэлд Б.Баярмаа бүртгэлтэй байгаа юм.
Ийнхүү MCS-ийн тодотголтой Ж.Оджаргал, ерөнхийлөгч асан Н.Багабанди болоод түүний охин Б.Баярмаа нар гар нийлэн Баянхонгор аймгийн Баянхөндийд цианит натраар алт олборлох нь нэгэнт тодорхой боллоо.
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ