surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Эх хэлний соёл энд хүрээд төгсөв үү?

Эх хэлний соёл энд хүрээд төгсөв үү?

Өнгөрөгч долоо хоногт Боловсролын багц хуулийн анхны хэлэлцүүлэг болсон. Өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн Боловсролын тухай хууль  2002 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл нийтдээ 31 удаа өөрчлөлт оруулжээ. Боловсролын хуулийг дагалдан Дээд боловсролын тухай хуульд 11 удаа, Бага дунд боловсролын тухай хуульд 14 удаа, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд 6 удаа, мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулж байв. Тэгвэл энэ удаагийн шинэчилсэн найруулгаар боловсролын бүх түвшний хуулиудыг багцаар нь оруулж, уялдаа холбоог хангаж буйгаараа давуу талтай.

Манай улс 1990 оноос хойш анх удаа боловсролын бүх түвшний асуудлыг цогцоор нь тусгасан хуулийн төсөл боловсруулж,  сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын тухай хуулиудыг тус тусад нь баталсан нь хууль хоорондын уялдаа сул байсан учир уг хуулийг шинэчлэх гол үндэслэл болсон юм.

Тэгвэл уг хуулийн төсөлд оруулж буй шинэ заалтад

  • Багш мэргэжлээр өндөр үнэлгээтэй сурсан оюутныг төлбөрөөс чөлөөлнө
  • Боловсролын салбарт ажиллагсдын нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургана

гэсэн онцлох заалтууд бий.  Үүнээс бид Засгийн Газраас багш мэргэжил болон багш нарын ажиллах орчин хийгээд ая тухт ихээхэн анхаарч буйг харж болно. Учир нь Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 29-ний хуралдаанаар Монгол Улсад эрэлттэй, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт баталсан тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлж байсан. Энэхүү эрэлттэй, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн 34 мэргэжлийг сургууль, цэцэрлэгийн багш тэргүүлж , эхний 10 жагсаалтад салбар салбарын багш мэргэжил эгнэсэн байсан юм. Гэхдээ англи хэлний багш багтаагүй. Илүүдэх их англи хэлний багшгүй ч дутагдахуйц цөөхөн биш. Уг хуулийн шинэчилсэн төсөлд багш нарын чадавхийг сайжруулах гол зорилго буй гэж харж байна.

Ардчилал эхлэснээс хойш ч “орос ах нар”-ын школа-аар боловсрол эзэмшиж ирсэн бидний хувьд англи хэл байтугай эх хэлээ ч төгс эзэмшсэн нь цөөхөн. Адаглаад энд тэндхийн нэвтрүүлэг, контентын  нэр гарчиг харах хэрэгтэй. Жишээлбэл, залуусын хамгийн их үздэг “Хэдийнбэ?”, “Юмолжидий” зэрэг контентууд бий. Ярианы дуудлагаар бичиж гарчигласан уг үгийн зөв бичих хэлбэр нь “Хэд юм бэ”, “Юм олж идье” юм. Иймхэн зүйл мэдэхгүйдээ ингэж бичээгүй биз. Гэвч Z үеийнхэний дураараа авир эх хэлний хэрэглээ соёлыг хойш татаж эвдэнэ үү гэхээс урагш түлхэхгүй л болов уу. Харь хэлний үг эх хэлэндээ нэвтрүүлэн хэрэглэх нь “цус сэлбэж” байгаагаас ялгаагүй ч хэмжээгээ алдсан бүхэн утгаа алддагийн шижгээр эх хэлнийхээ соёлыг устгаж буй юм.  Монгол хүн бүр монгол хэлтэй боловч хэлний түвшин, үгсийн сан, өгүүлбэр зүйн бүтэц, түүгээрээ өөрийгөө илэрхийлэх чадвар өөр өөр. Хэдий эх хэл нь ч гэлээ бүрэн дүүрэн ойлгох, ярих атал бичгийн хэлгүй нь ч бий. Зөв бичгийн дүрэм маруухан, бүтэн өгүүлбэр, бүр цаашлаад хэд хэдэн өгүүлбэрээс хавсарсан нийлмэл өгүүлбэр бүтээх зэрэг чадвар хүн бүрт байгаад байдаггүй нь үнэн билээ. Чухамдаа бидний насаараа “ноцолдсон” англи хэлний эцсийн зорилго юу юм бэ?

Англи хэлийг нэг ч бай, гурав ч бай бага ангиасаа сурлаа гээд төгс академик боловсрол эзэмшихгүй. Ямар ч хэлийг хүн өөрийн хэрэгцээнд л эзэмшинэ. Гэвч бидний эх хэл төрөхөөс заяамал атал хүн амын дийлэнх нь бичгийн хэрэглээ таг дүлий. Зөв бичих, найруулан бичих, зохион бичих академик түвшний хэрэглээ үгүй. Гагц ярьж, сонсож, ойлгох түвшинд л бий.

Тэгвэл Англи хэлийг Монголын боловсролын үндсэн гадаад хэлээр хуульчлах талаар уг төсөлд тусгасан байна. Дэлхийн шинжлэх ухааны үндсэн хэл болох Англи хэлэнд бид ийнхүү ач холбогдол өгснөөр боловсролын чанарт томоохон өөрчлөлт орно гэж УИХ-ын гишүүн, хуулийн төслийг боловсруулсан, ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням үзэж байгаа юм. Гэтэл Монгол Улс 2025 онд “Хос бичигтэн” болох зорилт тавьсан. Уйгаржин монгол бичиг болон кирил үсгээр төрийн албан бичиг хөтлөх юм. Үүн дээр нэмээд англи хэл нь ч бас юу ч билээ дээ.

Иймэрхүү боловсролын системийн тоглоом шоглоомоосоо болоод монгол хэлний боловсролгүй шахам хүүхдүүдтэй, монгол хэлний боловсролгүй шахам төрийн албан хаагчидтай болчихоод байгаа хэрнээ  төрийн бичиг хэргээ хуучин монгол хэл дээр хөтөлнө гэдэг төрийг чадваргүй болгох, бодлого хийх ёстой мэргэжилтнүүдээ бичиг цаасаа хэдэн хэлд хөрвүүлж будилдаг баахан ложистик ажлын дарамтад оруулах нь. Үнэндээ бидний чадал чансаа, буй байгаа бодит потенциаль гэвэл нэгдүгээр ангиас англи хэл заах багшаа бэлтгэх биш бүр монгол хэлээ заах багш нараа бэлтгэх хэмжээнд байгаа. Зүгээр л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хамгийн наад зах нь 400 онооны босготой эх хэлний шалгалтад энэ жил 30 мянган шалгуулагч хамрагдсанаас 5000 гауй шалгуулагч бүдэрсэн. Үүнээс 36 хүүхэд 800 оноо авсан нь эх хэлний дархлаа ямар байгааг харуулж байна.

Удахгүй аль ч монгол хэлгүй болох гэж байж англи хэлийг аль хэлэндээ дүйцүүлэн сурах вэ? 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1